Categories
мэдээ цаг-үе

Нобелийн шагнал хүртсэн 14 дэх эмэгтэй

Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг Беларусийн зохиолч Светлана Алексиевичид олгохоор болов. Беларусийн иргэн анх удаагаа энэ хүндтэй шагналыг хүртсэн юм. Нобелийн хорооноос гаргасан мэдэгдэлд “Өөрийн уран бүтээлийн ер бусын аргаар хүний дотоод дуу хоолойг гаргасан. Светлана Алексиевич нь энэ цаг үеийг маш гүнзгий мэдрэн харуулсан” хэмээн дурдсан байна. Нобелийн хорооноос мэдэгдэл хийсний маргааш нь буюу энэ сарын 10-ны өдөр Светлана Алексиевич Берлинд очиж хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Сэтгүүлчид түүнд ихэвчлэн улс төрийн өнгө аястай асуултууд тавьжээ. Энэ шагналыг өөрт нь олгосноор Нобелийн шагналын нэр хүнд өсөх үү, Беларусь, Европын Холбоо хоёрын харилцааг хэрхэн сайжруулах вэ, В.Путины эсрэг байр суурь баримталдаг тул энэ шагналыг олгосон хэмээн оросууд бичиж байгаа гээд л асуултаар бөмбөгдсөн байна.

Түүний бичсэн “Дайн эмэгтэй бус төрхтэй” ном аль хэдийнэ сонгодог бүтээлд тооцогдох болсон бөгөөд түүний зохиолуудаас хамгийн их нэрд гарсан нь. Светлана Алексиевич энэ номоо бүр 1983 онд бичсэн боловч тухайн үед хэвлэхээс татгалзсан байна. Зөвлөлтийн утга зохиол шүүмжлэгчид энэ бүтээлийг пацифизм буюу хүчирхийллийг эсэргүүцсэн үзэлд автсан, юмыг хэтэрхий бодитоор харуулж Зөвлөлтийн баатарлаг эмэгтэйн дүрийг саармагжуулсан хэмээн буруутгасан. Гэвч удалгүй “Дайн эмэгтэй бус төрхтэй” ном уншигчдын хүртээл болж 1985 онд хоёр сая хувиар хэвлэгджээ. Светлана Алексиевичийн 1989 онд хэвлүүлсэн “Цайрын хүүхдүүд” хэмээх Афганистаны дайны тухай өгүүллэгүүдийн эмхэтгэл мөн л нэлээд шуугиан тарьсан. Дашрамд дурдахад түүний бүх ном герман зэрэг нэлээд хэдэн хэл дээр орчуулагдсан. Беларусийн зохиолчын бичдэг гол сэдэв нь хүний зовлон шаналал, дайн. Зохиолч эмэгтэй маань 1948 онд төрсөн, өөрөөр хэлбэл өөрөө дайныг үзээгүй. Гэхдээ судалгааны ажил хийх, тэр дундаа баримт цуглуулахдаа гарамгай гэдэг. Түүн дээр тулгуурууласан нэлээд хэдэн бүтээл туурвисан байна. “Чернобылийн залбирал” бүтээлийг нь ч дурдахгүй байхын аргагүй юм.

Светлана Алексиевич нь Украины баруун хэсэгт орших Станислав хотод төрсөн. Аав нь беларусь, ээж нь украин үндэстэн байсан бөгөөд хожим нь гэр бүлээрээ аавынх нь төрсөн нутагт шилжин суурьшжээ. Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч, түүх, герман хэлний багш, хожим нь “Прыпяцгая прауда” сонинд сурвалжлагч гээд янз бүрийн ажил эрхэлж байсан. 1972 онд Беларусь Улсын их сургуулийн сэтгүүлчийн факультетийг дүүргэснийхээ дараа сонины газар ажиллаж байхдаа уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэдэг. Амьдарч байсан нийгмийнхээ үзэл суртлыг хүлээн зөвшөөрч чадаагүй тул 2000 оны эхээр тэрээр баруун Европыг зорьсон. Ингэхдээ Герман, Франц, Итали, Швед зэрэг орнуудад өөрийн үзэл бодол нэгт уран бүтээлч нөхдүүдээ олж авсан гэдэг.

Одоогоос хоёр жилийн өмнө Минскт буцаж ирэх­дээ “Дарангуйлагч А.Лукашен­когийн үеийг өнгөрөхөөр ирнэ хэмээн тооцоолж байсан боловч бүтсэнгүй” хэмээн хэлжээ. Өөрөөр хэлбэл хүлээж дийлсэнгүй гэнэ. Харин Ерөнхийлөгч А.Лукашенко түүнд нэр хүндтэй шагналд хүртсэнд нь баяр хүргэсэн юм.

Нутагтаа ирснийхээ дараа “Секонд хэндийн үе” номоо уншигчдын хүртээл болгосон. Энэ бүтээлдээ Зөвлөлтийн болон түүний дараахь үеийн хүмүүсийн ялгааны онцлогийг харуулахыг хичээжээ. Ингэхдээ нийгэмд гарсан өөрчлөлтийн улмаас өөрөө ч маш ихээр өөрчлөгдсөн гэдгээ харуулсан хэмээн шүүмжлэгчид бичсэн байдаг.

Светлана Алексиевич нь өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвихдаа олон улсын нэр хүндтэй шагналуудыг нэг бус удаа хүртсэн. 2001 онд Ремаркийн шагнал, 2006 онд АНУ-ын үндэсний шүүмжлэгчдийн шагнал, 2013 од Лайпцигийн номын яармагаас “Европын харилцан ойлголцолд хувь нэмэр оруулсны төлөө” шагнал, Германы “Улс төрийн шилдэг ном” шагналуудын эзэн болсон. Түүний бүтээлээр кино, жүжиг хийсэн гэдгийг ч дурдах нь зүйтэй байх.

Зарим хэвлэлд Светлана Алексиевичийг Нобелийн шагналыг хүртэхэд хамгийн тохиромжтой хүн гээд дэлхийн иргэн хэмээн тодорхойлжээ. Беларусь-украины гэр бүл Украинд төрсөн тэрээр Беларусьт өсөж том болсон. Хожим нь Итали, Герман, Францад нэлээд удаан амьдарсан. Светлана өөрийгөө чих шиг соргог хэмээн тодорхойлсон байдаг. Тэр бусдын ярихыг анхааралтай сонсож, тэмдэглэж, боловсруулж, тунгаан бодно, дараа нь уншигчдад хүргэнэ. 1990-ээд оны үеийн амьдралыг харуулсан “Секонд хэндийн үе” зохиолын агуулгыг товч өгүүлье. Нэгэн эмгэн нас барахад охин, ач хоёр нь талийгаачийг оршуулах мөнгөгүйгээс долоо хоног шарилыг гэртээ байлгана. Ингэхдээ өмхийрүүлэхгүйн тулд янз бүрийн арга хэмжээ авна. Эцэстээ дээрэмчид тэдэнд мөнгө өгч оронд нь байрыг нь авна. Ингээд ээж, охин хоёр гудамжинд гарна. Беларусийн зохиолч бүсгүй энэ бүтээлээрээ нэлээд хэдэн шагнал хүртсэн юм.

2015 оны Нобелийн утга зохиолын шагналтан маань дахин хоёр ном бичих хүсэлтэй гэдгээ сэтгүүлчдэд ярьсан байна. Нэг нь хайр дурлал, нөгөө нь хөгшрөлтийн тухай аж. Гэхдээ уншихад тийм ч сайхан санагдахгүй болов уу гэжээ:.

Светлана Алексиевичийг хүний зовлонг судлаач ч гэдэг. Авторитар дэглэм, дайны золиос болсон хүмүүсийн талаар өгүүлдэг. Түүнийг зовлонгоос зугтагч бус харин ч түүнтэй халз тулж, түүнд нэрвэгдсэн хүмүүстэй ярилцаж сэтгэлийг нь ойлгохыг хичээдэг. Түүний бичдэг жанрыг вербатим хэмээн нэрлэдэг. Энэ нэр томъёог утга зохиолд сүүлийн үед хэрэглэх болсон. Харин Светлана Алексиевич энэ томъёолол гарахаас өмнө уг жанраар бичиж, түүнийг хөгжүүлсэн гэж болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *