Categories
мэдээ соёл-урлаг

Монголын яруу найрагчдын намрын тухай шүлгүүд

Ховд аймаг. Буянт голын эрэг 2015.09 сар Б.Эрдэнэбулган

Намрын шар нар ээсэн амралтын энэ өдөр уншигчид та бүхэндээ Монголын үе үеийн яруу найрагчдын намрын тухай шүлгүүдээс түүвэрлэн хүргэе.

Дулдуйтын Данзанравжаа (1803-1859/6)

Намар. Өтлөх цаг

Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад
Нарны дулаан илч нь буурна лв

Найртай багын омгоор
Найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүмүүний биеийг олсноо
Насны идрийн цогоор нөгцөөв л.

Ванчинбалын Гүлранс (1820-1851)

Анх намар
Анх намар долоон сарын өндөр огторгуйн саран
Ариун булгийн тунгалаг усны хөвийн дунд тусахуйяа
Уулын доторх бясалгалын тойн дуу чимээнд сочин
Ашгийн гаднах шүлгийн бичээч цэлмэгэр өнгөнд согтов

Дундад намрын усны дусал
Гэгээн саран аль цагт илэрснийг
Хэтэрхий хандан тэнгэрээс асууваас
Үггүй хөх огторгуй мэлцийгээд
Өнгөрөх галууны уяралтай дуун сонслмой
Салхийг дагаж жихүүн ордноо зорьсугай гэхүл
Санамсаргүй хасын асрын хүйтэн ёсноо ормой
Тунгалаг гэрэлд харилцан архинаа согтох нь
Тухай үнэхээр хүмүүний хооронд бус…
Орлчонгийн хүмүүнд уярал, баярлал, хамтдах, хагацах буй
болсноор
Огторгуйн саранд гэгээн šтунгалаг, дүгрэг хэлтэрхийн учир
бүрдвэй
Энэ хэдүй тогтсон тоо хэмээвч
Эдгээр зүйлд би үнэхээр гологдмой
Хүсэх нь түмэн он хүмүүн бат болоод
Хүйгэх намрын гурван тавнаа шөнө бүр уулзтугай.

Намар
Намрын салхин шуухинан ирэхүйеэ навч өвс шарлаад
Нуурын галуу эгшиглэн эргэхүйд хүмүүн бодис уйтгарламуй
Настан өвгөн таяг тулан болсон тариаг тойрохуйяа
Нарсны нөхөр бийр барьж сул шашдирыг бичмүй.

Намрын цэцэг
Нуурын галуу эгэж ирэхүйеэ баруун салхинд үлээгдээд
Настан өвгөд таяг тулж шар удвалыг шинжихүйеэ
Навч хувхайраад цэцэг зулгарсан ерөнхий хэрэг боловч
Нарийвчлан бодвоос тоо улирал бас нэгийг өнгөрөвэй.

Намрын салхин
Нарны туяа цонхноо ташруун, гэрэл юутай цайвар
Насажсан өвгөд хүүхэд лүгээ нуруу биеэ халуулмуй
Нарс хулс шуугин үймэлцэхүйеэ баруун салхин боловч
Нуурын галуу уярч дуугархуйяа жихүүний үүсгэл ирэв үү
Найр үгүй шарам халуун гэнэт зуур устаад
Найлзуур бургасны салаа навчинд сэрүүн сүүдэр царцав
Намрын салхины нүгэл хилэнцэд би ганцаар живхүүцьюү
Наян түмэн хүрэлзгэнэ хорхойн уяралтай дууныг сонстугай

Ванчинбалын Гүнначүг (1832-1866)

Намарт уйтгарлав

Намрын салхин биеийг үлээхүйеэ сэтгэл санаа уярмуй,
Найргүй хүйтэн сарны гэрэлд гагц бие жихүүн
Нар шингэн зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг
Навч хийсэж цэцэг зулгарахуйяа миний санах үе.

Ванчинбалын Сүнвэйданзан (1834-1898)

Намарт гунив
Намрын өвч цэнхэр бөгөөд намрын өвс хувхай
Намрын зул будангуй болоод намрын шөнө урт.
Намрын гэгээвчинд өнгийн үзвээс намар юунаа төгсөх,
Намрын хур, намрын салхинаа үнэхээр юутай гунилтай.

Ванчинбалын Инжаннаши (1837-1892)

Сэрүүн намар

4
Намрын салхи цэлмэгэр жихүүн үед
Найгах өвс хийсэн уярмуй
Навчийн улаанд шүлэг бичсэн мэт
Найрт зузаан хүмүүнээ гомдмуй.

5
Өрнө салхинаа огторгуйн өнгө цэлмэвэй
Өөрийг мэдэгчид олж үзэв үү, үгүй юу?
Өглөө хийсэх хатсан навчийн чимээ
Өнчрөн суух даяаны хүмүүнээ тодорхой.

Содномбалжирын Буяннэмэх (1902-1937)

Намрын навч
Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ
Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно
Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод
Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ
Наран буцаж цэцэг хумьж үр ертөнц боловсормогц
Өчүүхэн бага оготно хүртэл будаа буудай хураалцана.
Олон сүргээ зуны сайханд тарга оруулсан бол
Хүч төгс санаа түвшин жаргахад юу зовно.
Насан залуу хүчин чийрэг хүний сайхан цагтаа
Малыг маллаж, тариаг тарьж, ажлыг хийгээгүй бол
Навч шарлаж, намар болж, нас тогтохын үед
Тайван гэртээ санаа амар яахин шатар тавина.

Дашдоржийн Нацагдорж (1906-1937)

Намар
Намрын шар нар над дээр, чам дээр тусна.
Найган найгах улиралд нь бид бас найгана.
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна.

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр үгүүлнэ.

Өглөөний хяруу сувдын адил гялтаганан бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ.
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ.

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторхи уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.

Гомбын Сэр-Од (1917-1940)

Намар
Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа
Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг
дүрслээд
Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахай час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна.

Байгалийн улирлаар хөлжин цогцолсон гоёмсог цэцгийн дэлбээ
Балын шимийг салхинаа хийсгэж шарланги өнгөөр хувилаад
Баясгалант зуны яруу улирал алгуураар урсан өнгөрч
Балчигт намрын нэвтэрмэл усан хагшран шүүрч хөрслөнө.

Д.Сэнгээ

Намар
Алтан гар намрын халуун нар ивээгээд
Атар сайхан хөндийд хадлангийн ургац халиураад
Аварга хүчит комбайн хүнгэнэж байдаг намрыг
Ариун зорилгот пионерууд зугаа цэнгэлтэй өнгөрүүлдэг.
Хангайн модонд явж самар түүх сайхан
Хар улаан жимсээр саваа дүүргэх сайхан
Хавх урхи зүүгээд зурам ч агнах сайхан
Хадлангийн талбайд очоод тусалж ажиллах сайхан
Сайхан явдлууд намарт олон тохиолддог хэр нь
Сайхан сайхны дундаас онц сайхан гэж байдаг
Санаа сэтгэл хөдөлгөсөн ер бишийн сайхан нь
Сайн нөхөдтэйгээ хамт сургуульдаа цуглах нь сайхан.

Жамцын Бадараа (1926-1992)

Намрын шөнө

Мэлтэлзсэн сүү шиг сарны туяанд
Гялталзсан шүүдэр сувдын өнгөтэй
Мэлрэн хүлээх миний дотрыг
Гялайлган цайлгах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй

Сугсалзан найгах өвсний толгойд
Сувдарсан шүүдэр намрын сүртэй.
Санан хүлээх миний цээжийг
Саруулсган уужлах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй.

Бэгзийн Явуухулан (1929-1982)

Нүүдэлчний намар
Нарс найгаа л
Навчис хийсээ л
Уулын оройд будан суугаа л
Шувуу буцаа л
Хяруу унаа л
Өвсөн толгойд цан буугаа л
Тал шарлаа л
Мал холхио л
Сэтгэл гэнэт догдлоо л
Салхи сэвээ л
Өрх дэвээ л
Өлөн тоос тэнгэрт босоо л
Айлууд нүүгээ л
Амрагууд холдоо л
Аяа хөөрхий, нүүдэлчний намар аа гэж!

Намрын навчис
Найран дээрээс гараад иртэл
Намрын навчис унаж байлаа
Налгар тэнгэрээр шувуудтай цуг
Нарлаг намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал
Шарласан навчис хийсч байлаа
Санаанд ч үгүй аж төрж явтал
Санчигны минь үс цайж байлаа

Налгар тэнгэрээр шувуудыг дагаж
Зэллэсэн бүхэн эргэж ирнэ
Намрын навч шиг надаас хийссэн
Залуу нас минь л эргэж ирэхгүй.

Мишигийн Ширчинсүрэн (1933-1999)

Намрын сайхан нар
Намрын сайхан нар – холдож байгаа нар
Илч нь бага боловч, өнгө нь тунгалаг цагаан
Намрын сайхан өдөр – саарч байгаа өдөр
Биед жихүүн гэлээ ч, сэтгэлд нэг л уян.

Намрын сайхан өдөр улирал солигдохын эрхээр
Насан идэр би чинь цагийн аясаар найгана
Намрын сайхан өдөр холдон холдохын эрхээр
Наалинхай төрсөн би чинь сэтгэл ихээр үймэрнэ …

Дэндэвийн Пүрэвдорж (1933 – 2009)

Навч
Намрын мөчрөөс
Навч хийсэн унав
Навчтай хамт
Нар хэлтрэн унав

Нарны тэр хэлтэрхийтэй
Намрын өдөр унав
Намрын тэр өдөр
Надаас гандан унав.

Жагдалын Лхагва (1942-1997)

Намрын сүүлчийн навч
Дэгээнд орсон загас шиг
Эцсийн удаа цовхчино

Тоомойн Очирхүү (1943-2001)

…Салхинд дохилзох өвсний толгой
Салая даа, цаашаа гэх шиг ээ
Цаад голын бургас шар шар толботой
Салбарч ноорсон дээлийн хуулга шиг ээ

Үүл өтгөрч харлаад тэнгэр нэг л бүүдгэр
Үг цөөрч гансраад сэтгэл бас л бүүдгэр
Хангай дайдын намар сэр сэр салхитай
Хариюу, байюу, яая? сэм сэм гунигтай

Бавуугийн Лхагвасүрэн

Намар
Сайвар салхины хэлд нуур хайрстана
Цайвар шүүдрийн дунд өвс бууралтана
Тэнгэр нуурын хоёр манангаар цайрна
Тэртээ уулын цас нүд хайрна
Салж ядсан ганираа нуур тойрно
Сайран дээгүүр ганц тогоруу тойрно

Намрын салхи
Бодол сэвэлзсэн
Намрын бүрхэг өдөр
Ботгоны буйлах дуун
Нүдгүй архи нэрнэ
Бүдэрсэн нулимсанд
Согтсон энгэрийн
Бүтэн хоёр товч
Хар аяндаа мултарна
Болохын тухай
Бодохоос өрсөж
Болж өнгөрсний
Шарх илүү хөндүүр
Хэвтээ шар салхи
Өвсний уцаар хүргэж
Хэлгий цагаан манан
Уулын элгэнд цагираглана.
Цуламхан нам гүмийг
Цуулж нохой хуцна
Цугтаа яваа юм шиг
Цуурай дагаж боргоно
Өтгөн үүлс газарлаж
Үдээс хойш бороошино
Салхи хэдий намдсан ч
Цээжин дотор эрвэлзэнэ

Тангадын Галсан

Нутгийн намар
Нар – зураач
Алтан бүрээгээр
Манай нутгийг шижирлэх гоё оо!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *