Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэс таван толгой” компанийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаав

-Гал залгиснаас амьсгалын дээд зам, залгиур хоолой түлэгдсэн, хооллоход хүндрэлтэй байгаа гэнэ-

“Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ компанийнхаа удирдлагуудын эсрэг мэдээлэл хийж байх үеэрээ өөрийгөө шатаасан ноцтой хэрэг өнгөрсөн баасан гаригт гарав. Урьд өмнө “өөрийгөө шатаана”, “зулын гол болно” гэж мэдэгдсэн хүн байсан ч С.Эрдэнэ шиг хэвлэлийнхнийг цуглуулж, камерын өмнө өөрийгөө шатааж байсан түүх байсангүй. Балба, Түвдийн иргэд зулын гол болсон тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс монголчууд харж байсан. Энэ явдлын нөгөө талд өнгөрсөн баасан гаригт суллагдсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэг холбоотой юу гэдэг асуулт ч цахим ертөнцөд хүчтэй өрнөж байгаа харагдана лээ. С.Эрдэнэ өөрийгөө шатаасан нь улс төрийн зорилготой гэх хардлага ч явна. Юутай ч тэр өдөр юу болов гэдгийг бид нэхэн сурвалжиллаа.

“Хэрэв би шатах ёстой юм бол шатъя”

“Эрдэнэс Таван толгой” компанийн ажилчид баасан гаригийн 12.00 цагаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан юм. Хэвлэлийн хурал эхлэх үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ хоёр ажилтны хамт ирсэн юм. Түүнтэй хамт явсан хоёр ажилтан нь “ТТ JVCO гэрээт компанитай байгуулсан гэрээний 18 дугаар зүйлийн гурав дахь заалтыг уурхайчид бид өөрчлөхийг шаардаж байна”,” Миний эрх ашиг Монголын эрх ашиг. Монголын эрх ашиг ард түмний эрх ашиг”, “Боловсон хувьчлалаа зогсоо” гэсэн үгсийг А3 цаасан дээр хэвлэж барьсан харагдав. С.Эрдэнэ хэвлэлийн хурлын ширээний ард сууж “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. Дахиад 200 гаруй ажилтнаа халах гэж байгаа.

Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” гэж мэдээлэл өгснийхөө дараа ундааны саванд бэлдэж ирсэн шатахууныг өөр дээрээ асгав. Хамт явсан хүмүүс нь С.Эрдэнээс нүд салгалгүй харж байв. Ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан мэт тэд түүнийг дагуулан үйлдэл бүрийг нь харж байгаа нь илт. Энэ үеэр С.Эрдэнэ “Хэрэв би шатах ёстой юм бол шатъя” гээд асаагуур асаахад гал маналзаад явчихав. С.Эрдэнэ өөрийгөө шатаана гэж мэдэж бэлтгэж орж ирсэн нь түүний үйлдлээс тодорхой харагдаж байлаа. Гэвч гал тавихдаа тайван байсан тэрбээр гал маналзаад ирэхэд түлэгдэж байгаагаа мэдэрч гэнэт сандарч, айсан бололтой хоёр гараараа нүүрээ таглан газар унав. Хэвлэлийн хурлын танхимд байсан сэтгүүлчид орилолдож, хоёр сэтгүүлч залуу галыг унтраахаар гадуур хувцсаа тайлах зуураа С.Эрдэний зүг гүйж харагдав. Хэвлэлийн хуралд оролцож байсан залуу тэдэн дээр нэмэгдэв. Харин С.Эрдэнэтэй хамт явсан лоозон барьсан нэг залуу хойшоо ухарч байдлыг ажиглаж байсан бол нөгөө нь гадуур хувцсаа тайлж галыг унтраахаар оролдож байснаа холдчихов. Энэ үеэр лоозон барьж байсан залуу галыг унтраахаар сэтгүүлчидтэй нэгдэж харагдлаа. Нэг сэтгүүлч галын хор байна уу гэж асууснаар хор авчирч галыг унтраав. Хэрэв галын хор байгаагүй бол тэнд юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх. Юутай ч энэ удаа С.Эрдэнэ гэдэг хүн сэтгүүлчдийн өмнө хэвлэлийн хурал хийж байгаад өөрийгөө шатаасан нь түүнийг амьтайгаа үлдэх боломж олгов. Үүний дараахан “Хүн үхэх гэж байхад сэтгүүлчид тусалсангүй” гэх буруутгал цахим орчинд нэлээд түгсэн юм. Харин энэ тухай МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид хэлэхдээ “Манай дэд ерөнхийлөгч Х.Батхишиг ийм асуудал гарсан тухай мэдээлэл гармагц газар дээр нь очиж ажилласан. Сэтгүүлчид, “Зууны мэдээ” сонины удирдлагууд, ТВ9 телевизийнхэнтэй уулзсан. Ингэж шуурхай ажиллахаас болохгүй. Яагаад гэвэл та бидний мэргэжил, манай салбарын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байна шүү дээ. Х.Батхишиг дэд ерөнхийлөгч бид нар бодит байдал, гадуур тарж байгаа мэдээллийг харьцуулан зохих дүгнэлтээ хийчихсэн байгаа. Манайхан онцгой нөхцөлд онц сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа гэж хэлье” хэмээн мэдэгдсэн юм.

“Түүнийг ийм үйлдэл хийнэ гэж бид мэдээгүй”

Түүнтэй хамт мэдээлэл хийсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтан С.Түмэндэлгэр, Т.Гансүх нараас цөөн асуултад хариулт авсан юм.

-С.Эрдэнийг өөрийгөө галдан шатааж байхад та бүхэн яагаад ямар нэгэн арга хэмжээ авсангүй вэ?

-С.Эрдэнээ ах бидэнд ийм зүйл болно гэж урьдчилан хэлээгүй. Мэдсэн бол юу гэж ийм байдалд хүргэх билээ. Ажилтнуудынхаа төлөө амь насаа хайхралгүй өөрийгөө галдан шатаасанд одоо ч итгэхгүй байна.

-Та нар хэлэлийн хурлын үеэр С.Эрдэнийн үйлдэл бүрийг анзаарч байсан нь бичлэгээс тод харагдаж байсан. Тэндээс үзвэл та нар мэдэж байсан гэх сэтгэгдэл төрүүлэхээр байсан?

-Хүмүүс юу гэж бодсоныг хэлж мэдэхгүй байна. Бид ямартай ч тэр өдөр юу болохыг мэдээгүй. Хэвлэлийн хурал хийнэ л гэсэн. Тэгээд хамт явсан. Өөр зүйл ярих боломж алга” хэмээв. Харин цахим ертөнцөд байгаа бичлэгээс хараад тэдний үнэн, худал хэлж буйг төвөггүйхэн мэдэж болохоор байгаа юм. “Эрдэнэс таван толгой” ХК 206 ажилчнаа БНХАУ-ын компанид шилжүүлэн ажиллуулах болсонтой холбогдуулан эсэргүүцлийн жагсаал цуглаан өнгөрсөн өдрүүдэд тасарсангүй. Эцэс сүүлд нь нэг иргэн өөрийн амь насыг золих дөхлөө. Тодруулбал тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ компанийнхаа удирдлагуудын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж буйгаа удаа дараа мэдэгдсэн боловч хүлээн аваагүй тул хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ аж. С.Эрдэнэ компанийн удирдлагууд ажилчдаа Хятадын компанид шилжүүлэхээр улайран зүтгэж 12 сарын хугацаатай байсныг 33 сар болгон нэмэгдүүллээ. Эдгээр шилжиж буй ажилчдад ажилтай үлдэнэ гэх баталгаа байхгүй хэмээн хэлсэн юм. Ингээд уурхайн олон зуун ажилчны энэ олон хоног хийсэн эсэргүүцлийг авч хэлэлцэхгүй байгаад бухимдан өөрийгөө шатаасан гэж хамтран ажиллагчид нь хэлж байв. Тэрбээр шатсаныхаа дараа Үндэсний мэдээллийн төвөөс гарч компанийнхаа байран дээр иржээ. Үүний дараа яаралтай түргэн тусламжийнхан ирж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан юм. Одоогоор С.Эрдэнэ гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр баасан гаригийн 14:00 цагийн үед ГССҮТ-д хүргэгдэн иржээ. Түлэнхийн мэс заслын нөхөн сэргээх эмчилгээний эмч Т.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм.

Т.Бат-Эрдэнэ: Амьсгалын замын түлэгдэл амь насанд аюултай

-С.Эрдэнийн биеийн байдал ямар байна?

-Энэ хүн манайд 13.30-14.00 цагийн хооронд хүргэгдэж ирсэн. Тухайн үйл явдал 12:30 цагийн үед болсон юм билээ. С.Эрдэнэ 30-40 хувийн түлэгдэлтэй ирсэн. Дөрвөн мөч, биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн байна. Түлэгдэлт амьсгалын замд нөлөөлсөн тул биеийн байдал хүнд, дэмийрлийн байдалтай байгаа. Мөн гал залгиснаас амьсгалын дээд зам, залгиур хоолой түлэгдсэн, хооллоход хүндрэлтэй байна.

-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Өвчтөнийг шокноос гаргах, тайвшруулах эмчилгээг хийж байна. Биеийн байдлыг нөхөн сэргээсний дараа мэс засал хийж магадгүй. Түлэгдэлт амьсгалын замд нөлөөлсөн учир өвчтөний амь насанд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.

-Тэгэхээр бие нь хүнд байгаа гэж ойлгож болох уу?

-Түлэгдэлт амьсгалын замд нөлөөлсөн учир маш аюултай. Тэр дундаа амьсгалын замын түлэгдэл бол амь насанд ч аюул учруулдаг. Бидний зүгээс шаардлагатай эмчилгээнүүдийг хийж эхэлсэн” гэв. С.Эрдэнийг эхнэр Ш.Хишигт нь сахиж байгаа юм байна. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нөхрийн тань бие ямархуу байна?

-Тааруухан байна. 24 цагийн турш дусал залгуулаад хэвтэж байна.

-Нөхөр тань яагаад өөрийгөө шатаах оролдлого хийчихэв ээ. Эхнэрийнх нь хувьд та санаа зовж байгаа биз дээ?

-Зоволгүй яах вэ. Хүнээ л эрүүл болгоод авбал гэж бодогдож байна. Өөр хэлээд байх зүйл алга даа.

-Нөхрөө өөрийгөө шатаасныг та яаж мэдсэн бэ?

-Хүүхдүүд утсаар хэлсэн. Тэгээд телевиз үзээд мэдсэн.

-Өөрийгөө шатаана гэдгийг нь та мэдэж байсан уу. Нөхөр чинь ямар нэгэн юм хэлсэн үү, танд?

-Тэр өдөр хэвлэлийн хурал хийнэ гээд л гэрээсээ гарсан. Шатаана энэ тэр гэж надад юу ч хэлээгүй. Энэ тухай мэдээд би өөрөө цочирдсон. Нөхөр маань юм хэлэх сөхөөгүй л байна. Тулгамдаад эгч нь энэ тухай ярих сөхөө ч алга. Миний мэдэж байгаа зүйл ч алга.

-Эмч нар юу гэж байна?

-Даваа гаригаас эмч нартай нь уулзана. Одоогоор үүнээс өөр хэлэх зүйл алга” гэлээ. Цагдаагийн байгууллагаас иргэн С.Эрдэнэд санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал гаргасан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтыг эхлүүлжээ. Хамт явсан зарим хүмүүсээс нь мэдүүлэг авч эхэлсэн байна.

С.Эрдэнийн хийсэн үйлдэлд харамсаж байнагэв

Энэ үйл явдлын дараа буюу 15 цагийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлсэн юм. Тус компанийн гадаад харилцаа, орон нутаг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Гэрэлтсансар “С.Эрдэнийн хийсэн үйлдэлд харамсаж байна. Бид ажилчдаа сул зогсолт хийлгэхгүй, ажилтай байлгах үүднээс 33 сарын турш өөр компанид ажиллуулахаар шийдвэрлэсэн” гэж хэлээд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөлгүй гарч явлаа.

Харин энэ үеэр тус компанийн ажилчид компанийнхаа байрны гадаа ирж эсэргүүцлээ үргэлжлүүлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл илэрхийлж, төв байранд шуугиан дэгдээлээ. Тэд “203 уурхайчин ажилгүй болох бус биднээс гадна дахин 50 ажилтнаа оны өмнө, 200 гаруй ажилтнаа оны дараа цомхотгох мэдээлэл байгаа. Тэд ажилчдаа шилжүүлэх нэрээр халж, цаасан дээр тогтсон компани болж, Монголын иргэдийн 1072 хувьцааг салхинд хийсгэх гэж байна” хэмээн компанийн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцсэн хэвээр байгаагаа хэлэв. Мөн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн үйлдэл бол ЭТТ компани бидний олон удаагийн санал, хүсэлтийг үл тоож, асуудлыг шийдэхгүй явсан нь ийм байдалд хүргэсэн. Энэ бол аргаа барсандаа хийсэн зүйл” гэж тайлбарлаж байв. Энэ асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шуурхай хурал зарлаж, зарим хүмүүст үүрэг даалгавар өгсөн байна. Өөрийгөө шатаах гэж оролдсон хүний биеийн байдалд анхаарахыг Шадар сайдад даалгаж, эмчилгээний бүх зардлыг “Эрдэнэс Тавантолгой” компанид хариуцуулах үүрэг өгсөн юм.

Гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөллөө

Энэ дагуу Уул уурхайн сайд Р.Жигжид уг хэрэг явдал болсны дараа Төрийн ордонд мэдээлэл хийж, С.Эрдэнийн үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлээд эмчилгээний зардлыг “Эрдэнэс тавантолгой” ХК-иас гаргуулна гэдгийг хэллээ. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлж орны хүнийг томилсноо дуулгасан юм. Тэгвэл олон нийтийн зүгээс уг хэрэг явдлын дараа ганц хүнийг халаад асуудлыг дуусгаж болохгүй хэмээж байна. Ажилчдын эсэргүүцээд байгаа Хятадын компанид шилжүүлэх гэрээг ч мөн эргэн харах нь зүйтэй гэж үзэх хүн цөөнгүй байна. Мөн гүйцэтгэх захирал гэдэг бол гүйцэтгэх үүрэгтэй, цаана нь жинхэнэ эзэд байгаа. Тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй хэмээж байгаа юм.

Ажил хаялтаа зогсоосон гэнэ

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд энэ сарын 14-ний өдрийн 12.00 цагт тус компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалт өчигдөр ч мөн болжээ. Тэд үүсээд буй асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг шийдвэрлэсэн гэнэ. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл нь “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж, холбогдох бүхий л тусламж дэмжлэгийг компанийн зүгээс үзүүлэх, компани болон Үйлдвэрчний эвлэл хоорондын хамтын гэрээг яаралтай байгуулах, TTJVCO-той байгуулсан гэрээтэй холбоотой зарим заалтыг эргэн харах зэрэг саналыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д тавьсан аж. Уг уулзалтын дүнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн уурхайд энэ сарын 13-ны өдрийн 16.00 цагаас ажил хаясан 21 ажилтан, 14-ний өдөр 15.30 цагт ажил хаялтаа зогсоож, уурхай хэвийн үйл ажиллагаанд шилжсэн байна. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн зүгээс С.Эрдэнийн биеийн байдалд анхаарал тавьж байгаа бөгөөд шаардлагатай эм тариаг эмчийн заавраар хангаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. Мөн хамтын гэрээ байгуулах асуудалд хоёр талаас ажлын хэсэг гарган ажиллах болсон бөгөөд ойрын хугацаанд асуудлыг эцэслэн шийдвэрлэх болсон гэнэ.

С.Эрдэнэ гэж хэн бэ?

Самбуунямын Эрдэнэ тусгай дунд боловсролтой нэгэн юм байна. Уурхайн усны машины оператороор “Эрдэнэс Таван толгой”-д 2011 оноос ажиллах болжээ. Тэрбээр 1958 онд нийслэлийн нэгдүгээр төрөхөд төржээ. Хар дархад гэдэг овогтой юм байна. Түүний эхнэрийг Ш.Хишигт гэдэг бөгөөд 1960 онд төржээ. АПУкомпанид үйлчлэгчийн ажил хийдэг юм байна. Тэрбээр зургаан охин нэг хүүтэй юм байна. Хоёр охин нь дунд сургуульд сурдаг, бусад нь тусдаа гарчээ. Тэднийх Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Нүхтийн гудамжинд амьдардаг аж. Нэг охин нь пиццаны газар ажилладаг бөгөөд бусад нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэнэ. С.Эрдэнэ1976-1977 онд Авто засварын заводод угсрах слесарь,1980-1983 онд “СОТ 2”-т жолооч, 1983-1991 онд 27 дугаар баазад жолооч,1990-1994 онд Монголын социал демократ намын Хэрэг эрхлэх газарт жолооч хийж байжээ. Монголын социал демократ намын ахмадуудын нэг юм байна. Тэрбээр Онц тээвэрчин, хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан байна. 2013 оны хавар “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар түүнд сахилгын шийтгэл оногдуулж байжээ.

Г.Ялгуун

Гэрэл зургуудыг

Ц.Мягмарсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *