Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ленин бидэнтэй амьдарсаар

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Иргэншсэн
төрийн түүх Америкийн болон Францын хувьсгалаас үүдэлтэй. Төрийг сонгож байгуулна
гэсэн үг. Нэг үгэндээ ард түмний ихэнхийнх нь хүслээр төр байгуулагдана, тодорхой
өгөгдсөн хугацааны дараа солигдоно гэсэн үг. Юм тийм амар байгаагүй ээ. Ийм тогтолцоо
АНУ-д хоёр зуу гаруй жилийн турш зөрчигдөлгүй үргэлжилсэн бол Францад тэр дороо
л энэ нь араасаа аллага хядлага хуйвалдаан, төрийн эргэлт, хаант засгийн сэргэлт
зэрэг түмэн зовлон дагуулсан. Гээд 1848 оны хувьсгалаар Европын ард түмнүүд өөртөө
засах эрхтэй болсон төдийгүй төрийн ардчилсан тогтолцоо ерөнхийдөө давамгайлах болжээ.
Мэдээж зөндөө л хаант улс байсан, гэхдээ л Үндсэн хуультай, парламенттай болжээ.
Өөрөөр хэлбэл ерөнхий хандлага нь ард түмэн өөрөө төрөө бий болгодог тогтолцоо.

Төгс төгөлдөр
юм гэж хорвоод үгүй. Ерөөсөө хорвоогийн цаад мөн чанар. Францын хувьсгалчид анх
гарч ирэхдээ Эрх чөлөө, Тэгш эрх, Шударга ёс гэсэн уриатай гарч ирсэн. Яваандаа
энэ үнэнхүү “шударга” урианууд ч амьдрал дээр шууд утгаараа биелэх бололцоогүй аж.
Эрх чөлөө гэдэг бол харьцангуй ойлголт. гэдгийг соёлт хүн төрөлхтөн аажимдаа ухаарсан.
Гэхдээ энэ тогтолцоо бол хүн төрөлхтний аугаа ололт, юутай ч өнөөдөртөө үүнээс дээр
тогтолцоо олдоогүй гэдэгтэй ихэнх нь санал нийлдэг. Кэннэдигийн тодорхойлсноор ардчилсан
төрийн ямар ч сайн шийдвэр хүн амын дөрөвний нэгийн эсэргүүцэлтэй тулгардаг гэнэ.
Гэхдээ үндсэн зарчим олонхийн саналаар шийдэгддэгтээ хамаг учир бий.

Эрх чөлөө,
тэгш эрх шударга ёсны уриа зарчим тухайн үеэсээ л нийгмийн тодорхой хэсэгт ойлгогдоогүй,
тогтохгүй бололцоогүй, гэхдээ үнэн гоё сонсогддог хамгийн утопи мөрөөдөл байлаа.

Үнэндээ Марксын
хий мөрөөдөл аль ч ард түмний дийлэнхийн талархлыг хүлээж чадаагүй юм. Бүгдээрээ
өмчөө дундын болгоод хэрэгцээгээрээ хэрэглэж байна гэдэг санаа хамгийн бүдүүлэг,
хоцрогдсон үндэстний ч сэтгэлийг татаж чадаагүй. Маркст хамгийн их татагдсан хүмүүс
нь алив зүйлд шүүмжлэлтэй хандах чадвар султай сэхээтний зарим давхарга байлаа.
Сэхээтний ийм хэсэг хөгжил буурай оронд илүү олон байсан юм. Тиймдээ ч

диваажинд
амьдармаар санагдаад байдаг. Гэтэл үүнийг нь “тэнэг” ард түмэн ойлгодоггүй. Ингэхээр
төрийн эрхийг хүчээр булааж аваад, хүн ардын аз жаргал руу нь хүч хэрэглэн түлхэх
нь зүйтэй гэж үзжээ. 1902 онд Лениний бичиж хэвлүүлсэн “Юу хийх вэ?” гэдэг зохиол
чухам энэ тухай өгүүлжээ. Иймээс тэд иргэншсэн нийгмийн иргэншсэн төрийг унагахын
тулд аллага хядлагын замд орлоо. Дэлхийн дайн болж, үндэстнүүд хоорондоо дайтаж
эхэлсэн нь тэдэнд сайхан завшаан болов. Тэд өөрийн эх орны эсрэг харийнхантай нэгдэв.
Эмх замбараагүй байдал фронт дээр үүсгэн, “газар шороогоо хаяад гэртээ харьцгаа,
учир нь энэ дайн баячууд л хэрэгтэй” гэж цэргүүдэд ухуулна. Хэрэгтэй мөнгөө дайсны
талаас гаргуулж байлаа. Огт ичсэнгүй.

Хоёрдугаар
сарын хувьсгалаар Орост Бүгд найрамдах засаг тогтлоо. Хаант засгаа бодвол хавьгүй
иргэншсэн орчин үеийн төр. Харьцангуй эрх чөлөө буй болонгуут коммунистууд бужигнуулж
өгсөн дөө. Нийтийн эмх замбараагүй байдлыг буй болгож, төлөвлөж, зохион байгуулж,
гардан гүйцэтгэж гарав. Ингэснээр төрийг ямар ч хүчгүй болгож авлаа. Дараа нь арваннэгдүгээр
сарын 7-нд төрийн ордон руу хэдхэн согтуу усан цэрэг явуулаад л төрийг унагаад авах
нь тэр. Чухам ингэх онолыг нь Ленин өөрөө боловсруулсан юм. 1917 оны хавар бичсэн
түүний “Дөрөвдүгээр сарын сэдвүүд”, “Төр ба хувьсгал” зохиол нь терроризмын хамгийн
шилдэг сурах бичиг. Ийм сурах бичигт тулгуурласан төр өөрөө хамгийн аймаар алан
хядагч засаг болж хувирсан юм. 70 жил тогтохдоо 70-аас илүү сая хүнийг өөрийн бус
үхлээр нөгөө ертөнцөд явуулжээ. “Чамайг жаргуулах гэж байна, хүсэлгүй бол ингээд
үх!” Зарчим нь ердөө энэ.

Тэнэг жишээ
халдвартай. Шударга ёсыг тогтоохын тулд хүчирхийлэл үйлдэх ёстой гэсэн Лениний энэ
онолыг хэрэгжүүлэх гэж хүн төрөлхтөн 100 жил алалдлаа. Ядуу буурай хоцрогдсон орнуудад
энэ онол нийгмийн зарим хэсгийн хувьд түймэр мэт асан авалцсан юм. Голдуу юуг “шударга”
гээд байгаагаа ч өөрснөө ойлгохгүй Тарзанууд энд ч цөлд, тэнд ч шугуйд, энд ч ууланд,
тэнд ч арал дээр аллага хядлагыг гааруулав. “националистууд”, “маоистууд”, “үнэнч
ленинчид”, “фашист бүлэг”, “улаан фракц”, “шинэ марксистууд”, “эх орноо аврагсад”,
“баялагаа харамлагсад” гэх мэтээр дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн нэртэй. Гишүүд
нь фанат үзэлтнээс авахуулаад ашиг завшаан хайгчид хүртэлх бүх төрлийн холимог юм
бий. Нийтлэг юм нь гэвэл “шударга ёсыг тогтоох”!

Гэвч хүн
төрөлхтөн улам бүр эрүүлжсээр. 1979 онд “шударга үнэний төлөө” Африкт 20 гаруй оронд
төрийн эргэлт гарч байсан бол сүүлийн хорин жилд хар тивд ийм үзэгдэл бараг гарсангүй.
Латин Америк нь хоёр зуун жилийн турш “шударга ёсны төлөө” цаг наргүй буу шийдэмдээ
тулдаг байснаа одоо ийм явдлаас огт ангид болжээ. Ардчилсан төрийн тогтолцоо дэлхий
нийтийн ердийн төлөв болж “хүчээр хүн ардыг жаргуулах” гэсэн оролдлогыг аль ч нийгэм,
үндэстэн хүлээж авахаа больж. Аргагүй, учир нь үүний төлөө дэндүү олон амь золиослогдсон
юм. Олон зуунаар үргэлжилсэн аз жаргалын төлөөх аллага, эрх чөлөөний төлөөх хүчирхийлэл,
сайн сайхны төлөөх харгислалын эцсийн дүнд хүн төрөлхтөн ганцхан дүгнэлттэй үлдсэн
нь “хүчээр жаргааж болохгүй” ажгуу. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов.

“Шударга
ёсны төлөө хүч хэрэглэгч” олон бүлэг дэлхийн энд тэндгүй бий. Андын нуруу, Филиппиний
шугуй, Гималайн уулсад маоист бүлэглэлүүд аллага хядлага үйлдэн оршсоор байна. Колумбийн
партизанууд олон жил ууланд бүгсээр байна. Аль Каида Хиндикушийн нуруунаас хядлага
террор удирдсаар байна. Палестиний цөл Газын зурваст буй террористууд хүн төрөлхтний
нийтлэг толгойн өвчин болсоор байна. Ленин амьд байна. Ленин амьд байсаар байх болно.
Үйлийн үр л юм даа.

2011 оны нэгдүгээр сарын 7

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *