Categories
мэдээ цаг-үе

Солонгос, афган хүүхдүүдийг асарсан шигээ Сирийн өнчин жаалуудыг ч өсгөж өгье

Гэрэл зурагчны аппаратыг хараад буу гэж андуурч гараа өргөсөн сири охин

Сирийн энгийн иргэд мөргөлдөөн, буудалцааны дунд амьд үлдэхийн төлөө тэмцэлдсээр эцэст нь эх орноосоо дүрвэсээр байгаа. Хурцадмал байдал намжихгүй улам хүндэрч, иргэд нь хөрш зэргэлдээ орнууд руу зугтан гарч, замдаа харамсалтайгаар амиа алдаж байна. Европ Сирийн дүрвэгчдэд “живж”, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд дүрвэгчдэд туслахыг дэлхий нийтээс дахин дахин хүсч байгаа юм. Гурван настай сири хүү Айлан Курдийн үхэл дэлхий нийтийг цочроож, үнэхээр Сирид юу болоод байна вэ, тэнд хүүхдүүд ямар хүнд нөхцөлд амь зууж байгаа вэ гэдгийг харуулав. Айлан хүү үхлээрээ дэлхий нийтийн анхаарлыг Сирид хандуулсан. Сирид амьдарна гэдэг тамаас дутахгүй болжээ гэдэгт хүн бүр итгэлээ. Барууны орнууд Сирийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, эх орондоо цагаачлах зөвшөөрөл олгож эхлэв.

Монгол Улсын хувьд дайн самууны хөлд ядарч зүдэрч байгаа улс, байгалийн гамшигт өртөн зовж шаналж байгаа хүмүүст тусламжийн гараа сунгадаг хүмүүнлэг үйлстэй. Монголчууд Солонгосын дайны үед 1953 онд Хойд Солонгосоос 200 гаруй хүүхэд авчирч асарч байсан түүхтэй. Дайны хөлд эцэг эхээ алдан өнчирсөн хүүхдүүдийг сувилан хүмүүжүүлж өсгөснийг тухайн үед гадны улсууд онцгойлон анхаарч баяр хүргэж байсан гэдэг. Дараа нь 1988 онд дайн байлдаантай байсан Афганистанаас 27 хүүхэд авчирч, 58 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлж, хоёр жилийн дараа нутаг руу нь буцааж байсан.

Тэдгээр афган хүүхдүүд Монголоос явахдаа цэцэрлэгийн багш нараасаа салж чадахгүй уйлалдаж, монголоор шулганалдсаар онгоцонд сууж байсан тухай хүмүүс ярьдаг. Одоо тэдгээр афган хүүхдүүд 30-33 настай бүсгүйчүүл, харчуул болцгоож, эх орондоо амьдарч байгаа.

Үүгээрээ Монгол Улс дайнтай орны өнчин хүүхдүүдийг асарч тойлж бойжуулаад өгдөг туршлагатай улс гэгддэг. Одоо дахин тийм сайн үйлс хийх цаг нь ирчихлээ. Сирийн олон мянган хүүхэд эцэг эх, ахан дүүсээ даган дүрвэж, байгалийн янз бүрийн нөхцөлд хөл нүцгэн гүйж, хээр хонож, хэлэн дээрээ юм тавилгүй өлмөн зэлмэн амьдарч, нулимстай нүдээр горьдлого тээн биднийг харж байна. Олон мянган хүүхэд өнчрөн хоцорч, амьдын тамыг биеэрээ мэдрэн уйлж байна.

Бид солонгос, афган хүүхдүүдийг асарч өсгөөд нутагт нь буцаан хүлээлгэж өгсөн шигээ энэ удаад сири хүүхдүүдэд тусламжийн гараа сунгая. Нэг дэлхийд айлсан амьдарч байгаа улс орнууд ийм л үед нэгнээ түшиж, биедээ халуун сэтгэлээр хандах учиртай. Манай улсын хувьд гадны хүүхдүүдийг асардаг туршлагатай учир энэ удаад Сирийн багачуулаас аль болох олныг чадлынхаа хэрээр авчирч тойлон айдас хүйдэст чичрэн хатуурсан зүрхийг нь тайвшруулж, аллага, цус харж цочирдсон нүдийг нь аз жаргалтайгаар дахин гэрэлтүүлье. Лалын шашинтай улсын хүүхдүүдийг авчраад яах юм гэж цээрлэхээ түр азнаад хүний нялх үр гэдэг талаас нь өрөвдөн энэрэх нь зүйтэй юм. Учраа мэдэхгүй тэр жаалуудад ямар буруу байх вэ. Эцэг, эх, эх орноо сонгож төрдөггүйн хойно хэнд ч хэзээ ч юу ч тохиолдоо билээ. Улс орных нь байдал намжтал эх орондоо байлгаж асарч тэтгээд өгчихөд биднээс юу ч унахгүй. Нялх амьтдад туслахад тэр шашин өөр, хэл яриа өөр энэ тэр нь огт хамаагүй. Нулимсаа хатаж ч амжаагүй байхад гэнэнээр инээдэг хүүхдүүдэд бид хатуу хандах ёсгүй. 200-300 сири хүүхэд авчраад өсгөж өндийлгөөд өгөхөд манайхан, түмэн олон тусалж дэмжээд болох л байх. Сирийн хүүхдүүдэд тусалж байгаа нь хүмүүнлэгийн үйлс ч гэлээ нөгөө талдаа хүн төрөлхтөн гэх нэг айлын нэгэн гишүүн болсон Монгол Улсын хувьд гүйцэтгэх ёстой нэг үүрэг нь юм. Бид үүнийг үүрэг хэмээн харж, айдастай нүдээр бүлтийтэл ширтэн, тусламж эрэн хүний гар харан суугаа өнчин жаалуудад сэтгэлийн дэм өгөх нь хүний ёсон.

Хүний хүүхэд гэж бөөрөлхөлгүй тэднийг бойжуулаад өгчихвөл буруудах зүйлгүй. Монголчууд бид хүүхдэд хүний өөрийнх гэж хандалгүй урдуураа өнгөрснийг ундалж, хойгуур өнгөрснийг хооллодог өгөөмөр сэтгэлтэй ард түмэн шүү дээ.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *