Буриадын уран барималч Даши Намдаковын бүтээсэн Чингис хааны хөшөөг Лондон хотын Гайд парк дахь Марбели нуман хаалганы ойролцоо сүр дуулиантайгаар сүндэрлүүлж байв. Лондонгийн олимпийг тохиолдуулан ийн байгуулсан хүрэл хөшөөний цэцэрлэгт хүрээлэнд байрлах хугацаа дуусч “Halcyon” галерейд шилжсэн юм. Үзэсгэлэнгийн танхимд хоёр жилийг элээсэн энэ хүрэл цутгамлыг монгол хүн өндөр үнээр худалдаж аваад эх орондоо авчирлаа гэсэн мэдээ шуурч байна. Харин Даши Намдаковын энэхүү бүтээл Лондонд байсан бол дээр гэж судлаачид тайлбарлаж байна. Дэлхийн сая сая жуулчин цуглардаг их хотод тэр хөшөө сүндэрлэснээр Чингис хааны болоод монголчуудын тухай сурталчилгаа болно гэж тэр л дээ.
Тэрхүү 4.8 метрийн өндөртэй, 2.7 тонн жинтэй хөшөөнд ногдуулах гаалийн татвар нь нэг тэрбум төгрөг болжээ. Иймд гишүүд “Эзэн Чингис хааныхаа хөшөөг эх орондоо авчирч байхад нь гаалийн татвараас чөлөөлөх ёстой” гэж үзсэн тул уг хөшөөний гаалийн татварыг УИХ-аар хэлэлцэж тэглэсэн. Чуулганы хуралдаан дээр гишүүд хөшөөг хаана байрлуулахыг сонирхтол ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хариулахдаа “Сүхбаатарын хөшөөний оронд байгуулна” гэж хариулсан мэдээлэл байна. Түүний хэлсэн энэ үг худлаа байлгүй дээ. Морьтой жанжныхаа хөшөөг зайлуулж, морин голионы баримлыг арай тавьчихгүй байх. Нисэх онгоцны буудал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Майдар цогцолборт байрлуулах тухай хувилбарууд ч дуулдана лээ. Эрх биш ийм шийдвэр гаргах байлгүй. Урьд нь Сүхбаатарын талбайн нэрийг солиход “Өдрийн сонин” эсэргүүцэн дуугарч байсан. Д.Сүхбаатар жанжны байгуулсан алдар гавьяаг мөнхлөн нэрлэж заншсан төв талбайг “Чингис хаан”-ы гэж нэрлэсэн нь одоо ч хүмүүст ойр буудаггүй. Тэгээд ч талбайн төв хэсэгт Д.Сүхбаатарын, хойморт нь Чингис хааны хөшөө заларсан нь утгагүй, авцалдаагүй харагддаг. Ер нь Чингис хаан гэдэг хүний тухай асуудал дэлхий дахинд маргаантай сэдвийн нэг. “Чингис, Чингис” гээд л бидний булаацалдаад байдаг энэ хүний түүхийг сөхөхөд дэлхийд болон Монголд гавьяатай юу, гайтай юу гэдэг нь маргаантай асуудал. Ямар сайндаа Английн парламентын зарим гишүүд уг хөшөөг олон зуун хүнийг үхэлд хүргэж, геноцид үйлдсэн эзлэн түрэмгийлэгчийнх. Тиймээс Лондон хотын зүрхэнд байрлуулж болохгүй хэмээн шүүмжилж байсан. Тухайн үед Английн парламентын дарга Роберт Дэвис “Урлагийн бүтээл ямар нэг санааг илэрхийлж, тэр нь хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнөх сэдэв болох үедээ алдартай болдог. Чингис хааны хөшөө бол сайн бүтээл” гээд Чингис хааны түүхэнд бүтээсэн гавьяаг хэлж арай хийн Лондонд үлдээж чадсан гэдэг.
Ер нь урлаг гэдэг бол харьцангуй. Яг тийм гэж хэлэх арга байдаггүй. Урлаг бол бас агуу нэрлэхэлтийг бий болгодог. Тэр утгаараа хүмүүс энэ хөшөөг ойлгодог болж жүжиглээд “Агуу” гэх байх л даа. Олон хүний бахдан бишрээд, агуу суут бүтээл гээд шуураад байгаа тэрхүү хөшөөг би лав эзэн Чингис хааных гэхээсээ илүүтэйгүүр морин голиотой адилтган харж байна.
М.МӨНХ