Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Сонин бол хаана ч хүрдэг, дуртай цаг хугацаа, орон зайд уншиж болдог мэдээллийн анхдагч хэрэгсэл

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-УИХ-ын чуулганаар сонгуультай холбоотой хуулиудын төслийг хэлэлцэх үеэр сониноор сонгуулийн сурталчилгаа явуулахгүй гэх мэт зүйлүүд орж ирсэн нь олны анхаарлыг татсан. Харин чуулганы үеэр ойлголцож сониноор сонгуулийн сурталчилгаа явуулахыг нэмж тусгахаар болчих шиг боллоо. Ер нь иймэрхүү санаатай болон санамсаргүй байдлаар сонин руу дайрах явдал нэг бус удаа гарч байсан. Энэ нь ямар учиртай байдаг юм бол оо?

-Сонгуулийн хуулийг өөрчлөх дөрвөн ч төслийг өргөн барьчихаад байна. Тэр дунд эхэлж ажлын хэсэг нь байгуулагдсан Сонгуу-лийн нэгдсэн хуулийн төсөлд сониныг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байхаар орж ирсэн. Төслийн 78-ын 2.1-д “…гурван хэвлэлийн хуудас сонин тарааж болно” гэж байгаа юм. Гэхдээ энэ нь СОНИН бие даасан хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхээ хувьд сонгуулийн сурталчилгаанд оролцоно гэсэн ойлголт хараахан биш. А4-ийн цаасны эсвэл сонины форматаар нам, эвсэл, сонгуульд нэр дэвшигч сурталчилгааны материал бэлтгэж тараадаг. Үүнд илүүтэй хамаатай, үүнийгээ сонин гэж ойлго гэсэн заалт л даа. Та бидний яриад байгаа асуудал бол Сонгуулийн хуулийн төслийн 83, 84-т радио, телевиз, интернэт орчныг сонгуулийн сурталчилгаанд ашиглана гэж заасантай нэгэн адил сониныг бие даасан хэвлэл, мэдээллийн хэрэгслийнх нь хувьд тусгах тухай юм. Төслийг хэлэлцэх эсэхийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр энэ асуудал яригдаж ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа гишүүн төслийн 78 дугаар зүйлд заасан хэвлэмэл материал ашиглах хэсэгт сониныг нэмнэ гэдгээ илэрхийлсэн. Ажлын хэсэг энэ алдаагаа залруулна гэж итгэж байгаа. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг алагчилсан, ялгаварлан гадуурхсан хандлага ардчилсан нийгэмд байж таарахгүй.Тэр дундаа сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоог жигд бүрэн хангаж өгөх ёстой. Монголын ард түмэн Үндсэн хуульд заасан Төрийн эрхийг барих эрхээ үнэн хэрэгтээ дөрвөн жилд ганцхан удаа эдэлдэг. Энэ эрхээ эдлэхэд нь, сонголтоо хийхэд нь мэдээллээр хангах үүргийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гүйцэтгэдэг. Би телевизийн сэтгүүлч мэргэжилтэй ч хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дор бүрдээ өөрийн онцлогтой, нэг нь нөгөөгийнхөө дутууг нөхөөд явдаг давуу талтай, аль нь ч алинаасаа дутахгүй ийм л чухал хэрэгслүүд гэдгийг мэдэх юм.

Тухайлбал, телевиз үзэгчдээс зургаа дахь мэдрэхүйг ч шаарддаг өвөрмөц зэвсэг. Сонин бол хөлтэй. Хаана л бол хаана хүрдэг, олон дахин, дуртай цаг хугацаа, орон зайд уншиж болдог хэвлэл, мэдээллийн анхдагч хэрэгсэл. Энэ үүднээс л асуудалд хандах учиртай. Ер нь хэвлэл, мэдээллийн асуудлыг салбарын гэхээсээ илүүтэй улс орон, нийгмийн хүрээнд авч үзэх ёстой. Хамрахгүй асуудал, хүрэхгүй газар гэж хэвлэлд үгүй. Хэвлэл, мэдээлэл бол нийгмийн тусгал шүү дээ. Таны тавьж байгаа асуултад хэвлэл, мэдээллийн хэрэгслийг сүүлийн үед улстөрчид онилж олонхи хуульд боож хаасан заалт шургуулчихаад байгааг олж анзаарснаа хэлж байна гэж ойлгож байна. Тийм хандлага байгаа. Гэхдээ бүх хүнд бурууг тохож хавтгайруулж болохгүй. Энэ дашрамд хэлэхэд нийгэм, сэтгүүлзүй бүхэлдээ ямар ч асуудлыг хавтгайруулан буруутгах хандлагаар нэвт өвчилжээ. Үүнийг өөрчлөхгүйгээр саараа засаж, сайнаа дэлгэрүүлэх боломж хязгаарлагдмал байсаар байна. Урагшлах замдаа тээг тавиад байна гэсэн үг. Энгийн үгээр сайн муу, буруу зөв хамаагүй болж байгаа юм. Бүх юмыг ганц өнгөөр, тодруулж хэлбэл хараар л харна. Үүнийг далимдуулагчид дагаад завшаад байна шүү дээ. Тухайлбал, манай сэтгүүлчид энэ улстөрчид хэвлэлийг боолоо гэж нэлээд шүүмжилж байгаа. Их хурлын 76 гишүүн бүгдээрээ хэвлэлийн дайсан гэвэл хэтэрхий өрөөсгөл болно. Хэн нь хэвлэлийг гоочлоод байна, хэн хэвлэлийг дуулгавартай зарцаа болгох гээд байгааг илрүүлж байж энэ хандлагыг засна. Ер нь хэн нэг “хэтэрхий ухаантай” нөхөр л хөвөнд чулуу боосон байдаг. УИХ-ын чуулганаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” хэлэлцэгдэхээр энэ долоо хоногт орж ирж байна. Энэ хөтөлбөрт авлигатай тэмцэх соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл үнэ төлбөргүй хийх, хэвлэл, мэдээллийн байгууллагын аж ахуйн үйл ажиллагаа, гэрээ хэлцлийг нь ил болгох зэрэг байж боломгүй заалтууд орсон байсныг ажлын хэсэг хасчээ. Алдааг ажлын хэсэг засаад оруулж ирж байгаад талархаж байна. Гэхдээ “Чөлөөт хэвлэл, мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулна” гэсэн заалт байж л байна лээ. Энэ ярих ёстой асуудал мөн. Гэхдээ АТГ биш мэргэжлийн байгууллагын хийх ажил. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар төр хэвлэл, мэдээллийн хэрэгслийг удирдан чиглүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, тийм байгууллага байгуулахыг хориглосон байдаг. Энэ хуультай зөрчилдөж байна.

-Сүүлийн үед сайтыг л онцолж, сэтгүүлзүйн гол бүрэлдэхүүн мэтээр үзэж ташаардаг болчихож. Гэтэл сонин гэдэг зүйл байж гэмээнэ сайтууд оршин тогтнож цаашилбал сэтгүүлзүйн үндэс суурь болж, гол архив болдгийг мартаж болохгүй байх?

-Мэдээллийн технологийн хөгжлийн давуу тал бидэнд сайтыг бэлэглэсэн. Энэ сайн хэрэг. Харин үүнийг зөв ашиглах нь л чухал. Буруу ашиглавал сул тал болно. Сайт сонины суурин дээр оршдог гэдэг таны дүгнэлттэй санал нэг байна. Түүгээр ч зогсохгүй сонин хэвлэл мэдээллийн анхдагч зэвсэг. Телевиз үзэж, радио сонсохоос өмнө сонин уншиж байсныг хүн бүхэн мэднэ. Хэвлэл, мэдээлэл бол нэг нь нөгөөтэйгөө холбоотой, бие биенээ нөхдөг, түүнээс хамааралтай эрэмбэтэй, хоорондоо салшгүй холбоотой салбар гэж хэлээд байгаагийн учир энэ л дээ.

-Ер нь сэтгүүлчид рүү дайрах, буруушаах үзэгдэл их гарах юм. Манай сэтгүүлчид ажил ажил гэж гүйхээс биш өөрсдийгөө хамгаалж, эрх ашгаа хамгаалуулах тал дээр явдаггүй сул талтай юм шиг. Энэ бүхнээс харахад сэтгүүлчид нэгдэн өөрсдийгөө хамгаалах цаг иржээ гэж харах юм?

-Нэг үеэ бодвол нийтлэг эрх ашгаа хамгаалах, санаа бодлоо нэгтгэх тал дээр дэвшил гарсан шүү. “Өдрийн сонин” үүнд манлайлах үүрэгтэй оролцож байгааг би нэг биш удаа хэлж байсан. Сая хамгийн сүүлд С.Эрдэнэ гэдэг хүн өөрийгөө ил задгай шатаалаа. Тэнд байсан эмэгтэй сэтгүүлчдийн зүрх зүсэм дуу хэн хүнийг сэртхийлгэсэн байх. Хэвлэлийнхэн маань ийм л аюултай нөхцөлд ажилладгийн нэг л жишээ нь тэр л дээ. За энэ үеэр хэвлэлийнхэн рүү хэтэрхий дайрч давшилсан. Хүн шатаж байхад микрофоноо аваад байсан л гэнэ. Энэ айхавтар юм чинь баасан гаригт болсон. Би эмэгтэй хүн, Их Хурлын гишүүнийхээ хувьд маргааш нь гэмтлийн эмнэлэгт эргэж очсон юм. Эмчтэй нь уулзахад “Эрдэнэ гуайг өөрийгөө шатаах үед хажууд нь байсан хүмүүс хурдан арга хэмжээ авсан байна лээ. Хугацаа алдсан бол энэ хүний амь насанд аюул учрах байсан” гэж хэлсэн. ТВ9, NBS телевизийн зураглаачид галыг унтрааж, сэтгүүлчид цагдаа, гал, түргэн тусламж дуудаж шуурхай ажилласан байна лээ. Хэвлэлийнхэн маань иргэний болон мэргэжлийн үүргээ нэр төртэй биелүүлсэн. Би их бахархаж байгаа. Газар дээр нь байсан мэтээр хэвлэл рүү дайрч давшлан нэр хүндэд нь халдах гэсэн оролдлогод манай “Өдрийн сонин”, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд няцаалт өгсөн. Энэ нь бас л эв санааны илрэл юм. Цаашид энэ үйл ажиллагаагаа илүү зохион байгуулалттай, илүү бодитой болгох хэрэгтэй. Сэтгүүлзүй өөрийн эрх ашгаа хамгаалж байж бусдын эрх ашгийг хамгаалж чадна.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэж бий. Уг хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөг баталгаажуулах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг. Таны бодлоор уг хууль хэр хэрэгжиж байна вэ?

-Хэвлэлийн эрх чөлөө манайд хангагдаагүй гэж чадахгүй ээ. Хэвлэлийн хатуу цензуртай хоёр орны дунд байдаг улс гэж үзвэл энэ чиглэлд бид дэвшил гаргасан. Гэхдээ энэ шалгуураар хандвал ухралт болно. Манай улс чинь ардчиллын загвар орон болсон биз дээ. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний байдлыг газар нутгийн байршлын бус дэлхийн түвшинд авч үзэх ёстой. Эрүүгийн хуулийн гүтгэхтэй холбоотой 111 дүгээр заалт чинь манайхыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон болгоод дэлхийн дансанд оруулчихсан юм. Энэ хуулиар сэтгүүлчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцож олон сэтгүүлчийг торгож, ял эдлүүлснээс болсон хэрэг л дээ. Ихэнх оронд сэтгүүлзүйн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг иргэний хуулиар зохицуулж улмаар эвлэрүүлэн зуучлах арга хэлбэрийг илүүтэй ашиглаж байна. Энэ чиглэлд дэвшил гарч байгаа. Х.Тэмүүжин гишүүн санаачилж, Ц.Оюунгэрэл, Д.Лүндээжанцан зэрэг хэд хэдэн гишүүн идэвхийлэн ажиллаж гүтгэхтэй холбоотой заалтыг засч залруулж байгааг та бүхэн дуулсан байх. Ази, Номхон далайн орнуудын авлигын эсрэг семинар Улаанбаатарт болж олон чухал асуудал хэлэлцээд гаргасан зөвлөмжид “Авлигатай тэмцэхэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй ажиллах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх, эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхийн тулд гүтгэх, доромжлох хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байхыг зөвлөсөн.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхийг зарим улстөрчид зүйтэй гэж үзэж байгаа ч дахин сайн нягталж асуудал тус бүрээрээ санал асуулга явуулах ёстой гээд байгаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Асуудал бүрээр санал асуулга явуулах боломжгүй л дээ. Одоо мөрдөж байгаа хуулиар хоёроос илүүгүй асуудлаар л санал асуулга явуулна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэдэг итгэл үнэмшил ард иргэдэд бүү хэл УИХ-ын гишүүдэд ч алга байна. Өнөөдрийн энэ улс төрийн байдал, эдийн засаг, ард түмний аж амьдрал, сэтгэл санааны байдал бүгд Үндсэн хуулиас болоод байгаа гэж хэлээд байгааг би шууд хүлээж авдаггүй. Хүнээсээ, намаасаа, бүлэглэлүүдээсээ болоод байгаа юм биш үү. Эх орноо гэсэн зүрх, элгэн саднаа гэсэн сэтгэл дутаад байгаатай илүү холбоотой гэж хувь гишүүнийхээ хувьд үздэг. Нөгөө талаас баахан хоосон маргаан дэгдээж байхаар Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юм, тэр өөрчлөлтүүдийг хийснээр ямар дэвшил гарах юм, улс орон хөгжиж, одоогийн энэ тарчиг байдал үгүй болох уу гээд хариулт шаардсан асуудал шил дараалан байж байна. Энэ чиглэлээр ямар ч ажил хийгдэхгүй байна. Ойлгуулж таниулах ажил чухал. Хэдэн хүн толгойдоо болсон болоогүй юм бодчихоод тэрийг нь хүн болгон мэдэж байгаа гэж эндүүрээд байх юм. Тэгсэн мөртлөө ард түмэн тэгж бодож байна гэж өмнөөс нь ярина. Үүний уршгаар хуваагдмал байдал, эцэс төгсгөлгүй, үр дүнгүй маргаан өрнөж, төрд үл итгэх байдал лавширч, иргэдийн сэтгэл санаа үймж тогтворгүй болж байна. Маргаад хэрэлдээд байгаагийн учир нь улс гэхээсээ илүү үзэл бодлын зөрүү, мэдээллийн дулимаг байдлаас үүдэлтэй гэж үзэж байна. Ядаж нэг удаа юуг яах гэж яаж өөрчлөх талаараа элдэв хөндлөнгийн тайлбаргүй телевизийн нэвтрүүлэг, сонины нийтлэл гаргасан уу. Багийн даргаа та нар өөрсдөө сонгоно, Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилно гэсэн шум л байгаа.

Эхлээд өөрчлөх гээд байгаа зорилго, гарах үр дүнгийн талаар ойлголт өгч улс төр, олон нийтийн хүрээнд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлж байж Үндсэн хуульдаа гар хүрэхэд болохгүй гэх газаргүй. Одоогийн нөхцөл байдалд “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэдэг зарчмаар ажиллах нь чухал байна. Бидний нэрийг нь барьж ярих дуртай ард түмэн чинь модоо бариад эхэлж байна. Хоногийн хоолгүй, түлэх модгүй болчихоод байгааг эхлээд ярьж бодит арга хэмжээ авах нь төр засгийн эн тэргүүнд хийх ажил болсныг нэг л ухаарч өгөхгүй оргиод байх юм.

-Сэтгүүлч Л.Болормаа хорвоог орхилоо. Түүний сүүлд бичсэн болон урьд нь бичсэн нийтлэлүүдийг эдгээр өдрүүдэд нийгэм даяараа уншиж, сэтгүүлзүй гэж ямар хэцүү хүнд, сэтгүүлчийн ажил гэж яасан ярвигтай юм гэдгийг мэдэрч байх шиг байна?

-Сайхан охин байсан.Залуугаас нь мэднэ. Их чадвартай. Бичсэн нийтэлснийг нь хүмүүс их уншдаг байсан болохоор энэ талаар ярих нь илүүц байх. Анх сонсоод их цочирдсон. Харамсаад барахгүй байна. Надад ийм байгаа юм чинь гэр бүл, ойр тойрныхонд нь бүр ч хэцүү байгаа даа л гэж бодож сууна. Манай сэтгүүлчид өөрийгөө боддоггүй өрөөлийн төлөө явж байгаад дуусдаг. Болороо маань ч тэгчихлээ. Ганц хуудас юм бичихэд л хичнээн хөдөлмөр ордгийг мэргэжлийн хүний хувьд сайн мэднэ ээ. Сэтгүүлчийн хөдөлмөр хүнд гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч судалгааны байгууллага уурхайчны хөдөлмөрийн дараа жагсаасан байдаг нь тохиолдлын хэрэг биш. Болороогийн зохиолын дайтай том том нийтлэлүүд ямар хүч хөдөлмөр, оюун ухаан шаардсаныг төсөөлөхөд шантармаар. Шавилхан биендээ ахадсан авьяас билиг, сэтгэл зүрхтэй сэтгүүлч байсаан. Сэтгүүлчид маань үйлс зорилгыг нь үргэлжлүүлээд аваад явахаа энэ өдрүүдэд хэлж ярьсаар байгаа нь Лунтангийн Болормаагийн салбартаа, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, өөрийн зам мөртэй явсны илэрхийлэл гэж бахархаж байна. Мэргэжил нэгт нөхрийнхөө гэр бүл, үр хүүхэд, ижий аав, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *