Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн нэгийг нурааж, тансаг зэрэглэлийн хаус барихаар төлөвлөжээ

Нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон гүний худгийн нэгийг нурааж, барилга барихаар хашаа хатгасан гэх мэдээлэл манай редакцид ирсэн юм. Энэхүү мэдээллийн мөрөөр “Маршал”-ын гүүрний баруунхантай байх “River tower” барилгын өмнө очлоо. “River tower” барилгын урд талд ердөө 100 метрийн зай­тай хашаа барьж хаалт хийсэн байв. Дотогш орвол хашаалсан талбайн голд байсан худгийг экскаватор нураагаад дуусч байв. Нураа­сан суурийг тойроод дөрөв, таван хүн байх бөгөөд худгийн гүнд байрлах техникийн эд ангийг авахаар ажиллаж байгаа нь энэ. Тэд уг худгийг нураахаар хоёр өдөр ажиллажээ. Ажилчдын хувьд “Бид өгсөн чиг үүргийн дагуу л хөлсөө авч ажиллаж байгаа. Энэ худгийг нурааж доторх тоног төхөөрөмжийг нь авахад тав хоног шаардагдана. Тийм хөлсөөр ажиллана гэж л тохиролцсон. Өөр зүйл мэдэхгүй. Ямар ч байсан ашиглагдахаа болиод удсан худаг юм билээ” гэв. Мөн тэд “Ганаа ах биднийг хариуцаж байгаа” гэсэн тайлбарыг өгөв. Худгийн барилгыг бүрэн нураах ажлыг өчигдөр өглөө гүйцэтгэжээ. Худгийн гүнд байрлах тоног төхөөрөмж дээр “1998 онд Япон улсын хөрөнгөөр барив” гэсэн тэмдэг­лэл цаг минуттайгаа тодоос тод бичээстэй харагд­сан. Тэгэхээр актлаад байх хугацаа ч болоогүй юм байж гэсэн бодол зурсхийв. Худгийг цагаан тоос­гоор барьжээ. Зарим эх сурвал­жийн мэдээлж буйгаар уг худгийг хэдэн жилийн өмнө лацадсан гэх яриа байна. Ашиглах боломжгүй болсон энэхүү худгийг акталж Ус сувгийн удирдах газрын мэдлээс Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжжээ. Тэгвэл одоо уг худгийг тойруу­лаад “Их Модун” компани хашаа татсан бөгөөд худгийг нураах ажлыг ч тус компанийн ажилчид гүйцэтгэж байгаа юм байна.

Ажилчид хувиараа худаг нураах ажлыг гүйцэтгэж байгаа гэх боловч хашаанд чингэлэг байрлуулж хоол унд хийж нэлээд тухалж олон хоног ажиллах бололтой харагдсан. Мөн чингэлгийн нэг буланд “Их Модун” компанийн логотой барилгын ажил гүйцэтгэх явцад дагаж мөрдөх аюулгүй байдлын талаарх мэдээллийг өлгөсөн самбар байрлуулсан байв. Хашаалсан талбайн хувьд нэг га орчим хэмжээтэй юм.

С.Гансүх: Бид нийслэлийн өмчийг нийслэлийн зөвшөөрлийн дагуу л нурааж байна

Ингээд ажилчдын ярьж буй Ганаа гэх хүнтэй холбогдлоо. Тэрээр “Их Модун” ХХК-ийн инженер С.Гансүх гэдэг хүн юм байна.

-Таныг худаг буулгах ажлыг хариуцаж байгаа гэсэн. Худаг нураах зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ?

-Нийслэлийн өмчийн харилцааны газрын албанаас энэхүү худгийг нураалгаж байгаа. Би өчигдөр хотоос гараад дөнгөж хөдөө ирээд байж байна. Одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Саяхан бас хүмүүс бөөн хэл ам хийгээд телевизээс хүртэл хүн ирсэн. Би холбогдох бүх бичиг баримтаа үзүүлсэн.

-Ашиглагдахаа байсан худаг гэх юм. Засаад ч хамаагүй эргэн ашиглах боломж байгаагүй юм уу?

-Энэ хавьд акталсан гурван худаг байдгийн нэг нь энэ худаг. Тэрийг би мэдэхгүй. Ямар ч байсан Нийслэлийн өмчид хамаардаг худаг.

-Хэзээ акталсан юм бол. Танай компани худгийг нурааж энэ газарт ямар нэгэн объект барих гэж байгаа юм уу. Эргэн тойрон дахь газрыг хашаалсан харагдлаа?

-Манайх Нийслэлийн өмчийн харилцааны газрын албаны чиг үүргийн дагуу л худгийг нурааж доторх тоног төхөөрөмжийг нь нийслэлд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Тэд цаашид яахыг би мэдэхгүй. Өмнө энэ худгийн хэрэгтэй чухал гэсэн техникийг авч Ус сувгийн удирдах газар хүлээлгэж өгсөн байгаа. 2002 онд акталсан байсан байх аа гэсэн тайлбарыг өгсөн.

Худаг нурааж суурин дээр нь тансаг зэрэглэлийн хаус барихаар төлөвлөжээ

Худаг ч яахав нураалаа гэж бодоход газарт нь хэн санаархаж байна вэ. Оршин суугчдын ярьж буйгаар худгийг нураан зайлуулж тус газарт тансаг зэрэглэлийн хаус барихаар төлөвлөж байгаа гэх. Түүнчлэн оршин суугчид төдийгүй нийслэлийн иргэд нэг ч гэсэн ундны усны эх үүсвэрийг сэргээхийн оронд ийн нурааж үгүй хийж нэг компанийн өмч болгож байгаад бухимдалтай хандаж буйгаа илэрхийлж байв.

“Маршал”-ын гүүрний зүүн талаас Баянзүрхийн гүүр хүртэлх гүний бүх худаг Ус сувгийн удирдах газрын өмч бөгөөд цагдаагийн байгууллагаас цаг минут тутамд тусгай хамгаалалттай байх юм. Албаны эх сурвалжийн ярьснаар бол нийслэлд актлагдсан 11 худаг байснаас нураасаар одоо гурван худаг үлдсэн байна. Үүний нэг нь “Их Модун” компанийн хашаан доторх худаг. Харин өнөөх хоёр нь Маршалын гүүрнээс Цагаан хаалга (хуучнаар) хүрэх зайд байрладаг аж.

Оршин суугч С-ээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ худгийг хэзээнээс нурааж эхэлсэн бэ?

-Хоёр хоногийн өмнөөс л экскаватортой залуус харагдах болсон. Тэгсэн өнөө (өчигдөр) өглөө бүр сууриар нь нураачихлаа.

-Хашаа хэзээ хатгасан бол, мэдсэн үү?

-Сайн анзаарсангүй. Бас хэд хоногийн өмнө байх. Миний мэдэхээр хоёр, гурван жил энэ худгийн эргэн тойронд хашаа ч үгүй байсан. Тэгсэн нэг өглөө л хашаа босоод учиргүй нураагаад эхлэх юм. Би бүр та нар гүний худгийг нурааж болохгүй гэж очиж хэлсэн. Тэгсэн чинь эгчээ, ажиллахаа байгаад удаж байгаа худаг гэсэн. Миний сонссоноор бол өндөр зэрэглэлийн тансаг хаус барих юм гэнэ лээ. “Их Модун” гээд компани гэсэн. Эзэн нь Цогтсэргэлэн гэсэн байх аа. Ямар эрх мэдэлтэй хүмүүс гэхээрээ бүхэл бүтэн хотын ундны эх үүсвэр рүү халдаж байдаг юм. Холбогдох газрууд нь үүнийг даруй зогсоох хэрэгтэй ш дээ.

“Маршал”-ын гүүрнээс Цагаан хаалга хүртэлх худгуудыг баячуудад зориулж акталсан уу?

Зарим хүмүүс “Маршал”-ын гүүрнээс хуучнаар Цагаан хаалга хүртэлх худгуудыг ашиглагдахгүй, эвдэрсэн, хуучирсан гэх шалтгаанаар акталсан болохыг хэлж байна. Тэгэхээр эвдэрсэн худгуудыг бохирын шугамтай холбогдуулан ашиглах боломжгүй гэж акталсан уу эсвэл усны судал дээр гол дагасан тансаг зэрэглэлийн хаус барихаар хөрөнгө хаяж буй баячуудад зориулж акталсан уу гэдэг нь хэн ч харсан тодорхой байна. Гол дагасан усны судал газар дор байхад гүний ус гарахгүй байна гэж байхгүй. Уг асуудлыг тодруулах гэсэн боловч Нийслэлийн өмчийн харилцааны газрын албаны хариуцсан мэргэжилтэн амралтаа авсан гэх. Ямартай ч уг худгийг Ус сувгийн удирдах газраас “Акталсан учраас манайд ямар ч хамаагүй” гэдгээ мэдэгдсэн. Харин актлах шийдвэрийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргадаг байна. Ингэхдээ гүний худгийг ерөөсөө л хуучирсан, ашиглах боломжгүй эсвэл барилга байгууламжийн бүст орсон гэх шалтгаанаар ашиглахыг хориглож Ус сувгийн удирдах газарт үүрэг өгдөг болохыг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхээр Нийслэлийн өмчийн харилцааны газар Ус сувгийн газарт үүрэг өгөх боловч хөшигний цаана газрыг нь хэн нэгэнд дамладаг болохыг ярих хүмүүс ч байна. Нийслэлд дэл сул газрыг нийслэлийн өмч нэрээр хэдэн жил хоосон байдлаар иргэдийн нүдэнд дасгаж байгаад нэг өглөө эрх мэдэлтэй нэг компани нь хашаа босгоод барилга барьчихдаг тод жишээ бол энэ юм.

“Их Модун” компани хэнийх вэ?

2013 оноос хэрэгжиж эхэлсэн “Улсын хөгжил сумаас, сумын хөгжил иргэдээс” гэсэн уриатайгаар “Шинэ сумын төв” төслийг Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг суманд хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд канад технологиор дээрх суманд сургууль, цэцэрлэгийн барилгууд барьсан. Уг төслийг “Их модун” ХХК гүйцэтгэж байсан аж. Тус компанийн ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн.

Тэрээр 1998-2008 оны хооронд БНСУ-ын барилгын компанид хараар ажиллаж байгаад баригдаж эх орондоо ирсэн гэх мэдээлэл байна. Ингээд Монголд ирээд бригад байгуулж барилгын салбарт зүтгэх болж. “Их модун” ХХК байгуулагдаад зургаан жил болж байгаа аж.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *