УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.
-Өнгөрөгч долоо хоногт АН-ын бүлгийн дарга МАН Засагт хамтарсан цагаасаа хойш албан тушаалын асуудалд маш сайн хандаж Засгийн газрын бусад асуудалд гацаах маягтай оролцож байна гэсэн. Удахгүй МАН-ыг Засгаас хөөх тухай яриа ч гарчээ?
-Би энэ тухай хэвлэлийн мэдээ харсан. Өнгөрсөн оны сүүлээр МАН Засгийн газарт орж Шийдлийн хэмээх өнөөдрийн энэ Засгийн газрыг байгуулалцсан. Тэр үед Засагт орох нь зөв үү, буруу юу гэдэг дээр эргэлзэж байсан гишүүдийн нэг нь би мөн л дөө. Нэг талаас улс орны эдийн засаг хүндэрсэн тул хамтраад явчихвал арай дээрдэх юм болов уу гэж найдсан. Хэрэв манай нам улс төрөө бодсон бол Засгийн газарт хамтрах нь дэндүү утгагүй зүйл байлаа. Тэртэй тэргүй 2012 оны сонгуулийн дараа АН МАН-гүйгээр засаглаж эдийн засгийг ийм хүнд нөхцөлд хүргэсэн. Монгол ардын намынхан бол зөв харж инээн, буруу харж уйлах нь холгүй намынхаа эрх ашгийг хоёрт тавьж, ард түмнийхээ эрх ашгийг бодон хамтарсан. Манай нам Засагт хамтарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. МАН Засагт хамтран орсон ч гэсэн ард түмэнд харагдахуйц өгөөжтэй шийдвэрүүд гаргаж чадахгүй байгаа л даа.
Ер нь бол асуудлын гол нь МАН-д биш Ардчилсан намын засаглах хэлбэр ирээдүйд юу болохыг ойлгож байгаа, хүлээж авч буй нөхцөл байдал нь МАН-ынхаас эрс зөрүүтэй байна. МАН Засгийн газарт зургаан суудал, Их хуралд 26 гишүүнтэй байгаа энэ үед Ардын намын бодлого бүрэн утгаараа хэрэгжихгүй. Тиймээс ард түмний амьдрал сайжирна гэдэг итгэл өдрөөс өдөрт алдарч байгаа юм. Миний хувьд МАН ийм Засгийн газрын бүрэлдэхүүнд удаад байх шаардлага байхгүй. Нэгэнт үр дүн гарахгүй байхад ийм нөхцөлд Засгийн газраас бушуухан гарчих хэрэгтэй.
-Танай намынхан Засгаас гарах гээд АН-ыг иймэрхүү үгээр өдөөд байгаа юм биш үү?
-АН Засагт хамтраач ээ хэмээн МАН-ыг нэлээд удаан гуйж байж зөвшөөрөл авч чадсан. Одоо бидний шаардлага байхгүй гэж байгаа бол албан ёсоор шийдвэрээ гаргаад тавьчих л даа. Харамсалтай нь Шийдлийн Засгийн газраас оруулж ирж байгаа эдийн засгийн шийдлийн бодлогууд нь хэт нэг тал руугаа хэлбийсэн, улс эх орны эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэрүүд гаргаж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ардын нам ардаараа овоглосон учраас ард түмнийхээ эрх ашгийн төлөө явдаг. Харамсалтай нь энэ бодлого маань Шийдлийн Засгийн газарт биелэлээ олж чадахгүй байна.
-Нэгэнт гэрээ байгуулан хамтарч байгаа энэ үед танай намаас Засагт орсон зургаан сайд намынхаа үйл ажиллагаа, чиглэлийг төдийлөн сайн ойлгуулж чадахгүй байна гэж ойлгож болох уу?
-Би Засгийн газрын гишүүн биш болохоор Засгийн газрын хуралдаан дээр ямархуу уур амьсгал бүрэлдэж байгааг хэлж чадахгүй нь. Манай намаас Засагт орсон сайд нараас асуусан нь дээр байх. МАН-ын засаглах хэлбэр, эдийн засгийг харж буй байдал нь ард түмнийг өнгөц хэлбэрээр хуурах ёс зүй байхгүй байгааг харж болно. Шилний цаанаас мөхөөлдөс долоолгохоор мөхөөлдөсний амт амтагддаггүй биз дээ. Ард түмнийг түр зуурын шоу хэлбэрээр аргалах ийм засаглал руу яваад байна. Энэ Засгийн газрын нэг шинж нь шоу сайтай болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэнэ, тэгнэ, хийнэ гээд ирээдүй цагт л юм яриад байгаа болохоос ингээд хийчихлээ, ингээд хийж байна гэдэг зүйл харагдахгүй байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс энэ Засгийн газрын чадавхи нь маш сул байна.
-МАН-ын удирдлагууд Засгийн газраас гарах асуудлыг юу гэж байгаа юм. Засагт ороод 200 гаруй хүн танай намаас албан тушаалд хүрсэн. Сайд, дэдсайдууд гээд маш олон хүн томоохон албанд очсон?
-Би манай намаас тийм хүмүүс ийм албан тушаалд очлоо гэсэн статистик гаргаж үзээгүй. Сураг сонсох нь ээ ганц нэг хүн Ардын намын нэрээр албан тушаалд очсон юм шиг байна лээ. Харин намын удирдлагууд Засгаас гарах тал дээр ямар бодолтой байгааг өөрсдөөс нь асуувал илүү хариулт авах байх аа.
Харамсалтай нь энэ Засгийн газар төвлөрсөн судалгаатай, үр дүн гарахуйц нэг ч шийдвэрийг гаргаж чадсангүй. Манай нам Засагт орсноор өрийн таацыг ил болон далд хэлбэрээр гаргаж чадсан юм. Шулуухан хэлэхэд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бараг байхгүй гэж хэлэхэд болно. Бид Засагт хамтрахдаа өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж гэрээ байгуулсан ч гэрээ биелэлээ олж чадахгүй байгаа нь үнэн.
-МАН заавал Ардчилсан намаар хөөлгөж байж энэ Засгаас гарах гээд байгаа юм уу. Эсвэл өөрсдөө гарах гээд байгаа юм уу?
-Үүнийг би ганцаараа шийдчихдэг юм биш. Намын Бага хурлын 300 гаруй гишүүний олонхийн саналаар шийдэгдэнэ. Урьдчилж ийм шийдвэр гарна гэж хэлэх нь утгагүй зүйл. Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд Шийдлийн Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байна л гэж хараад байгаа. Энд тэнд гарсан өгүүлэл төдий зүйлийг уншин ямар ч судалгаагүй зүйл ярих юм. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эдийн засгийг сайжруулчих ямар арга хэмжээ авчихсан юм бэ.
-Бид л Засагт хамтрахгүй бол эдийн засаг тартагтаа туллаа гэдэг зүйлийг танай намынхан ярьж байсан. Орсныхоо дараа ингэж ярих байсан юм уу?
-Бид Засагт орно гэдэг нь нэр төдий ямар ч дуу хоолойгүй, Ардын намын мөрийн хөтөлбөр биелэлээ олж чадахгүй. Ингэж Засгийн газрын шийдвэр болгон гаргах боломжгүй цөөнхийн байр сууринаас Засагт байна гэдэг утгагүй асуудал.
-Тэгээд яах ёстой гэж?
-Магадгүй Ардын нам олонхи болоод Засгийн газрын шийдвэрийн зонхилох хэсгийн манай нам гаргаад явбал ард түмэн жаахан хожих байх. Хараад байхад Ардын нам ялагдахаар ард түмэн дагаад ялагдчихдаг юм байна. Ардын нам ялаагүй үед ард түмний амьдрал хүнд байгаа биз дээ.
-Танайхан Засгаас гарлаа гэхэд ард нь 200 гаруй хүний албан тушаалын асуудал яригдана. Энэ бүхэнд чинь ард түмэн чинь хохирч байна шүү дээ?
-Салбар хоорондын уялдаа алдагдсан, ирээдүйг хараагүй, эдийн засгаа тогтоож дийлэхгүй буруу бодлого явуулж байгааг засч чадахгүй байгаа юм чинь Засагт байх нь утгагүй асуудал. Гарлаа гэхэд таны хэлсэн шиг шүүмжлэл гарах байх. Засгийн газар тогтворгүй байх нь эерэг зүйл авч ирдэггүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ардын нам ард түмнээ бодоод улс төрийн савлагаа үүсгэчихгүйн тулд ажиллаж байна. Улс төр нь савлаад эхлэхээр эдийн засаг нь дагаад савлачихдаг. Одоо бол хоёр муугийн арай гайгүй мууг нь сонгох шаардлага бий. Миний хувьд Ардын нам Шийдлийн Засгийн газарт орсноос хойш ийм үр дүн гарсан гээд ард түмэнд тайлагначих юм даанч алга.
-Засгийн газарт хамтарсны гавьяа гэж танай намд юу байна вэ?
-Үнэхээр Засагт хамтраад ийм зүйл хийлээ гээд хэлчих юм даанч алга.
-Тийм болохоор л Засгаас гар гээд байгаа юм уу?
-Би намын удирдлагын түвшинд ажилладаггүй. Бүлгийн гишүүн. Тиймээс хэлж мэдэхгүй байна. Ийм үлбэгэр, сул дорой, ард түмнээ боддоггүй бодлого явуулж байгаа нөхцөлд хэцүү байна л даа.
-Тан шиг байр суурьтай гишүүд танай намд хэр олон байгаа вэ?
-Нэлээд олон байгаа байлгүй дээ. Ардын нам Засагт хамтраад ард түмэнд хэрэгтэй зүйл юу хийчих вэ гэж хоорондоо ярьдаг юм. Удахгүй чуулган завсарлахаар бид тойргоороо явна. Намайг тойрогтоо очихоор таны асуугаад байгаа асуултуудыг иргэд асууна. Тэр үед ийм сайн зүйл бий болсон гээд хэлчих зүйл тун бага байна.
-Та тэгээд иргэдтэйгээ уулзаад юу гэж хэлье гэж бодож байна?
-Үнэхээр хэлэх үгээр маруухан л сууна. Эдийн засаг өдөр ирэх бүр л улам муудаад байгаа биз. Магадгүй эдийн засаг өнөөдрөөс хурдан унах байсныг манай нам Засагт хамтраад сааруулж чадсан. Бид уналтын хурдыг л сааруулсан. Аль аль нам нь ард түмний амьдрал сайжирчих хэмжээний арга хэмжээг авч чадсангүй л дээ. Одоогийн Засгийн газрын яриа нь хэтийдэж, хийх нь багадсан байна. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна.
-Асуудлын зангилаа нь Ерөнхий сайддаа байна уу, намууддаа байна уу?
-УИХ, Засгийн газрыг тодорхойлж байгаа Ардчилсан намдаа л асуудал нь байна. Бид өнгөрсөн гурван жил бодлогын алдаануудаа зас гэж ад үзэгдтэлээ л хэлсэн. Сөрөхийн тулд сөрөөд байгаа юм шиг хүртлээ бид шүүмжилж байгаа. Харамсалтай нь үүнийг ойлгохгүй байна л даа.
Э.ЭНХБОЛД