Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлаар нас баржээ

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Бумбатын Харцагат” гэдэг газар оршин суудаг 14 настай, эрэгтэй тарваган тахал өвчнөөр өвчилж нас барсан нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Талийгаач долдугаар сарын 12-ны өдөр тарваганы мах идсэнээс гурван хоногийн дараа халуурч, суганы булчирхай цочиж, хөндүүрлэсэн, толгой хүчтэй өвдсөн зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, долдугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээг авсан ч 21-ний өдөр нас баржээ. Лабораторийн шинжилгээний дүнгээр тарваган тахал өвчнөөр өвчилж нас барсан нь батлагдсан байна. Одоогоор голомтод Зоонозын өвчин судлалын төв, Ховд аймаг дахь ЗӨСТ болон бусад байгууллагуудтай хамтран хариу арга хэмжээг зохион байгуулж байна.

Голомтод I хавьтал 55, II хавьтал 171 хүнийг илрүүлэн хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байгаа бөгөөд нэмж тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байгааг албаныхан хэллээ.

Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдөр тохиодог. Уг өдрүүдийн хүрээнд долдугаар сарын 16-наас 28-ны хооронд дүүрэг болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдана гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсээр байгаа тул энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийг албаны хүмүүс анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *