Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Бямбацогт: Ардчилсан намынхныг гар гэхээр Засгаас гарчихдаг тийм юм гэж хаа байхав

УИХ дахь МАН-ын бүл­гийн дарга С.Бямбацогтоос уг сэдвээр тодруулга авлаа.

-МАН Засгийн газарт хамтарснаас хойш зөв­хөн албан тушаалын хуваа­рилалт дээр амлалтаа бүрэн биелүүлсэн. Бусад асуудал дээр хойрго хандаж байгаа тул МАН Засагт байх ёстой юу үгүй юу гэдэг асуудлыг ярихаар болжээ. Үүнд ямар хариулт өгөх бол?

-Манай бүлэг дээр ч гэсэн хамтарсан Засгийн газар байгуулсан нь зөв байсан уу, буруу байсан уу гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ард иргэдийн амьдралд нааштай гээд хэлчихээр зүйлс гарахгүй байгаа тул МАН-ын бүлгийн гишүүд яах ёстой вэ гэдгийг ярьж байна. АН-ыг гар гэхээр засгаас гарчихдаг тийм юм гэж хаа байхав. Мэдээж холбогдох байгууллагуудаараа ярьж, хэлэлцэж байж энэ асуудлаа шийднэ.

Гэрээндээ тодорхой зүйл­сийг хийж хэрэгжүүлнэ гээд заачихсан байгаа. Тухайлбал, эдийн засгийн хямралыг давах хөтөлбөр батална. Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа ард иргэдэд өгөөжтэй, олон нийтийн хяналтын дор ил тод явуулна гэсэндээ хүрч чадаж байгаа билүү. Оюу толгойн гэрээг нууж байгаад Дубайд очоод гарын үсэг зурсан. Тавантолгойд гэхэд Монголын гурван сая иргэн 1072 хувь­цаагаа өмч болгон үнэ цэнтэй болгож чадаагүй. Энэ мэтчилэн гэрээнд тусгагдсан тодорхой асуудлууд ший­дэгдэхгүй байна. Сонгуулийн хуулийг хавар шийдчихье гээд чадаагүй. Түүнчлэн хар машины давхар хяналтыг гараар тоолно гэсэн ч мөн л шийдэгдсэнгүй. Гэх мэтээр ярьж болохгүй зүйл гэж байхгүй. Ярьж болно.

Харин манай намыг албан тушаалын тал дээр амлалтаа биелүүлсэн гээд байгаа. Зөвшилцлийн гэрээнд зааснаар манай нам сайд нараа аль болох туршлагатай хүнээр тавья гэсэн. Санасан хэмжээнд хүртэл зарим нь ажиллахгүй байгаа тал бий ч туршлагатай, мэдлэгтэй хүмүүс намд маш их байдаг. Хариуцлагатай хүнээ тавих ёстой.

-Хамгийн гол нь хамтран Засгийн газар байгуулсан хэрнээ Засгийн газрын оруулж ирсэн хууль, тогтоо­лын төслүүдийг унагаж бай­гаад АН-ын гишүүд бухим­даж байгаа бололтой. Албан тушаалаа авсан бол ажлаа хийх ёстой юм биш үү?

-Бид Засгийн газрын оруулж ирсэн зөв бодлогыг дэмжээд явж байгаа. Харин буруу бодлого дээр нь шүүмжлэлтэй хандаад явж байна. УИХ дээр ч гэсэн асуудлыг аль болох сайжруулаад зөв асуудлыг нь хурдан дэмжээд баталж яваа. Гэтэл нөгөө талдаа МАН-ын бүлгийн гишүүдийн тавьсан асуудлыг шийдэхгүй байна. Тухайлбал, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг засагт хамтарсан цагаасаа эхэлж тавьж ирсэн ч өдий болтол хэлэлцсэнгүй. НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох гээд маш олон асуудал хэлэлцүүлэхээр өргөн барьсан ч таг чиг байна. Ийм байдлаар хамтарвал утгагүй л байна.

-Анх гэрээ байгуулах үед оролцсон МАН-ын ажлын хэсгийн гишүүдтэй АН-ынхан уулзах бололтой. Үүний дараа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны бага хурал хуралдаж, тодорхой шийдвэр гаргахаар болж. Магадгүй МАН-ыг Засгаас хөөнө гэдэг яриа гарсан байна лээ. Асуудал хөөж, хөөгдөхдөө тулсан юм уу?

-2009 онд Сү.Батболдын Засгийн газар байгуулагдахад Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг “Биднийг засгаас хөөсөн ч засгаас гарахгүй” гэж байгаад гарсан байх аа. Одоогоор нэг нь хөөж, нөгөө нь хөөгдөөд байгаа юм алга.

Э.БОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *