Categories
мэдээ улс-төр

Хотын төсвийг хэлэлцэж байна

Ирэх онд нийслэл 698.8 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцон өнөөдөр 2016 оны төсвийн төслөө хотын иргэддээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 2015 онд Улаанбаатар хотын төсөв 637 тэрбум төгрөгөөр батлагдсан ч оны сүүлээр дээрх төсвийн алдагдал 116 тэрбумд хүрчээ. Энэ нь нийслэлийн өмчит барилга, объект зэргийн өмч, хувьчлал хийгдээгүйтэй холбоотой юм байна. Дээрх төсвийн алдагдлыг ирэх оны төсөвт шилжүүлж, 2016 оны төсвийг 61 тэрбум төгрөгөөр илүү төсөвлөсөн гэдгээ хотын санхүү хариуцсан дарга нар тайлбарлалаа. Ирэх оны төсвийн нийт орлогын 60 орчим хувийг Хүн амын орлогын албан татвараас, үлдсэнийг нь газар, өмч хувьчлалаас олж, төвлөрүүлнэ гэж тооцсон байна. Мөн ирэх онд төвлөрөх орлогынхоо 200 тэрбум орчим төгрөгийг хотын бүтээн байгуулалт, тохижилтын ажилд зориулна гэж төлөвлөжээ. Тухайлбал, Налайх чиглэлийн авто замыг шинэчлэн барина. “Их Монгол”, Баянмонгол хороолол дахь гудамж, замыг засварлаж тохижуулна. Мөн Авто тээврийн замын хажууд шинээр давхар гүүр барьж, Туул гол дээгүүрх гүүрийг шинэчилж, дахин гүүр нэмж барихаар болжээ.

Боловсролын чиглэлд оруулах хөрөнгө оруулалтыг багасгахгүй нэмнэ. Ингэснээр ирэх онд шинээр аравгаруй сургууль, цэцэрлэгийн барилгыг нэмж барина. Харин улсын төсвөөс ирэх онуудад концессын гэрээгээр хийгдэх 72 сургууль, цэцэрлэг барих газар, дэд бүтцийн асуудлыг хот хариуцан хийх юм. Үүнээс ирэх онд 30 орчим сургууль, цэцэрлэгийн барилга барих газар, дэд бүтцийг шийдэж, ажлыг эхлүүлнэ гэсэн дүр зурагтай байна. Мөн Шарга морьт чиглэлийн зуслангийн замын ажлыг дуусгаж, санхүүжилтийг нөхөн төлнө.

Төсвийн тухай хуулийн дагуу сум, дүүрэг, аймаг, хот тухайн оныхоо төсвийг иргэдтэйгээ хэлэлцэж, тэдний саналыг төсвийн зарцуулалтдаа тусгах учиртай. Энэ дагуу өнөөдөр дүүрэг, хороодын төлөөлөл нийслэлийн 2016 төсвийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо. Ийнхүү иргэддээ хот ирэх оныхоо төсвийн төслийг танилцууллаа. Удахгүй энэ долоо хоногтоо багтаан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн төслөө өргөн барих юм. Улмаар ирэх долоо хоногт ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж, нийслэлийн 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж, татвар төлөгчдийн мөнгөөр ямар ажил хийх вэ гэдгээ иргэдийн саналд тулгуурлан жагсаана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *