Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монгол төрийн наадмын зүүний магнай

Монгол төрийн наадмын зүүний магнайг манлайлах гэж хөлөө жийлцсэн хоёр аваргын хүүхэн шуухных шиг тулга тойрсон хэрүүлийн хөлд зуны сар өнгөрчихлөө. Эр хүний ноён нуруу, жудаг бүхний илэрхийлэл гэж итгэж, хүндэлж явдаг бөхчүүд нь хэрүүлтэй болохоор санаа дагаад ч тэр үү энэ зун Монголын их тал нутаг хаа хаанаа гандуухан байгаа сурагтай. Харин өчигдөр эрэмбээ булаалдсан хоёр аваргын хэрүүлийг эцэслэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэдний шийдвэрээр дархан аварга Г.Өсөхбаяр зүүн жигүүрийг магнайлахаар болов. Ер нь хоёр дархан аваргын хэн нь зүүний магнайд гарах нь наадамчин олны хувьд падлийгүй зүйл. Гэхдээ л “Энэ жилийн наадам юу л болдог бол доо, энэ бөхчүүдийн байж байгааг…” хэмээн сэтгэл зовних хүн цөөнгүй. Зарим нь бүр “Зүлэг нь хиймэл ч гэлээ, бөхийн жудаг нь жинхэнээрээ байвал зүгээр сэн” гээд жиг жуг хийх болов.

Бөхийн жудаг гэснээс тэр жилийн нэгэн түүхийг дэлгэе. Тэр жил гэдэг нь 1994 он. Мөөеө аварга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнуулаад төрдөө үнсүүлжээ. Тэгээд шагнуулсныхаа дараахан Д.Дамдин аваргад зочилж “Данигай аваргаа Монгол Улс намайг Хөдөлмөрийн баатар болголоо, хөлсөө сайн урсгасан гэж шагнаж байгаа бололтой” хэмээжээ. Тэгтэл Данигай аварга хариуд нь “Монгол төрийн наадамд тогтоосон амжилтыг минь Мөнхбат эвдсэн. Таван жил дараалж түрүүлсэн хүчтэн чи шүү. Нүдээ олсон шагнал болжээ. Харин чиний энэхүү шагналыг мялаах барьц на­дад одоо алга. Энэ жилийн Монгол төрийн баяр наадмын зүүний магнайг чи ав” хэмээсэн байдаг. Энд мөнөөх бөхийн жудаг жинхэнээрээ байжээ гэж санагдана. Тийнхүү 1994 оны төрийн их баяр наадамд Данигай аварга зодоглолгүй өнжсөн түүхтэй. Монгол бө­хийн жудаг ийм байсан, байсаар ч байгаасай гэж хүснэм.

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *