Categories
мэдээ цаг-үе

Монголын сайхан эрчүүдийн нэг явсан аавыгаа дурсахуй

Би гэж нэг бээлийн чинээ жаахан амьтан аавынхаа ар нуруунд наалдчихаад, нуруугаар нь тас тэврэн улаан “Яав”-н дээр нь давхиж явснаа дурсах дуртай. Ганцхан би ч биш миний эгч, дүү нар бүгдээрээ аавын улаан мотоцикль дээр олон удаа тэгж давхисан даа. Урд банкин дээр хоёр нь, аавын ард гурваараа чихцэлдэнэ. Аав минь тээршаахгүй ээ, харин чиг хэдэн зулзагануудаа тэгж сундалдуулж аваад Хархираагийн амралт руу давхих дуртай байсан юм. Ямар ч хүнд аавынх нь бүх зүйл сайхан санагддаг байх. Надад ч ялгаагүй, өдгөө тавь гарсан над шиг охин нь аавынхаа тамхины үнэрийг ямар их санадаг гээч, тамхиных нь үнэр хүртэл тансаг сайхан санагдах үе ирдэг л юм байна. Зарим хүмүүс “Аав, та наад тамхиа…” гээд ярвайж байгаа байх. Тэгдэггүй л юм даа, өндөр тэнгэрт явчихсан хойно нь аав минь хажууд тамхиа татаад сууж байдаг ч болоосой хэмээн санагалзах үе мөн ч их ирнэ дээ. Миний хувьд хань ижил, үр хүүхэдтэйгээ бужигнаад, мэргэжлээрээ хэний ч дор орохгүй ажиллаж амьдарч л явна.

Гэхдээ бол ааваараа ямагт дутаж явдаг. Үр хүүхдэдээ үргэлж үгүйлэгдэж, тийм том орон зайг үлдээсэн нь аавын минь ямаршуухан том цараатай амьдарч байсных. Мөн Монголын сайхан хөвгүүдийн нэг, сайхан аавуудын нэг явсны илрэл юм. Миний аавыг Нанзадын Данзан гэдэг байлаа. 1921 онд Увс аймгийн Сагил сумын нутаг “Цагаан шувуут” гэдэг газар төрсөн юм. Айлын отгон хүүхэд. Найман наснаасаа 18 нас хүртлээ Увсын Түргэний хийдэд шавилан суусан хүн дээ. Аавтай минь хамт хүүхэд ахуйгаасаа эхлэн бурхан номын үйлд шамдан суралцсан хүн хэн гээч, Гаадан гуай шүү дээ. Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба явсан Гаадан гуайтай цуг 10 жил бурханы ном үзсэн хүн гэхээр миний аавыг хэн бурханы номгүй хүн гэх үү. Бид нар Гаадан гуайд үзүүлж харуулахаар очиход хамбатан “Танай аав надаас илүү номтой хүн.

Та нар надаас юу асуудаг юм” гэж жигтэйхэн цааргалж билээ. Соц нийгмийн үед аавынхаа лам явсныг ярих боломжгүй байлаа. Харин шинэ нийгэмд бол бид аавыгаа номтой, лам хүн байсныг нь ярилгүй яахав. Шашин номынх нь энэ цагаан мөр үр хүүхэд биднийх нь замыг ямагт засч явдаг гэдэгт бид итгэдэг.

Амьдралаас эргүүлж авчирч болдог юм гэж байдаг бол өнөөдөр аавтайгаа нэг ярьж суухсан. Намайг хүүхэд байхын хэл амтай, жортой охин байсан гэж аав ээж хоёр минь ярьдаг. Өнөөдрийнхөө байж байгаагаар бол тийм байсан байж магадгүй ээ. Тийм болохоор аавынхаа өөдөөс аягүй бол биеэ өмөөрсөн юм ярьж магадгүй. Тэр үед харин аав минь “Бүх зүйлд хэвийн хэмжээ байх ёстой шүү, Болороо” гээд тогтуухан хэрнээ нухацтай харцаар ярьж суух байсан болов уу. Миний аавын амьдралдаа баримталдаг алтан зарчим, үр хүүхэд бидэндээ захиж сургасан алт шиг үг нь ерөөсөө л энэ “Бүх зүйлд хэвийн хэмжээ байх ёстой шүү” гэдэг үг нь. Бидний зургаан хүүхэд, тэдний үр хүүхэд, ач зээ нарынх нь оюун санаанд аавын энэхүү “Бүх зүйлд хэвийн хэмжээ байх ёстой шүү” гэсэн үг нэвт шингэсэн юм. Аавын энэхүү данагар үгэнд амьдралын бүх философи багтсан байдаг. Ёс суртахуунтай бай, аливаа зүйлд битгий их шуна, өөрийгөө хянаж сур, цаг нь болбол амьдрал өөрөө бүгдийг зохицуулдаг… гэхчилэн ажил амьдралын маш олон ухагдахуун, гүн ухаан, ойлголт энэ хэдэн үгэнд бий. Бид аавынхаа яг л энэ сургаал үгийн хэмнэлээр ажиллаж, амьдарч яваа. Өнөөдөр энэ улстөрчид, сайд дарга нар, бизнесийнхэн гээд болж бүтэхгүй зүйлд нэр холбогдоод яваа хүмүүсийг зарим нэг хүн хар үгээр дүгнэж хэлэхдээ “Тэр ч карданаа татахгүй явсаар баларлаа даа” гэж байгаа дуулддаг. Энэ нь өөрөө миний аавын “Хүүхдүүд минь бүх зүйлд хэвийн хэмжээ байх ёстой шүү” гэсэн сургаал үгтэй агаар нэг сонсогддог юм.

Аавын шашин номын үйл нийгмийн аясаар 18 нас хүртэл нь үргэлжлээд тэгээд л шар шувталж улс нийгмийн ажилд ухамсарт амьдралаа зориулж эхэлсэн юм. Хүнтэй л ажиллаж сурсан хүн. Эхлээд аймагтаа артелийн нягтлан бодогч хийсэн байдаг юм. Дараа нь артелийнхаа орлогч дарга, жинхэнэ дарга, улмаар хоршоодын холбооны дарга, НААҮГ-ийн дарга, Модны үйлдвэрийн дарга, АДХГЗ-нд хэлтсийн дарга хэмээн өгсчээ. Тэтгэвэрт гарсан хойноо ч өндөр настны үйлдвэрт ажиллаж байсан юм. Зүгээр суухыг харин ч нэг үзэхгүй дээ. Аавын дэргэд байгаа хүн ажиллаж хөдөлмөрлөх л болно. Тааваараа, тэгж ингээд явна гэсэн ойлголт байхгүй.

Аав ээж хоёр маань 1955 онд гэрлэсэн юм. Миний ээж Х.Цэндсүрэнтэй ханилж зургаан хүүхэд төрүүлсэн нь өнөөдөр бүгдээрээ энх тунх, эрүүл саруул, эзэмшсэн мэргэжлээрээ салбар бүртээ амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж явна. Сайн эцгийн нэрийг хадгалах, удам угсааг нь сайнаар авч явах гэж айхавтар үнэ цэнтэй зүйл монголчууд бидэнд байна. Сайн эцгийнхээ ясыг өндөлзүүлэх гэсэн юм уу, чи хэмээн ахмадууд зэмлэдэг дээ. Энэ мөн айхавтар хатуу хэрнээ үнэн үг шүү. Сайн эцгийн үр хүүхэд болж төрнө гэдэг тэр чигээрээ ёс суртахуунтай байх асуудал. Амьдралд юу эс тохиолдохов, тэр бүгдтэй тулгарахдаа “Би чинь сайн эцгийн охин шүү дээ” гэж өөрийн эрхгүй бодогддог. Сайн эцэг гэдэг үр хүүхдээ үеийн үед ингэж амьдруулдаг байна. Яг л дэргэд минь байгаа юм шиг.

Н.Данзангийн зургаан охин хүн шиг яваа. Том эгч Д.Алтанцэцэг маань Барилгын зураг төсөл, уул уурхайн үнэлгээний “Золач” компанийн захирлаар ажиллаж байна. Удаахь эгч аялал жуулчлалын “Хариг трейд” компанийн захирал Д.Чимгээ гэж эмэгтэй бий. Дараагийн эгчийг минь Д.Цэцэгээ гэдэг “ЦЭЭТ” компанийг удирддаг. Дөрөв дэх эгч Д.Оюун Канад улсад ажиллаж амьдарч байна. Тэгээд би Д.Болормаа гэж Эрхүүгийн хуулийн сургууль төгссөн өмгөөлөгч, нотариатч хүн, гэр бүл, хүүхэд хөгжлийн төлөө “Нанзан Данзан” сан үүсгэн байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө, аавынхаа үйлсийг үргэлжлүүлэхээр буян үйлдэж явна. Отгон дүүг минь Д.Ичин гэдэг нийслэлийн аудитороор ажиллаж байна. Аавын зургаан охины үр хүүхэд, ач зээг тоолбол их тоо гарна.

Өнөөдөр аавынхаа амьдралыг эргээд бодохоор аав ер нь их үндэсний үзэлтэй, эх оронч, хэнхэг хүн байсан юм билээ. Аав одоо сэрүүн тунгалаг байгаад “Та мөн хэнхэг хүн байжээ” гэвэл юу гэх байсан бол оо. Намайг бага байхад ингэдэг байсан юм шүү дээ, улсын баяр наадмын нээлтийг заавал гэр бүлээ дагуулан явж үзнэ. Хэн нэг маань ямар нэг шалтгаанаар үлдэх гэвэл “Яаж байгаа юм, эх орны чинь баяр болж байна” хэмээн ширүүн харна шүү дээ. Наадмын нээлтийг заавал үзэх нь манай гэр бүлд тогтсон ёс. Бусад баяруудад ч тийм ёс төртэй, хүндэтгэлтэй хандана. Аав минь лам хүн байсан ч “Төрийн минь сүлд өршөө” хэмээн бурханчлан залбирдаг хүн байсан. Төрд тийм гүн хүндэтгэлтэй ханддаг хүн байсан. Намрын намарт аав бүх ажилчин, албан хаагчдаа гэр бүл, үр хүүхэдтэй нь дагуулан зугаалгаар хөдөө гарч амарна. Тэр үедээ ажилчдынхаа дунд дотнын найз нөхөр нь байж чаддаг. Энэ чинь Данзан дарга мөн үү гэмээр найралдана даа. Жилд ганц юмаа, тэр үедээ хамт олныхоо зовлон жаргалыг мэдэрч, хэнд нь ямар асуудал байна, түүнийг нь яаж шийдэхэв, яаж туслахав, хэнд нь хэдийд нь амралт чөлөө өгөх вэ гэдгээ хүртэл ойлгож авдаг, сэтгэл зүрхийг нь чагнадаг хүн байжээ.

Миний аавтай хамт ажиллаж байсан үеийнхэн нь, ер нь 1940-1990-ээд онд Улаангом хотод ажиллаж амьдарч байсан бүх хүмүүс аавыг маань сайхнаар дурсдаг. Аавынхаа найз нартай, үеийнхэнтэй нь уулзаж ярилцахаас би хэзээ ч цааргалдаггүй. Ямар ч чухал ажилтай байсан заавал уулзаж ярилцахыг боддог. Аавтайгаа уулзсан юм шиг сайхан байдаг юм. Сэтгэл сэргэсэн уулзалтууд тэр болдог.

“…Алдуул морь шиг гүйгээд ирэхэд

Аавын нутаг адуу шиг сайхан

Найдах хүнгүй халамцуу явахад минь

Найз нь таарах аянга шиг сайхан…” гэж Намсрайн Лутбаяр найрагчийн сайхан дуу байдаг даа. Яг л тийм сайхныг аавынхаа үеийнхнээс мэдэрдэг. Гэхдээ ялимгүй гунигтай. Гунигтай гэдэг нь… яагаад ч юм бэ аавтай минь хамт ажиллаж хөдөлмөрлөж, бужигнаж яралзаж явсан анд нөхдийнх нь тэнхлүүн сайхан явааг нь харахаар “Миний аав ингээд алхаж явахаар л байж дээ, арай ч эрт…” хэмээн бодогддог юм. Аавыгаа эрт үдсэн хэн ч ингэж л боддог биз дээ. Гэхдээ хэн ч бай гарцаагүй ирэх үйлийн үрийг яалтай ч билээ дээ.

Аавтайгаа байсан он жилүүд мөн ч жаргалтай даа. Манай нутагт намар орой болонгуут айл айлаас шинэ ногооны шөл үнэртэж (жаахан түлэнхийдүү) хүүхдүүд бид нар гадаа тоглож, хоолоо идээрэй гэж олон дуудуулж байж ордогсон. Манай Увсад социализмын үеэсээ аймгийнхаа төвд ойрхон, Хархираа, Цүнхэг, Хар Тэрмэс гэсэн амралтын газруудтай. Аав гэрийнхнээ бүгдийг нь дагуулаад баяр бүрээр Хархираагийн амралтад очно. Мартын 8, Майн-1, наадам гээд бүгдээр нь шүү дээ. Галд нойтон гишүү чад пад хийн дуугарч, бид тойроод суучихсан гараа ээн дулаацангаа аавынхаа сонин сайхан яриаг сонсон суудагсан. Хажууд Хархираа голын сүр жавхлант дуу чимээ, харгиа нь сонсогдоод. Жаргалтай хүүхэд нас аа гэж.

Намайг гуравдугаар ангид байхад туранхай юм гээд мотоциклиороо очиж авдаг байв аа, миний аав. Би үнэхээр турь муутай хүүхэд байж билээ. Тэгэхдээ бас онц сурна. Наймдугаар ангид байсан байх аа, миний дээд талын эгч Оюун бид хоёр үзэлцлээ. Хоорондоо хоёр насны зөрүүтэй болохоор үе үе юм болно. Тэгээд аав руугаа утасдана, энэ намайг ингээд тэгээд гэхчилэн. Нэг удаа тийм л нэг маргаан болж хоёулаа аавын ажил руу утасдаж гомдол зарга болов. Гэтэл аав “Би ажилтай байна, орой очоод маргааныг чинь сонсъё” гэв. Орой ирээд аав ажил ихтэй гээд юм бичих зуураа “Та хоёр юу болсноо цөөн үгээр бичээд надад өг” гэлээ. Би өөрийнхөө зөв гэж бодож байсан тул үүнийгээ ойлгуулахын тулд “Миний хайрт аав аа” гэж эхлээд урт юм бичив. Харин Оюун эгч цөөхөн өгүүлбэрээр бичив. Аав уншчихаад “Миний охин яасан мундаг бичив ээ” гээд намайг магтлаа. Үүнд нь миний эгч жигтэйхэн шарлахаж уйлж билээ. Хожмоо намайг Эрхүүд оюутан байхад аав минь надтай байнга утсаар ярьж, захиа бичдэг байлаа. Захиаг нь хадгалсангүйдээ одоо харамсдаг юм. Захианд нь ямар сайхан сургаал үгс халамж, хайр шингээсэн байдаг нь одоо ч санаанд тодхон байна. Манай гэр бүлийн найз Цэдэн-иш ах, Цэвээн эгч хоёр минь тэгдэгсэн, танай аав бол хаштай цагаан гаанс шиг залуу байсан даа гэж. Хамгийн дотнын найз л хүнийг хамгийн үнэн хэлдэг биз дээ. Миний аав тэгтлээ нялцагнуур, зөөлөн, хүүхдээ эрхлүүлсэн хүн байгаагүй. Бидний нэг нь буруу зүйл хийвэл бүгдийг нь зогсоогоод хариуцлага тооцдог байсан. Чи хичээлдээ явахгүй шүү, чи ажилдаа явахгүй шүү гэхэд л бидний үнхэлцэг хагарах шахна. Тэгээд л өнөөх “Бүх зүйлд хэвийн хэмжээ гэж байдаг юм шүү” гэдгээ хэлнэ дээ.

Манай аймгийн даргаар олон жил ажилласан Баасанжав гэдэг дарга байдаг байлаа.Тэр даргын жолооч байсан Баттөмөр ах саяхан надтай таараад танай аав маш цэвэрхэн хүн байж билээ.Машинд суухдаа хоёр гутлаа хавсраад, шавхайгаа арилгаж байж суудагсан гэж байна лээ. Миний ээжийн найз тэр үед оёдлын артельд ажиллаж байсан Сэндэн эгч саяхан аавыг минь дурсахдаа “Би мөн хөгийн хүн шүү, 16 настай охин Давст сумаас гуталгүй долоо хоног явган яваад ирэхэд миний хөл улаан нялга болчихсон байж билээ. Ингээд танай аав дээр орж оёдлын артельд ажилламаар байгаагаа хэлэхэд миний хөл рүү харж инээмсэглэснээ намайг гутлын тасагт оруулж билээ, бодвол намайг хамгийн эхлээд гуталтай болог гэж бодсон хэрэг. Би танай аавд насан туршдаа баярлаж явдаг, үр хүүхдүүддээ ч хэлдэг юм гэж ярьсан.

Ийм л сайхан аавдаа зориулж үр хүүхдүүд бид нар нь 2014 оны есдүгээр сарын 18-нд бид Увс аймгийн Улаангомын хийдэд суварга босгосон юм. Яагаад бид аавдаа суварга босгосон бэ гэвэл би нэг шөнө нойрондоо “Манай гэрт нэг лам хүн ирчихсэн аав ээж аав хоёртой минь ярилцаад, инээлдээд” байгаагаар зүүдэлсэн юм. Энэ үнэхээр зөнтэй зүүд байсан санагддаг. Ингээд ангийнхаа уулзалтад Увсад ирэхдээ Улаангомын хийд шинээр баригдаж байгаатай танилцсан. Хийдийн хашаан дотор байсан 5-6 суваргыг үзэж сонирхож мөргөсөн юм, нөгөө зүүдээ ч бодож аавдаа суварга босгохоор шийдсэн. Улаанбаатарт ирээд Чойжамц хамбатай уулзтал би есдүгээр сарын 18-нд Увсад очно, суварга босговол би аравнайлаад өгье гэлээ. Энэ завшааныг ашиглан Чойжамц гуайд баярласнаа хэлмээр байна. Суварга маань маш сайхнаар саадгүй бүтсэн дээ. Чойжамц хамбын туслах Бүрнээ, Лхагва, Увс аймгийн Улаангомын хийдийн хамба лам Балдорж, лам Хүрлээ, Анхбаяр, ”Зэндмэнэ Суварга” суваргын үйлдвэрийн захирал С.Цэдэвсүрэн нар маань их тус болсон доо. Мөн Увс аймагт амьдардаг хамаатан Цогтоо, Нямсүрэн нартаа баярлаж явдаг. Хоёр найз минь бүх зүйлд сэтгэлээ гарган тусалж, суварга бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Одоо ч аавдаа зориулсан суваргыг маань байнга эргэж тойрч, санаа тавьж байдаг. Аавын минь суварга өдгөө Улаангомын хийдийн баруун дээд хэсэгт төрөлх Сагил нутгийнхаа зүгт сүндэрлэн байгаа.

Аавынхаа амьдралын замнал, үүх түүхийг бичээд баршгүй. Манай аав Ж.Батмөнх даргын аав Жамба гуайтай их дотно байсан юм гэнэ лээ. Батмөнх даргыг мөн ч даруухан хүүхэд байж билээ, гэрийнхээ хаяанд ном уншаад л суудаг хэмээн ярьдагсан. Аав орон сууцанд амьдрах дургүй. Цаад санаа нь бид нарыг ажилд сургах зорилготойгоор, наанаа бол орон сууцанд агаар таарахгүй юм гэж яриад гэрт гарч билээ. Дэндүү энгийн амьдралаас агуу бүхэн урган төлждөг гэсэн философи миний аавд байлаа. Тэр л зарчмаараа ажиллаж амьдарсан хүн.

Энэ завшааныг ашиглан Увс аймгийн Сагил сумын нутгийн зөвлөлийн дарга Бат-Амгалан, удирдах зөвлөлийн гишүүн На.Сүхбаатар нарт нутаг усныхныгаа нэгтгэж, сэтгэл санаагаар байнга дэмжиж байдагт баярлаж явдгаа илэрхийлье. Нутгийн зөвлөл байх шаардлагагүй гэж үздэг хүмүүст хандаж хэлэхэд нутгийн зөвлөл байснаараа ах, дүү, хамаатан саднаа мэдэлцэж, ус нутаг, ураг садныхаа сайхныг мэдэрдэг юм шүү. Өөр олон сайн ажлыг нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг. Увс аймгийн Сагил сумын нутгийн зөвлөл 18 жил дараалан Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад амьдардаг Сагил сумыхнаа уулзуулсан. Энэ уулзалтад ирсэн хүн бүрийн сэтгэл цэлмэдэг. Маш сайхан энергийг эндээс авдаг. Тэдний дийлэнх нь аав ээжийн минь үеийнхэн. Хэнд ч аав ээжийгээ өтөл насанд нь сэтгэл амгалан байлгах шиг буян байхгүй. Энэ өдрүүдэд миний хувьд чадлынхаа хэрээр нутгийн буурлуудаа баярлуулж буян үйлддэг юм. Бид Сагил сайхан нутагтаа сайхан аав, ээжийн үр сад болж төрсөн азтай хүмүүс. Өдгөө бидний ямар явах нь бидний ухаанаас л шалтгаална. Тэрнээс аав, ээж минь бидэнд эрүүл саруул бие, эрдэм боловсрол бүгдийг өгсөн. Үүнээс илүү юуг бид буурлуудаасаа хүсэх билээ. Ухамсарт амьдралынхаа багахан хэсгийг ч болтугай төрж өссөн нутаг орныхоо сайн сайхны төлөө зориулах хүсэл эрмэлзэл надад бий. Ийм л агаараар миний бие Увс нутгийн зон олондоо хандаж нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Тэртээх XVII зуунд байгуулагдаж байсан тэрхүү номын авшигтай газар орон дээрээ эргэн сэргээгдэж байгаа Улаангомын хүрээнийхээ шүтээн бурхадыг бүтээх буяны их үйлсэд зориулан, хувь нэмрээ оруулж, сэтгэл зүрхнээсээ хандиваа өргөөрэй хэмээн уриалж байна.

Улаангомын хийдийн хандивын данс: Хаан банк 5830033988, Хас банк 5001145777 Голомт банк 6200002099, Төрийн банк 160000403280

Харилцах утас: 99452488, 99029675, 95482855

“Нанзан Данзан” сангийн үүсгэн байгуулагч, Увс аймгийн Сагил сумын уугуул, өмгөөлөгч

Данзангийн Болормаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *