“Urban jeans” брэндийн ахлах дизайнер Б.Нямсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Гоёл-2016” наадмаас Өдөр тутмын чөлөөт хувцасны шилдэг дизайнер шагнал хүртсэн билээ.
-“Гоёл-2016” наадамд амжилттай оролцсонд юуны өмнө баяр хүргэе. Наадамд оролцсон үеийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Энэ наадамд амжилттай оролцоод өдөр тутмын чөлөөт хувцасны шилдэг дизайнер шагналыг авсандаа би болон манай хамт олон маш их баяртай байгаа. Миний хувьд “Гоёл” наадамд 2005-2007 он хүртэл гурван жил тасралтгүй оролцсон туршлагатай.
–Өмнө нь оролцож байхдаа ямар амжилт үзүүлж байсан бэ?
– Би 2003 оноос хойш 12 жил загварын чиглэлээр ажилласан. Өмнө нь “Говь” компанид ажиллаж байхдаа ноолууран пальтогоор оролцож 2006 оны шилдэг дизайнер, 2007 оны Гран при авч байсан.
–Өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. 12 жил загварын чиглэлээр ажилласан гэхээр их туршлагатай байж таарна. Хаана ямар сургууль төгсч байв?
-Би 2003 онд Дизайн урлагийн дээд сургуулийг Хувцас дизайнераар төгсөөд тэр жилийн хавраасаа эхлэн “Говь” компанид тасралтгүй ажиллаж байсан. 2015 оноос “Urban jeans” брэндтэй хамтран ажиллаж байна. Энэ компанид ажиллаад зургаан сар боллоо.
–Олон жилийн турш ноолууран хувцсаар загвар урлаж байгаад жинс рүү ороход ямар байна?
-Мэдээж энэ хоёр компанийн хувьд өөр өөрийн онцлог, ялгаатай. Хэрэглээний чанар, хэрэглэх хүрээ, үнэ гээд. Ноолууран хувцас тансаг хэрэглээндээ ордог бол жинс маань илүү залуу стильний, тоглож болохоор, шинэлэг талбар. Ноолууран хувцсаар тасралтгүй 12 жил ажиллаж байгаад жинс рүү ороход миний хувьд шинээр сурах, мэдэх зүйл их гарч байна. Сонирхолтой ч байна. Жинс залуулаг, өдөр тутмын байнгын хэрэглээ байж чаддаг учраас хүмүүст хүргэх нь өөр л дөө.
-“Гоёл-2016” наадамд оролцох гэж хэр их бэлдэв?
-Бид нар “Гоёл”-д оролцоно гэж төлөвлөөгүй байсан. Сарын өмнө Монголын дизайнеруудын холбооноос оролцооч ээ гэсэн санал, танилцуулга ирээд шийдвэрээ гаргасан. “Денимон” компани маань 2009 онд байгуулагдсанаасаа хойш жинсэн материалаар “Urban jeans” брэнд гаргаад нэлээд олны танил болчихсон байна. Тэр үүднээс Монголынхоо загвар, урлалын хамгийн том наадамд оролцож өөрсдийгөө сорихоор шийдсэн. Манай дизайнер Дөлгөөн бид хоёр сарын өмнөөс загваруудаа бэлдэж эхлээд, тус тусдаа бие даасан хоёр коллекц, хамтарсан нэг коллекцоороо оролцсон. Манай брэндийн зүгээс бараг 60 гаруй коллекц танилцуулсан даа.
–Ганцхан сарын хугацаанд тэр олон загварыг бэлдэж гаргана гэдэг нэлээд шаргуу хөдөлмөр шаардагдах байх. Бүх загваруудаа “Гоёл-2016” наадамд зориулж шинээр гаргасан уу?
-Бүгдийг нь шинээр гаргасан. Яагаад гэхээр “Urban jeans” брэндийн түвшинд хүрэхийн тулд дан ганц жинсэн өмд хийх бус нэр төрлөө олшруулж, бүх төрлийн үйлдвэрлэл явуулах ёстой. Манай компани голдуу өмдөөрөө дагнадаг, түүгээрээ монголчууддаа хүрээд эхэлсэн бол одоо цээж хувцас хийе. Яагаад жинсээр цамц, цув, пальто, куртка, үндэсний хувцас хийж болохгүй гэж. Шинэлэг содон загваруудаа “Гоёл-2016” наадамд танилцуулж, хүмүүст хүргэхийг зорьсон.
–Жинсээр урласан үндэсний хувцас өвөрмөц байсан. Үндэсний хувцсыг хоёр гурван төрлийн материал хослуулж хийдэг бол дан жинсийг будганд оруулж зах, эмжээр, товч шилбэ хийсэн нь үзэгчдэд ч онцлог санагдсан байх…
-Энэ материалын бас нэг давуу тал нь будганд оруулж, өөрчилж болдогт байдаг. Бусад хувцсыг оёж дууссаны дараа индүүдээд, цэвэрлээд хэрэглэгчдэд хүргэдэг бол жинсээр хувцас хийхэд оёж дууссаныхаа дараа цайралт хийх, будах ажиллагааг явуулдаг. Зун наадмын үеэр үндэсний хувцасны нэг коллекц гаргаж байсан. Тэр маань хүмүүст их таалагдсан учраас цагаан сараа угтаад дахин үндэсний хувцасны коллекцоо “Гоёл” наадамд танилцуулсан. Торго дурдан хүнд арай овор нэмдэг бол жинсэн үндэсний хувцасны загвар арай залуулаг харагдуулж байгаа. Жинсээ өөрөөр нь эмжиж, цайруулж материалынхаа онцлог дээр тоглосон.
–Их даргар материал болохоор шилбэ, эмжээр зэрэг нарийн ажиллагаа шаардсан хэсгүүдийг хэрхэн хийсэн бэ. Хүндрэлтэй байсан уу?
-Манайхан жинс гэхээр хуучны даргар зузаан жинс гэж боддог. Тэгвэл одоо үйлдвэрлэж байгаа техник, технологи нь хөгжчихсөн учраас торгоны холиотой жинс, силкэн жинс, нимгэн жинс гээд төрөл бүрээрээ гараад ирчихсэн. Материалынхаа шинж чанараар хооронд нь хослуулаад тоглочихож байгаа юм.
–Торгоор урласан үндэсний хувцас нэлээд үнэтэй байдаг. Тэгвэл жинсээр захиалж хийлгэвэл арай өртөг багатай гарах болов уу?
-Бид үйлчлүүлэгчдийнхээ худалдан авах чадвар, зах зээлийн үнэ зэргийг судлаад боломжийн үнэтэй гаргаж байгаа. Наадмын загварууд маань 34-56 мянган төгрөгийн хооронд байсан. Энэ загварууд маань ч тэр хавьцаа гарах болов уу.
-“Гоёл-2016” наадамд орсон өдөр тутмын хувцас, гадуур хувцасны коллекцуудад 80, 90-ээд оны загварыг тусгаж өгсөн шиг санагдсан. Та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу. Ямар онцлогийг тусгахыг хичээсэн бэ?
-Саяын өдөр тутмын хувцсаар шилдэг авсан загварууд маань “Confidence in blue”, “Цасан будраа” нэртэй хоёр загвар. Эхнийх нь классик стильний өдөр тутмын загвар. Сонгодог хувцас гэхээр пиджак, костьюм, цув, пальтогоор төсөөлдөг. Тэдгээр нь голдуу нимгэн даавуу, силк, драпан материалтай байдаг. Тэгвэл яагаад жинсээр сонгодог стиль гаргаж болохгүй гэж. Жинсээр сонгодог пиджак, костьюм хийснээрээ шинэлэг стилийг бүрдүүлж өгсөн. Мода дахин эргэх маягаар хөгждөг. Энэ загвар дээрээ яг одоо мода болоод байгаа 70, 80-аад оны буусан мөртэй стилийг оруулж өгсөн. Цасан будраа загвар нь 80, 90-ээд оны том мөртэй сул хэлхгэр пальтонууд, гадуур хувцасны коллекц. “Confidence in blue” классик стилийн загвар нь ажил хэрэгч залуусын жинсэн хослол байгаа.
–Загваруудынхаа нэрийг тайлбарлаач?
-“Confidence in blue” гэдэг нь жинсээр сонгодог стилийн загвар урлана гэсэн утгатай. Харин намар өвлийн загварыг харуулсан “Цасан будраа “ коллекц нь деним бүтээгдэхүүний өнгө цайралтын шинэ технологийг туршин нэвтрүүлж, уламжлалт хэвшмэл цайралтын технологийг шинэ түвшинд харуулснаараа онцлог. Ингэж цагаан, цэнхэр өнгөний хослолоороо цас бударсан өвлийг санагдуулахыг хичээсэн.
–Жинсээр урлахад тохиромжгүй хувцас гэж байгаа юу?
-Ер нь бараг байхгүй дээ. Хуучин сорочкан цамцыг, брюкин өмдтэй хослуулж өмсөнө гэх зэргээр хэвшмэл ойлголттой байсан бол одоо үед хольж өмсөх трэнд мода болчихсон байна. Сорочкан цамцыг сэмрэлттэй, сул жинсэн өмдөн дээр өмсдөг ч юм уу, брюкин өмдөн дээр сул ноосон цамц өмсөх жишээтэй. Жинснийхээ шинж чанараас хамаараад гоёлын даашинз ч хийж болж байна. Удахгүй “Urban jeans” маань брэндийнхээ түвшинд хөгжөөд нэр төрлөө олшруулаад ирэхээр яваандаа харагдана л даа.
–Хүмүүс нэг хэсэг жинс өмсөхөө болиод классик хэв маягийн хувцас сонирхож байсан бол сүүлийн үед эргээд трэнд болох хандлагатай байна. Ялангуяа “Urban jeans”-ийн загварыг залуус их сонирхох болжээ. Монголдоо жинсний загварын шинэ чиг хандлагыг тодорхойлж байна гэж хэлэхээр болж?
-Баярлалаа. Бид нар яг энэ чиглэлээр л ажиллаж байгаа. Монголдоо өөрсдийн чадах хэмжээнд хувцас загварын ертөнцөд хувь нэмрээ оруулж, “Денимон” компанийн “Urban jeans” брэнд монголчуудаа хувцаслах соёлд байлдан дагуулах загварыг гаргахын төлөө л ажиллаж байгаа. Яг энэ чиглэлээр улирал тутамдаа өөрсдийн шинэ коллекцоо танилцуулж, трэнд болгох, загварын чиг хандлагыг тодорхойлдог байхаар зорилго тавин ажиллаж байна.
–Та жинс гэхээр даргар бас торгон, силкэн гээд төрөл бүр байдаг гэж байна. Танайх тэгвэл материалаа хаанаас авдаг вэ. Түүхий материал аваад өөрсдөө боловсруулдаг уу?
-Монголд жинсэн материал хийдэг үйлдвэр хараахан алга. Бид Солонгос, Хятадаас татан авалтаа хийдэг. Түүхий жинс нь нэлээд хар бараан өнгөтэй ирдэг. Түүн дээрээ 3-4 өнгийг гарган авдаг. Арай цайвар, бүүр цайвар, цагаан, цагаан цэнхэр, цав цагаан гэх мэтээр гаргадаг даа.