Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 3-нд хуралдуулахаар товлов

Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 156 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар 03-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:

1/Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;
2/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
3/Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
4/Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
5/Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
6/Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заажээ.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Даваа гарагийн 09.30 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.30 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *