Categories
мэдээ нийгэм

Тэмээний баяраар шилдэг тэмээчнийг 10 лангийн мөнгөн буйлаар шагнана гэв

Энэ
сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод “Их говийн тэмээний баяр-2015”, баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн болох
юм байна. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан жил бүр уламжлал
болгон хийж ирсэн Их говийн тэмээний баярыг энэ жил баруун аймгуудыг хамруулан
бүсийн хэмжээнд зохион байгуулж, тэмээчдийн зөвлөгөөнийг хамтатган хийхээр болжээ.

Арав
дахь жилдээ болох энэхүү арга хэмжээ нь тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг
шимийг сайжруулахад малчид тэмээчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх, тэмээний соёл,
зан үйлийг нийтэд сурталчлахын зэрэгцээ тэмээчдээ харилцан туршлага солилцуулах
зорилготойгоор орон нутагт хийгддэг аж. Их говийн тэмээний баярт Говь-Алтай
аймгийн 18 сумаас тэмээчид тус бүр нэг баг болон оролцох бол бусад аймгууд тус
бүр нэг баг болж оролцох юм байна. Их
говийн тэмээний баярын хүрээнд хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлж нээлтийн арга
хэмжээ, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, үржлийн шилмэл ингэ буур
шалгаруулалт, буйл зорох бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээнүүд
явагдахаас гадна хурдан ат болон торомны уралдаанууд зохион байгуулах юм байна.

Мөн тэмээний
гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа,
тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын
уралдаанууд зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулагдах юм. Их говийн
тэмээний баяр-2015 наадмын хүрээнд баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн,
хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах аж.

Тоглолтод урилгаар
МУГЖ Л.Болдбаатар, СТА Г.Бямбажаргал нарын уран бүтээлчид ая дуугаа өргөх юм байна. Тэмээний баярын хаалтын
ажиллагааны үеэр 12 төрлийн уралдаан тэмцээний шагналаас гадна оролцсон
сумуудыг байр эзлүүлж багийн дүнгээр шагнах ба шилдэг таван тэмээчнийг
шалгаруулах гэнэ. Түүнчлэн
шилдгийн шилдэг нэг тэмээчнийг шалгаруулж 10 лангийн мөнгөн буйлаар шагнах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *