Categories
мэдээ цаг-үе

Анагаахын сургуулийн хүүхдийн эмчийн анхны анги

Хүн анагаах тэр дундаа хэлд, хөлд ороогүй хүүхдүүдийн өвчин зовиурыг оношилж эмнэнэ гэдэг тийм ч амар биш. Хуучин МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет гэж байлаа. Тэр нь 1961 онд Анагаах ухааны дээд сургууль болж МУИС-аас тусдаа бие даан гарсан байдаг. Тэр үед анхны хүүхдийн эмчийн анги байгуулагдан Монголын ирээдүй болсон балчир үрсийг анагаах эмч нарыг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа 1965 онд анхны хүүхдийн эмчээр төгсөж байсан Анагаахын дээд сургуулийн оюутнуудыг урилаа.

Анагаах ухааны дээд сургуулийн хүүхдийн эмчийн ангийн төгсөгчийн нэг. С.Бат-Очир уулзангуут таван үгийн зөрүүгүй шахам “Манай ангийнхны зургийг үз дээ. Манайхан чинь одоогийн байгаа шигээ буурал толгойтой яваагүй юм. Галтай залуу нас байсан байгаа биз, сайн хар” гээд л зурагнуудаа нүүрэнд наах шахам харуулна. Үнэхээр л галзуу барын аманд гараа хиймээр залуу насны хөргийг мөнхлөн үлдсэн зургуудыг нь үзлээ. Анхны хүүхдийн эмчийн анги дөрвөн хэсэгт хуваагдан хичээллэдэг байж.

Нийтдээ 50 орчим оюутан хүүхдийн эмчийн мэргэжлийг эзэмшин шууд л хөдөө орон нутагт эмчээр ажиллахаар томилогдож байсан нь бас л сонин түүх. Өнөөдөр л Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд оюутан болох хүсэлтэй залуус маш их болсноос биш 1960 оны үед хөдөөнөөс голдуу ирсэн хүүхдүүд эмч мэргэжлийг сонгодог байжээ. Анагаахын анхны хүүхдийн эмчийн ангийнхан ч мөн л тийм замаар явсан гэнэ.

Хөдөөнөөс ирсэн хүүх­дүүдийн хувьд анатоми, бага эмч нарт физик, орос хэлний хичээл хүнд мэт санагдах авч нухлуулсаар байгаад л сурчихдаг байсан юм байх. Харин философи, эдийн засаг коммунист болон хувьсгалт намын түүхийн хичээлүүд дээрээ үнэнийг хэлэхэд ангиараа “Хатуу самар” явцгаасан юм байна. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ой тохиосон тул оюутнуудын хичээлийг шахан оруулж хаврын шалгалтыг нь урьдчилан өгүүлжээ. Нэгэнт хичээл нь амарсан тул оюутнуудыг гимнастик, спартакиадын болон концертын бэлтгэлд дайчилсан гэнэ. Харин ямар ч арга хэмжээнд хамрагдалгүй үлдсэн оюутнуудыг МХЗЭ-ийн Төв хорооны урилгаар “Говь усжуулах аян”-д хамруулахаар болжээ. Тэдний хувьд зургадугаар сарын эхээр говийг зорьсон бол наадам өнгөрөөд ирэхээр нь ёстой л ханатал нь амраана гэсэн болзолтой байж. Гэсэн ч наймдугаар сарын сүүлчээр есдүгээр сарын 1-ний дотор сургуульдаа ирсэн байхыг хатуу шаардсан юм байна. Тухайн үед нийгэм ямар байсан билээ дээ. Тэднийг сургуульдаа ирэхэд МУИС-ийн Хүн эм­нэлгийн факультет нь Анагаах ухааны дээд сургууль болон өрх тусгаарлаж байсан тухай Д.Алдармаа эмч ярьсан юм. Их сургуулиас өрх тусгаарласан шинэхэн сургууль эмчилгээний, шүдний, хүүхдийн, эмзүйн салбартай болсон байж.

Ангийнх нь охидыг хүрээ гангачуул “Хөдөөний хөөсөн мантуу” гэх маягтай угтан авдаг байсан ч нэг жилийн дотор хотын хүүхнүүд болж байлаа гэв. Хүүхдийн эмчийн анхны төгсөлтийнхөн Анагаахын сургуульд элсэн орохдоо шууд л хүүхдийн эмч болчихоогүй юм байна. Нэгдүгээр курст анагаахын чиглэлийн бүхий л оюутнууд хамтдаа хичээлдээ суугаад явдаг байсан бол хоёрдугаар курст байхад нь нэг өдөр “Хүүхдийн эмч болох сонирхолтой хүмүүс нь гараа өргө” гэжээ. Н.Нэргүй эмч багаасаа хүүхдэд хайртай байсан тул хүүхдийн төлөө өөрийн чадах зүйлээ хийхийн тулд хүсэл сонирхолдоо хөт­лөгдөн тус ангийг сонгосон байх. Харин нас хэвийсэн ч хөнгөн шингэн харагдах С.Бат-Очир эмч “Яах вэ” хэмээн хэсэг тээнэгэлзэж байгаад ерөөсөө л хүүхдийн эмч болъё гээд ирээдүйн сонголтоо өөрөө хийсэн тухай өгүүлсэн юм. Харин зааланд суусан тэр олон оюутан дундаас хүүхдийн эмч болчих хүн тийм ч олон байгаагүй тул гар өргөөгүй ч шууд л “Хүүхдийн эмч болго” хэмээн хуваарилж байсан гэнэ. Хүн өөрийнхөө ирээдүйн төлөө өөрөө сонголт хийх ёстой хэдий ч тухайн үеийн багш нар минь биднийг хүүхдийн эмчийн ангид хүчээр оруулсан нь ч алдаа байгаагүй гэдгийг бүгд шахам хэлж байсан. Энэ ангийнхнаас хэн нь ч сөрж эсэргүүцээгүй юм билээ. “Магадгүй тухайн үеийн залуусын чих зөөлөн байсан байлгүй” хэмээн хоорондоо нудралцан хөхиүн инээдээр биесээ дэмжинэ.

Хүүхдийн эмчилгээний анхны декан нь Баатарын Од, нарийн бичгийн даргаар нь Цэдэн, Хүүхэд залуучуудын эвлэлийн даргаар нь Д.Малчинхүү нар ажиллаж байсан түүхтэй юм байна. 1961 оны аравдугаар сарын дундуур анги даасан багш нартайгаа уулзах цуглаантай гэсэн зар таржээ. Ангиараа хүрээд иртэл нэлээд биерхүү, нимгэн шаравтар царайтай, намуухан дуутай, тэгсэн мөртлөө их сүрлэг нэгэн эр мөн тас хар үстэй түг таг хийсэн түс тас үгтэй хүдэр бор хоёр хүн ирсэн нь Н.Гэндэнжамц, Ж.Раднаабазар багш нар нь байсан юм байна.

Хүүхдийн эмчийн ангийнхан Э.Лувсандагва, Т.Бямбажав, Г.Бадарч, Е.М.Мазелецкая, В.А.Афанасьев зэрэг багш нараасаа их зүйлийг сурсан тухай өгүүлцгээх юм билээ. Тэдний бахархал нь мэдээж энэ багш нар нь байж таарна.

Зуны амралтын хэд хоно­гоороо гэр рүүгээ яарцгаасан оюутнууд төд удалгүй ан­гийнхнаа санан хичээлдээ очихыг тэсэн ядан хүлээдэг тийм л оюутнууд байсан юм билээ. Хүүхдийн эмчийн анхны төгсөлтийн 40 жилийн ой 10 жилийн өмнө болсон аж. Энэ үеэр ангийн ганц гэгддэг доктор, профессор Д.Малчинхүү эмч

“Таван харвын яргуй болж нэг л хөрсөнд цэцэглэсэн

Таван намрын ургац болж нэг л талд халиурсан

Таван жил тавиулаа хамт цэнгэн жаргасан

Танхилхан оюутан нас минь дөчин жилийн тэртээ” хэмээн шүлэглэж байсан тухай ангийнхан нь хэлж байлаа.

Анагаахын сургуулийн хүүхдийн эмчийн анхны төг­сөлтөөр ганц хос төрсөн нь Д.Алдармаа, С.Бат-Очир эмч нар юм байна. Мэдээж ангиас төрсөн ганц хосдоо ангийнхан нь хүндэтгэлтэй ханддаг нь гарцаагүй. Тэр ч утгаараа ямар нэгэн арга хэмжээ болонгуут ангиараа шахам тэдний гэрт цугладаг болжээ. Энэ удаагийн уулзалт ч мөн хоёрдугаар дөчин мянгатад байрлах тэдний гэрт өрнөсөн юм аа.

Д.Алдармаа эмч насаараа хүүхдийн эмчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм байна. Гэсэн хэдий ч Кристиан Нобелийн сангийн асран хүмүүжүүлэх төвийнхөн өөрсдийнхөө эмчээр ажиллах хүсэлт тавьснаар хүүхдийн төлөө үргэлж “За” гэж хэлдэг түүний хувьд “Үгүй” гэх эрх ч байгаагүй юм байна. Угаасаа ажлын төлөө төрчихсөн тэдний ангийнхан гэртээ ажилгүй суухыг тэвчдэггүй муу зантай гэх юм билээ. Д.Алдармаа эмчийн хувьд оюутан ахуй цагтаа хань С.Бат-Очиртойгоо сэтгэлээ холбон өнөөдрийг хүртэл хагас зууныг дамнан өнөр бүл болон амьдарч байгаа аж. Д.Алдармаа эмч “Кристиан Нобелийн төвдөө ажиллаж байгаад бие өвдөөд хагалгаанд орсон юм. Одоо овоо дээрдлээ. Манай асрамжийн хүүхдүүд байнга миний биеийг асууж сурах юм. Энийг хар даа” хэмээн хэдэн уут дүүрэн хүүхдүүдийн сэтгэлээ гаргаж урласан бүтээлүүдийг харуулав. Үнэхээр л асран хүмүүжүүлэх төвийнхөө бурхан нь хэмээн шүтэгдсэн эмч гэдгийг нь бяцхан хүүхдүүдийн сэтгэлээ шингээн урласан бүтээлүүдээс нь харж болохоор байлаа. Алдармаа эмч “Эгч нь энэ хэдэн хүүхдүүдийнхээ ийм хөөрхөн зүйлсийг хараад бахархаад сууж байна. Бушуухан ажилдаа орох юмсан” гээд нүдэндээ нулимстай өгүүлэхийг хараад сэтгэл өмөрч л суулаа. Асран хүмүүжүүлэх төвийн бяцхан хүүхдүүд нь цаасан наамал, гар зураг, үлгэрийн баатрууд гээд өөрсдийн хийж чадах бүхий л зүйлийг урлаад дотор нь “Ээжээ, та хурдан эдгээд ирээрэй”, “Таныгаа санаж байна”, “Эрүүл энхийг хүсье” гээд маш олон зүйлийг бичжээ.

Тэдний ангийнхан Увсын Нямаа, Сэлэнгийн Гажийзаа, Баянхонгорын Адъяа, Өвөр­хангайн Ойдов тэргүүтэй ан­гийнхаа хүүхдүүдээр бахарх­даг юм байна. Хүүхдийн эмчийн анхны төгсөлтийнхнөөс талаас илүү нь тэнгэр дэвшсэн ч тэд­нийгээ үргэлж дурсан ярих нь нөхөрлөлийг нь улам бататгах мэт санагдлаа.

“Манай төгсөлтийнхөн ихэнх нь 1992 онд тэтгэвэр тогтоолгосон. Гэсэн ч бүгд залгуулаад ажлаа хийсэн. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр хүүхдийн эмч хэрэгтэй. Ялангуяа тэдний туршлага хэрэгтэй байдаг” хэмээн С.Бат-Очир эмч өгүүлэв. Туршлагатай эмч нарыг тэтгэвэрт гаргаад хэрэггүй гэдгийн тод жишээ эдний ангийнхан. Манай улс хүүхдийн мэргэшсэн эмчтэй болоод хагас зууныг үджээ. Хүүхдийн мэргэшсэн анхны эмч нарын анги шүү хэмээн бүгд бахдалтай нь аргагүй суух аж.

Оюутан ахуй цагийн хөгжөөн наргиантай дурсамжуудын нэгээхэн хэсэг нь нийслэлийнхээ бүтээн байгуулалтад мөн л ангиараа оролцон таван жил траншейны нүх ухаж газар шорооны ажил хийж явсан дэврүүн цаг юмсанжээ. Энэ бүхэн хүүхдийн эмчийн ангийнхан ойртон дотносох тийм гэрэл гэгээт өдрүүдийг тээн үлдсэн талаар өгүүлэх юм. С.Бат-Очир эмч сургуулиа төгсөөд Дорноговь аймагт хуваарилагдан очиж ажлынхаа гарааг эхэлж байжээ. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн залуу боловсон хүчнийг шууд л зөвлөх эмчээр ажиллуулсан нь тийм ч амар байгаагүй гэнэ. Тухайн орон нутгийн хүүхдүүдийн өвчлөл, нутаг орны өвөрмөц заншил, агаар усыг нь мэдрээгүй байж ийм тийм гэж том онош тавих эрх байхгүй хэмээн хэлсэн юм. С.Бат-Очир, Д.Алдармаа эмч нар гэр бүлийн хоёр хэдий ч хүүхдийн эмчийн хамгийн хэцүү талбар гэгддэг сэхээн амьдруулах тасагт ажилласаар байгаад тэтгэвэртээ гарцгаасан аж. Д.Алдармаа эмч “Нэг хүүхэд эмчлэх нь таван эмэгтэй хүн эмчлэхтэй тэнцэнэ. Нэг эмэгтэй хүн эмчлэх нь таван эрэгтэй хүн эмчлэхтэй тэнцэнэ хэмээн уламжлалт анагаахын мэргэд сургасан байдаг” хэмээн хэлж байлаа.

Харин цугласан ангийнхан дотроо эмэгтэйчүүдээ ман­лайлан ярих эмэгтэйг Цэрэндоржийн Тоня гэдэг. Түүний хувьд Баянзүрх дүүргийн 12, 13 дугаар хороонд 45 жил хүүхдийн эмчээр ажилласан юм байна. Тийм болохоор тэдгээр хорооныхоо амьд архив хэмээн дүүргийнхэн нь ярьдаг аж. Тэрний тэр тийм хүүхэдтэй болжээ гээд хэдэн үеэр нь ярьж суух жишээтэй. Ц.Тоня эмч нэг өрхийн гурван үеийг үзнэ гэдэг хэр баргийн хүнд тохиох хувь заяа биш байх шүү хэмээн бахдангуй өгүүлэв. С.Бат-Очир эмч “Ц.Тонягийн хороонд ямар ч мундаг профессор очоод бараг хүүхдүүдэд зөвлөгөө өгч чадахгүй, ичмээр юм болно шүү” гээд найзаараа бахархаж буй сэтгэлээ илэрхийлж байсан юм.

Тэдний ангиас Монгол Улсын ардын эмч, академич, гавьяат эмч Д.Малчинхүү төрөн гарсан юм. Түүнчлэн Лхагвасүрэн гавьяат ч тэдний эгнээнээс төржээ. Д.Малчинхүү эмчийн хувьд сургуулиа төгс­сөн цагаасаа хойш төрөлх сургуульдаа өнөөдрийг хүртэл эрдмийн ажлаа хийсээр яваа. Хүүхдийн эмчийн ангийнхан “Манай ангийнхныг цуглуулаад хүүхдийн эмчийн сургалт зохион байгуулбал бид мөн их зүйл хэлнэ дээ. Хөгшин гэж биднийг голохгүй бол бид улс орондоо хүчээ өргөхөд бэлэн байна. Бидний эрч хүч дуусах болоогүй, их хүч шүү” хэмээн хэдэнтээ сануулав. Тэтгэвэрт гараад 20 гаруй жил болж байгаа ч ард түмэн тэтгэвэрт гаргахгүй юм аа гэж хэлэхийг нь сонсоод нээрээ ч тийм байх даа. Ах дүү хамаатан садан найз нөхдийнхөө хүүхдийг үзэж харахаас эхлээд ажил дуусдаггүй биз хэмээн бодож байтал үүнийг батлах мэт яриа өрнөсөн юм.

Ц.Тоня эмчийг тэтгэвэртээ гарсан ч хорооных нь иргэд “Таныг тэтгэвэрт гарснаас хойш гэрээр ирж үздэг эмч ч гэж алга болж. Та хүрээд ирээч. Болохгүй бол бид таныг очиж авъя” хэмээн урилга заллага болдог гэнэ. Ц.Тоня эмч таван жил сурч сургуулиа төгсөөд Налайхын тосгонд хүүхдийн эмчээр очжээ. Залуу эмч дүнзэн байшинд ажлынхаа гарааг эхэлж байжээ. Тэндээ хоёр жил ажиллаад 1967 онд Улаанбаатар хотод ирж 45 жил ажиллаад 2012 онд тэтгэвэртээ гарсан байна. “Бидний үед мундаг багш нар хичээл орно. Тухайн үед словарь ховор тул ангиараа нэг словарьтай тойрч суугаад хичээлээ хийдэг байлаа. Анхны хүүхдийн эмч нарт оросоор хичээл ордог байсан тул Орос хэлэндээ ч давгүй сайн суралцсан” гэдгээ хэлцгээсэн юм. Ц.Тоня эмч ангийнхнаасаа хамгийн түрүүнд ээж болсон гэнэ. Түүний том хүү 55 настай хэмээн ангийнхан нь ярьцгааж байлаа. Харин бага хүү 40 настай аж. Тэрбээр анагаахын сургуульд орохын өмнө гар бөмбөгийн улсын зэрэгтэй тамирчин явсан юм байна. Анхны Бүх ард түмний спартакиадад оролцож алтан медаль хүртэж явснаа дурслаа. Манай багийнхнаас одоо гавьяат Шоовдор маань л мэнд байна даа хэмээн ярих. Түүний хувьд гар бөмбөгийн улсын шигшээ багийн тамирчин явсан гэнэ.

Хүүхдийн эмчийн ангийнхан нэгдүгээр курст орсны дараа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тужийн нарс руу мэлхий олж ирэх даалгавар аван явж байжээ. Ямар мэлхий гэхээрээ тийм хол явдаг байсан юм бэ гэхэд “Шинжилгээнд хэрэг­лэдэг мэлхий байсан юм” хэмээн өгүүлэв. Тэд ангиараа Зүүнхараа, Жаргалант, Гачуурт руу намрын ажилд явдаг байсан юм билээ.

Нямдоржийн Нэргүй, Цэрэндоржийн Тоня эмч нар сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Найрамдлын районы Амгалан дахь хүүхдийн эмнэлэгт хамт ажилладаг байсан юм байна. Н.Нэргүй эмч оюутны ширээнд тохой залган суудаг Галуугийн Халтарын хамт хичээл тараад хамт явдаг байж. Тухайн үед өнөөгийнх шиг харилцаа холбоо хөгжөөгүй байсан тул өглөө бүр бие биенээ хүлээн хамтдаа хичээлдээ явдаг байсан гэнэ. Харин Г.Халтар эмч одоогоор давхардсан тоогоор хагас сая хүнийг эмчилжээ. Тэдний ангийнхны нэг эмч л ийм олон хүнийг эмчилсэн гэхээр хүүхдийн эмчийн анхны ангийнхан гурван сая иргэнийг бүгдийг нь эмчилсэн байж таарна. Бахархмаар юм шүү.

Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг хэмээдэг. Энэ бүхэнд хэзээ ч нугарч яваагүй, эзэмшсэн мэргэжилдээ дэндүү үнэнч ангийнхан гэдэг даанч сайхан юм аа. Биднийг С.Бат-Очир, Д.Алдармаа эмчийн гэрээс гарахад ширээ дүүрэн хүүхдүүдийн бүтээл инээмсэглэл сацруулах мэт гэрэлтэн байсаар байлаа.

Биднийг “Нэг ангийнхан” булангаа бэлтгэснээс хойш Д.Алдармаа эмч бурхны хутгийг олсон тухай ангийнхан нь болон гэр бүлийнхэн нь мэ­­дэгд­сэн билээ. Ямартай ч сэрүүн тунгалаг ахуйдаа хэлсэн үгсийг нь өөрчлөлгүй энэхүү нийтлэлдээ багтаан оруулсан болно. Түүнчлэн та­лийгаачийн гэр бүлийнхэн бо­лон үр хүүхдүүдийнх нь зүгээс үргэлжийн цаг наргүй ажилд нухлагдан байдаг эмч нараа алдаршуулж, олон улсад та­ниулах, тэдний үйл хэргийг дэм­жих үүднээс “Алдар” хэмээх сан байгуулсныг дуулгалаа. С.Бат-Очир, Д.Алдармаа агсны гэр бүлийнхэн аав, ээжийнхээ мэр­гэжлийг өвлөн авцгаасан тул ийм гэгээн үйл хийж байгаа гэнэ.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *