Categories
мэдээ нийгэм

Налайхын уурхайд хоёр хүн бүтэж нас баржээ

Даваа гаригийн 15 цагийн орчимд уурхайн гүнд нэг хүн ухаан алдаад уначихлаа гэсэн дуудлагыг Налайх дүүрэг дэх Онцгой байдлын газрын уул уурхайн аврах анги хүлээн авчээ. Дуудлага авсан даруйдаа гурван минутын дотор аврах ангийнхан газар дээр нь очиход уурхайн гүнд нэг биш гурван хүн ухаан алдсан байжээ. Ийнхүү тэднийг уурхайн хонгилоос цаг алдалгүй гаргасан хэдий ч нэг нь ухаан орж, хоёр хүн нь нас баржээ. Энэ талаар Онцгой байдлын газрын уул уурхайн аврах ангийн салбарын дарга Н.Бямбүрэнгээс тодруулахад “Барагцаалбал 30 гаруй метрийн гүн уурхайн нүхэнд гурван хүн ороод, ухаан алдсан байсан. Нэг нь түрүүлж ороод ухаан алдчихсан гэсэн. Түүнийг аврах гэж араас нь хоёр залуу орсон байгаа юм. Агааргүй орчинд бүгчимдэн, гурвуулаа ухаан алдсан. Тэднийг гаргаж ирсэн даруйдаа бид хиймэл амьсгал болон зүрхний массаж хийн анхны тусламж үзүүлсэн. Нэг нь ухаан орсон ч хоёр нь нас барсан” гэсэн юм.

Түүнчлэн өчигдөр 12 цагийн орчимд уурхайн гүнд хоёр хүн ухаан алдаж уналаа гэсэн дуудлага ирсний дагуу Налайх дахь уул уурхайн аврах ангийн албан хаагчид газар дээр нь очсон бөгөөд 240 метр гүн уурхайн 90 орчим метрт гар аргаар нүүрс олборлож байсан хоёр хүн ухаан алдсан байжээ. Тэднийг нүхнээс яаралтай гарган, эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор тэдний биеийн байдал сайн байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *