Нийслэл
хотын албан татварын тухай хууль нөгөөдөр буюу ирэх аравдугаар сарын нэгнээс
хэрэгжиж эхэлнэ. Өнөөдөр албан ёсоор нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид
хотын татварын хувь, хэмжээг хэлэлцэж, нэг хувиар байхаар баталлаа. Хэдийгээр
НИТХ дахь Монгол ардын намын бүлэг татварын хэмжээг тогтоох хурлын тогтоолын
төсөлд санал хураалт явагдах үед хурлыг орхин гарсан. Тэдний тухайд
“Нийслэл хот татвартай байх нь зүйтэй гэж үзсэн. Гагцхүү хүнсний болон
өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн 30 хувиар өсөөд байна. Энэ нөхцөл
байдалтай холбоотойгоор татварын хувь хэмжээг нилээн сайн ярилцаж тогтоох
хэрэгтэй. Иймээс татварын хэмжээг тогтоохдоо Хотын дарга Э.Бат-Үүл уян хатан
байхыг хүссэн. Тодруулбал хуулинд нийслэлийн татварын хувь хэмжээг 0-1 хувиар
тогтооно гэж заасан байтал эцсийн цэгт нь тулгаж нэг хувь болгож байгааг хүлээн
зөвшөөрөхгүй байна. Иймээс эдийн засаг, иргэдийн худалдан авах чадвар сайжрах
хүртэл хотын татварыг 0 хувиар тогтоох” саналыг гаргаж байна гэдгээ мэдэгдсэн.
Харин НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд “Дэлхийн улс орнуудын
нийслэлд оршин суудаг иргэн бүр тодорхой татвар төлдөг. Бид энэ жишгийг
мөрдөх саналыг дэмжиж байна. Тодруулбал архи, тамхи худалдан авсан, зоогийн
газар, баар ресторан, амралын газраар үйлчлүүлсэн иргэн нэг хувийн татвар төлөх
нь зөв тогтолцоо” гэсэн байр суурийг илэрхийлж, татварын хэмжээ нэг хувь
байхыг дэмжсэн юм.
Өглөөний
09.50 цагт эхэлсэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит 29-р
хурал бүтэн таван цаг орчим явагдаж, 15.04 минутанд өндөрлөлөө. Хурлаар
“Нийслэл хотын албан татвар”-ын хэмжээг нэг хувиар байхаар баталлаа.
Тодруулбал архи, тамхины худалдаа, зочид буудал болон баар, ресторан, амралтын
газрын үйлчилгээ хаана, хэрхэн явагдахаас үл хамааран өдөр тутмын
хэрэглээнээс давсан, дээрх илүү хэрэглээ, үйлчилгээг авч буй гадна, дотны
иргэд Улаанбаатар хотод тухайн бараа, үйлчилгээнийхээ мөнгөн дүнгээс
хамаарч, нэг хувийн татварыг төлөхөөр боллоо. Жишээлбэл иргэн Т
“Гэрэл” нэртэй хүнсний дэлгүүрээс 50 мянган төгрөгийн үнэтэй архи
худалдан авбал нийт үнийн дүнгийн нэг хувь буюу 500 төгрөгийг татвар суутгагч
буюу тухайн дэлгүүрээр дамжуулан хотод төлөх юм.