Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Батбаяр: АИХ-ын депутатаар сонгогдсон нь миний амьдралд тохиолдсон том өөрчлөлт байлаа

Оршлын оронд

Монгол Улсад ардчилсан анхны сонгууль болсны 25 жилийн ой тохиож байна. Монголд “ардчилал” хэмээх шинэ салхи сэвэлзэн, ард түмэн цээж дүүрэн амьсгалахыг тэмүүлсэн нь 1990 оны цагаан морин жил юмсанж. АИХ-ын депутатуудыг сонгох хариуцлагатай сонголтыг Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нар хүлээн зөвшөөрснөөр өөрчлөлт шинэчлэлтийн эх тавигдсан юм.

“Бүгд найрамдах Монгол ард Улсын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 151 дүгээр зарлиг” 1990 оны долдугаар сарын 5-ны өдөр долдугаар сарын 22-ны ням гаригт 7-22 цагийн хооронд санал хураалтыг явуулахаар тогтож байжээ.

Монголчуудын хувьд хариуцлагатай сонголт хийж байгаагаа тухайн үед бүгд мэдэж байсан. Тэр ч утгаараа сонгуулийн насны иргэдийн 98 хувь нь санал өгч байсан гэдэг. Харамсалтай нь түүнээс хойш ийм өндөр ирцтэй сонгууль болж байсангүй. Одоо манай гишүүдийн гаргаж буй санал болох хоёр парламенттай байя, холимог тогтолцоогоор сонгууль явуулъя гэдэг зүйл 1990 оны анхны ардчилсан сонгуулийн үеэр хийгдэж байсан. Хамгийн анхны намд санал өгдөг журам мөн л анхны сонгуулийн үеэр хэрэгжиж байсныг манайхан мэднэ.

Шүдэнз тарааж сонгуулийн сурталчилгаагаа хийж явжээ

Ням гаригийн өглөөний 6.20 цагт утас дуугарч байна. Харвал 9911…-тэй дугаар байх юм. “Байна уу” гэвэл “Энхболдоо, одоо уулзвал яаж байна. Би яваад очъё” хэмээн эрэгтэй хүн хариуллаа. “Болноо” хэмээн 6.30 цагт Яармагийн эцэст уулзахаар тохирлоо. Энэ хүн бол Барилга, хот байгуулалтын болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Нямжавын Батбаяр юм. Тэрбээр тун эртэч хүн ажээ. “Өглөө эрт хотоороо явахад амар байдаг юм. Замын түгжрэл ч байхгүй шүү дээ” гээд хөдөллөө. Бидний яриа АИХ-ын депутатыг сонгох анхны ардчилсан сонгуулийн талаар байв.

Н.Батбаяр гишүүн Ардын Их хурлын 43 дугаар тойрогт “Газар шороо” романаараа олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байсан нэрт зохиолч Дүгэржавын Маам, одоогийн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Жалелийн Хайрулла, Д.Базаргүр, Д.Баасанхүү, Ж.Галбадрах, Д.Дашбямба, Жа.Болд, Жү.Болд, Д.Болдбаатар, Я.Батсүх нарын хамтаар АИХ-ын депутатад нэр дэвшиж байжээ. Анхны ардчилсан сонгууль гэдэг утгаараа хэн хэн нь хариуцлагатай байсан нь мэдээж. Ялангуяа зохиолч Д.Маам, Ж.Хайрулла эмч нарын хувьд хэдийнэ олны танил болчихсон байсан болохоор бусдыгаа бодоход сонгуульд орно гэдэг арай амар байсан байж мэдэх юм. Долдугаар сарын 22-нд сонгууль болж хамгийн олон санал авсан хоёр хүн болох Ж.Хайрулла эмч Н.Батбаяр гишүүн хоёр үлдсэн байна. Тэд дүүрэгт бус найман байрны дунд нэр дэвшиж байсан гэнэ.

Найман байрныхаа хүмүүсийг дуудан уулзалт хийх гэхэд тэр бүр хүн ирдэггүй байж. Н.Батбаяр гишүүн “Комплекс импорт хангамжийн нэгдэл”-дээ хамтлагтай байсан гэнэ. Тус хамтлагийнхан нь байгууллага дотроо болон зарим үед орон нутагт тоглолтоо хүргэдэг байсан тухай ярьсан юм. Тиймээс хамтлагийнхнаа байрны үүдэнд цуглуулан бяцхан тоглолт хийж эхлэхэд хүмүүс цугладаг байсан тул тэр үед л нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг байж.

Бид Саппорогийн уулзвар дээр ирлээ. Тэрбээр “Миний нэр дэвшсэн гээд байгаа 43 дугаар тойрог чинь энэ хэдэн байрнууд байгаа юм. 1990 оны долдугаар сард үүгээр чинь явж л сурталчилгаагаа хийж байлаа” хэмээн байрнууд дундуур орлоо. Хоёр ч сургуулийн дэргэдүүр өнгөрлөө. Тухайн үед санал хураалт энэ хоёр сургууль дээр болжээ. Н.Батбаяр гишүүн байнга биш ч гэсэн өөрийн амьдарч байсан болон нэр дэвшиж байсан хийгээд өөрийнх нь амьдралтай ямар нэгэн сэжмээр холбоотой газруудаараа өглөө эрт тойрдог аж. Түүний хувьд долдугаар сарын 22-нд мөн үүгээр ирээд явжээ. Учир нь 1990 оны долдугаар сарын 22-ны ням гаригт анхан шатны сонгууль явагдаж байсан юм байна. Түүнээс “1990 оны долдугаар сарын 29-нөөс хойш хэр өөрчлөгдсөн байна, танай тойрог” гэхэд “Бүхэл бүтэн хороолол сүндэрлэсэн. Замын араар дүүрэн гэр хороололтой болсон гээд ярьвал маш их юм бий” гэв.

Тухайн үед өнөөгийн сонгууль шиг сурталчилгаа энэ тэр гэж юм байсангүй. МҮДН-ийнхэн шүдэнз худалдан авч нэр дэвшигч гишүүнийхээ зургийг наан, алгын чинээ цаасан дээрх танилцуулгын хамтаар айлуудаар тараадаг байж. “Комплекс импорт хангамжийн нэгдэл”-ийн 260 хүний дэмжлэгтэйгээр нэр дэвшиж байсан тухай тэрбээр ярьсан юм. Ардчиллын төлөөх цохилох зүрх бүхэн түүнд санал өгч нийт сонгогчдынхоо 57 хувийн саналыг авснаар АИХ-ын депутат болсон түүхтэй. Тэр үед Н.Батбаяр гишүүн 30 настай байжээ. Уг сонгуулиар МҮДН-ын зургаан хүн АИХ-ын депутат болсон бол хоёр нь Улсын бага хурлын гишүүн болсон гэдгийг тэрбээр тодотгосон юм. Уг сонгуультай хамт улс төрийн намуудын талаар санал хураалт явуулахад МАХН-ын араас 5.52 хувийн саналаар МҮДН жагсаж байжээ.

Н.Батбаяр гишүүн үндэсний өв уламжлалаа сэргээх, хүн төрөлхтний бүтээсэн дэвшилтэт зүйлсээс бүтээлчээр авч хэрэглэх замаар улс орныхоо хөгжин цэцэглэх баталгааг бий болгохыг зорьжээ. Мөн өмчийн олон хэлбэрийг өв тэгш хөгжүүлж, чөлөөт үйлдвэрлэгч бүхий зах зээлийн эдийн засагт шууд шилжих, эдийн засгийн нээлттэй бодлогыг явуулахын зэрэгцээ аль нэг орноос эдийн засгийн хараат байдалд орохоос сэрэмжлэх үүднээс импортын тодорхой нэрийн барааны болон гадаад худалдааны нийт эргэлтэд нэг орны эзлэх хувь 40-өөс дээшгүй байлгах зарчим баримталж байснаа мөрийн хөтөлбөр болгон дэвшүүлжээ. “Таны мөрийн хөтөлбөр биелсэн үү” гэхэд “За даа, үр дүнд хүрсэн нь ч байна. Ямар ч үр дүнгүй болсон нь ч байна. Хүн өнгөрсөн амьдралдаа цатгалан байвал ирээдүйдээ өлсгөлөн байдаг юм шиг байна лээ. Тиймээс бид өнгөрсөн амжилтаа биш ирээдүйгээ харах ёстой. Гэхдээ хэн нэгнийг буруутгаж биш. Бид буруутанг хайдаг уралдаанаасаа салах цаг болсон” хэмээн хариулсан юм. “Цаг цагаараа байдаггүй цахилдага хөхөөрөө байдаггүй гэдэг эртний үгтэй шүү. Амьдрал гэдэг чинь тэр чигээрээ тэмцэл байхгүй юу. Чингисийн үед тийм байж. Одоо ч тийм байна. Цаашид ч тийм л байх болно. Тухайн цаг үедээ тодорч гарч ирээд улс орноо удирдана гэдэг тийм ч амар зүйл биш. АИХ-ын депутатаар сонгогдсон цаг үе миний амьдралд тохиолдсон бас нэгэн том өөрчлөлт байлаа” гэв.

Ардчилсан анхны сонгуулиас хойш 25 жил өнгөрсөн байна. Энэ бол түүхийн хугацаанд асар богино санагдах хэдий ч хүний амьдралын хоёр ч үе солигдох хугацаа. 25 жилийн хугацаанд Герман улс хөгжиж чадлаа. Эл улс чинь дэлхийн хоёрдугаар дайны дараа балгас болсон гэхдээ өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Тэгвэл энэ хугацаанд Хятад мөн л хөгжлийн замаа олж дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон бол Сингапур гэдэг загасчны тосгоныг Ли Куан Ю Азийн бар болголоо. Бид ингэж л хөгжих хэрэгтэй гэдгийг санууллаа. Түүний үзэж буйгаар ардчилсан сонгуулийн буянаар олон зүйл хөгжсөн ч жинхэнэ үр дүн бол мал аж ахуйн салбарт гарсан гэдгийг тодотгосон. Учир нь социализмын үед малаа 25 сая толгойд хүргэх таван жилийн төлөвлөгөө гаргаад хүргэж чаддаггүй байсан ч ардчиллын буянаар мал 50 сая гарсан гэлээ. Энэ нь малчид хөдөлмөрлөсний үр дүнд, мал эзэндээ очсоны үр дүн. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг энэ дээ гэсэн юм. Бид бүгд ажиллахгүй амаараа шүүмжлээд байвал шороо үмхэнэ шүү гэдгийг сануулсан. Түүнчлэн ардчиллын буянаар өнөөдөр алс буйд газрын малчин хүртэл интернэтэд холбогдож, гэрэл цахилгаантай байгаа тухай ярив. Нэг зүйлийн тухай нэмж өгүүлэхэд монголчууд ноён санаатай болохоор бүгд ажил хийх хүсэлгүй тул бүгд шүүмжлэгч болсон гэлээ. Н.Батбаяр гишүүний хувьд зүрх алдвал бүхнийг алдана. Зоригтойгоор шууд ажлуудаа хийхийг шаарддаг тийм л зантай хүн аж. Энэ түүний баримталдаг зарчим юм байна. Ардчилсан сонгуулиар байгууллага болгон дээр байсан эвлэлийн үүрийг болиулж, орон нутгийн засаг захиргааны байгууллагатай болгожээ. Одоо үүнийг өөрчлөх цаг болсон тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэх цаг ирсэн гэлээ.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *