ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Д.Базардоржтой ярилцлаа.
-БРИКС бол ид хүчирхэгжиж байгаа, их хорийн шийдвэрт нөлөөлөхүйц байгууллага гэх мэтээр ярьдаг. Судлаачийн хувьд БРИКС-ийг цөөн үгээр тодорхойлооч?
-БРИКС бол 2009 онд анх байгуулагдсан, таван гишүүнтэй нэгдэл. G-20 гэдэг шиг ирээдүйд G-5 болох том амбицтай байгууллага. Анх ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил гэсэн дөрвөн улс нэгдсэн. Бүгд л хөгжиж байгаа улс. Тэгсэн хэрнээ хүрээ зангараг нь дэлхийн хэмжээнд нөлөөлөхүйц орнууд. Бараг бүх тивийг дамнасан улсын төлөөлөл энэ байгууллагад бий. Сүүлд ӨАБНУ нэгдэж орсон. Хэдийгээр нөгөө улсуудтайгаа харьцуулахад зүйл зүйлээр дутуу, хүчин чадал нь сул ч гэсэн Африк тивдээ бол нөлөөтэй том улс. Хөгжиж байгаа том гүрнүүдийн санхүүгийн чиглэлээр хамтарсан байгууллага л даа. Ноднин Бразилд болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр БРИКС-ын улсуудын төрийн тэргүүн нарын уулзалт болсон юм. Тэр үеэс үйл ажиллагааны том эргэлт гарсан гэж хараад байгаа юм. Хоёрдугаар дайны дараагаас дэлхийн санхүүгийн тогтолцоонд ноёлж ирсэн, дэлхийн санхүүгийн бодлогыг тодорхойлдог хэдэн гол байгууллага бий. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг байгууллагын ноёлол, үйл ажиллагаатай өрсөлдөх зорилгоор байгуулагдсан, өөрийн гэсэн өнгө төрхтэй, дэлхийн хэмжээний шинэ санхүүгийн байгууллага.
-Бразилийн уулзалтаар шинэ банк байгуулсан байх аа?
-Зургаа дахь удаагийнх нь уулзалт л даа. Энэ үеэр байгуулсан БРИКС-ийн хөгжлийн шинэ банкны Удирдах зөвлөлийн гишүүдэд нь гишүүн таван орны төлөөлөл орж байгаа. Удирдах зөвлөлөөс томилсон банкны ерөнхийлөгч гэж бий. Механизм нь тодорхой болчихсон гэсэн үг. Төв нь Шанхайд бий. Гэхдээ чухам юу хийх вэ, хэтийн зорилго нь ямар вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Энэ асуудлыг ирэх сард болох Уфагийн уулзалтын үеэр ярих болов уу. Уфагийн уулзалтын үеэр БРИКС гэдэг эдийн засаг, санхүүгийн том байгууллага хэтийн арван жилийн төлөвлөгөөгөө боловсруулах байх. Эдгээр улс дэлхийн хэмжээнд санхүү, эдийн засгийн талаар бие даасан дотоод дүрэмтэй механизм, шинэ хүч бий болгохыг зорьж байгаа.
-Өөрсдөд нь ашигтай төсөл хөтөлбөр гишүүн бус орнуудад нь хэрэгжлээ гэхэд санхүүжүүлэх сонирхол энэ байгууллагад бий юу?
-Одоогоор дүрмийнхээ дагуу гишүүн орнуудаа эн тэргүүнд тавьж байна л даа. Гишүүн орнуудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх чиглэлд анхаарч байгаа. Гэхдээ арван жилийн хөгжлийн төлөвлөгөөг баталж гаргах үед юу яригдахыг хэлэхэд эрт.
-БРИКС-ийн гишүүн Орос, Хятад хоёр улсын дунд Монгол бий. Хоёр хөршийн дэд бүтцээр холбогдох нэг том гарц нь манай улс. Тэгэхээр энэ сонирхлынхоо хүрээнд дэд бүтэц дээр санхүүжилт хийхийг хүсч мэдэх л юм…?
-БРИКС-ийн улсууд уулзалтынхаа үеэр хэтийн төлөвлөгөөгөө боловсруулна. Тэр нь яаж гарах, тэр зарчим, төлөвлөгөөнийх нь хүрээнд манай улс яаж оролцох боломжтой нь тухайн цаг үедээ тодорхой болох байх. Улсын суурь бүтээн байгуулалтыг санхүүжүүлж болох нэг үүсвэр байхыг үгүйсгэхгүй. Хятадын талаас “и дай, и лүй” буюу нэг бүс, нэг зам гэсэн том стратеги барьж байгаа. Оросын хувьд Евразийн бүтээн байгуулалтын стратеги гэж бий. Энэ хоёрын тухайд баруунаасаа зүүн тийш, зүүнээсээ баруун тийшээ уулзаж байгаа цэг нь яалт ч үгүй манай улс. Монголоор дайрсан, хоёр улсыг холбосон том бүтээн байгуулалтын асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Чухам үүнийг хэрхэн яаж хийх вэ гэдэг том асуудал болоод байна л даа. Магадгүй нэг боломжит суваг нь энэ байхыг үгүйсгэхгүй. БРИКС-тэй Монгол яаж холбогдох вэ гэдэг асуудлыг хөндөхөөр ШХАБ-ыг ярихаас аргагүй. Яг энэ өдрүүдэд ОХУ-аас гадна БНХАУ-ын Гадаад харилцааны яамны эдийн засгийн хэлтэс, Хөгжил шинэчлэлтийн хорооноос төлөөлөл ирчихсэн манай улсад ажиллаж байна. Гурван талт уулзалт хийж байгаа. БРИКС, ШХАБ-ын уулзалт, энэ үеэр болох Монгол, Орос, Хятад улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хэлэлцэгдэх, яригдах асуудлын бэлтгэл ажлын хүрээнд ирсэн юм. Өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж, ярьж байна.
-Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр ямар асуудал яригдах бол, эдийн засгийн чигийн яриа хөөрөө өрнөх болов уу?
-ШХАБ-ын хувьд манай улсыг гишүүнээр элсээч гэж байгаа. Энэ асуудлыг сөхөж ярьж таарна. Өнөөгийн хувьд ажиглагч гэсэн статусаа хадгалах нь зөв болов уу гэж харж байна. Пакистан, Энэтхэг, Иран гэсэн гурван улсыг гишүүнээр элсүүлэх байх. Монгол гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлдэг. Хоёр орны түвшинд тэнцвэртэй бодлого явуулах гэсэн бодлого маань хоёр том хөршийн хувьд эмзэг асуудал болдог. Гэтэл Хятадын талаас дэвшүүлж буй “нэг зам, нэг бэхлэлт”, Оросын талаас дэвшүүлж байгаа бүтээн байгуулалтын хүрээнд харахаар гурван улсыг дамнасан эдийн засгийн том коридор хонгилууд бий болгочихсон. Энэ аварга бүтээн байгуулалтыг яаж өрнүүлэх, хэр хугацаанд хэрэгжиж дуусах нь ШХАБ-ын гишүүн болох эсэхээс хамаарах юм. Энэ л Монголыг ШХАБ-д элсүүлэх том шахаас болж байгаа. Манайх одоогийн статусаа хадгалаад үлдлээ гэхэд гурван улсыг холбосон энэ том бүтээн байгуулалт яах вэ гэсэн асуудал бий. Шууд ийм тийм, ингэнэ, тэгнэ гэж ярихад хэцүү л дээ. Бид хөгжих ёстой. Орос, Хятадын завсар, гуравдагч улсаас бүрэн хасагдаж, хоёр их хөршөө холбосон хэмжээнд хөгжөөд явах уу гэдэг асуудал бидний өмнө тулгарчихаад байгаа. Өнөө маргаашийн хувьд эдийн засгийн асар их ач холбогдолтой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хожимдоо гарч ирэх асуудал гэж бий.
-Аюулгүй байдал талаасаа юу?
-Тийм. ШХАБ-ын дүрэм дэх хамгийн том заалт бол гишүүн орнуудтай харилцах харилцаа нэгдүгээрт тавигддаг. Гишүүн бус улсуудтай харилцах харилцаа маань хязгаарлагдана гэсэн үг. Америк, Япон, Европын холбоотой яах вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Тэгэхээр маш төвөгтэй, будилантай нөхцөл байдалд ШХАБ-ын уулзалт болох гэж байна. Монголд эрсдэл ч байна, боломж ч байгаа. Гэвч манай улс өдий хүртэл баримталж ирсэн гуравдагч хөршийн бодлогоо хадгалаад явах нь зөв гэж харж байна. ШХАБ-д өнөөдөртөө ажиглагч статусаа хадгалаад үлдэх нь аль ч талаасаа бидэнд хэрэгтэй.
-ШХАБ-ын хэтийн зорилго нь тодорхойгүй, эдийн засгийн хамтын ажиллагаа тал дээр бодитой зүйл ажиглагддаггүй учраас ажиглагч гишүүнээрээ үлдэхээс аргагүй гэсэн байр суурь бий. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?
-Таны асуултанд хариулахын тулд түүх сөхье. 1996 онд Шанхай хотод таван орны төрийн тэргүүн нар уулзсан юм. Тэднийг уулзсанаас хойш олон улсын харилцаанд Шанхайн тав гэсэн нэр томъёо гарсан л даа. Энгийнээр хэлбэл АНУ юмуу Европ тэргүүтэй дэлхийд бүрэн тоглолт хийж байгаа их гүрнүүдийг зүйл бүрээр сөрж зогсч, өөрсдийн гэсэн өнгө аястай олон талын үйл ажиллагаа явуулдаг механизмыг байгуулах гэсэн сонирхлоор нэгдсэн улсууд. Мэдээж гол гишүүд нь ОХУ, Хятад. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргизстан, Казахстан, Тажикстан улсууд бий. Эдгээр таван улс дээр сүүлд Узбек нэмэгдсэн. Ингээд ШХАБ байгуулагдсаныг 2001 онд зарласан байдаг. Хамтарсан тунхагт талууд гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичгийг ШХАБ-ын үйл ажиллагааны гол чиглэл гэж хэлж болно. Үүнийг манай судлаачид гурван изм гэж ярьдаг. ШХАБ гурван измыг сөрсөн үйл ажиллагаа явуулна гэдэг. Терроризм, хэт даврах буюу экстринизм, салан тусгаарлах буюу себатризмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж онцолдог. Энэ байгууллагын бүтэц зургийг харахаар Монгол яах аргагүй салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь. Ажиглагч гишүүдийнх нь нэг. Уулзалт арга хэмжээ болохо зочноор оролцдог улсууд гэж бий. Яриа хэлэлцээрийн түншлэл гэж байгаа. Ийм үндсэн дөрвөн шатлалын субьектээс бүрдсэн, нийтдээ 18 улс бүс нутгийг хамарсан байгууллага. Таны хэлсэнчлэн ШХАБ-ын хэтийн зорилго, үйл ажиллагаа тодорхойгүй гэж манай улс хардаг. Измүүдийн эсрэг гэж ярьдаг ч эдийн засгийн хамтын ажиллагаа гэдэг зүйл бодитой харагддаггүй гэдэг нь үнэн. ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, төвлөгөө, чиг нь тодорхой болбол манай улсын байр суурь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.
Ц.БААСАНСҮРЭН