Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч эх орондоо иржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч
Мартин Щульцийн урилгаар зургадугаар сарын 8-10-нд Европын Парламентад
албан ёсны айлчлал хийгээд өчигдөр эх орондоо иржээ.

Европын Парламент нь Францын Страсбург хотноо байрладаг, Европын
Холбооны гишүүн 28 орноос сонгогдсон 751 гишүүнтэй хууль тогтоох дээд
байгууллага юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Европын Парламентын
хүндэтгэлийн нэгдсэн хуралдаанд Монголын ардчиллын сэдвээр үг хэлсэн нь
Монгол Улсын төрийн тэргүүний хувиар Европын Парламентад анх удаа үг
хэлсэн онцгой тохиолдол болсон юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголд хуучин дэглэм өөрчлөлтийг
эсэргүүцэж байсан. Сэтгэлгээний өөрчлөлт хэцүү хэврэг байсан юм. Бид
олон удаа уулзалт, жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарлаж хүртэл
үзсэн. Асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэхийг эрмэлзэж, хүчирхийллээс
үргэлж татгалзаж байсан. Иймдээ ч Монголын ардчилсан хөдөлгөөн энхийн
замаар өрнөсөн.Тухайн үед ганц ч удаа буун дуу сонсогдоогүй. Ганц ч
цонх хагараагүй. Ганц ч дусал цус асгараагүй. Сарын дараа Монгол Улсад
анх удаа ардчилсан, олон намын оролцоот сонгууль болсны 25 жилийн ойг
тэмдэглэх гэж байна. Тэртээ 1990 оны долдугаар сарын 29-ний түүхэн
өдрөөс хойш Монголд парламентын ардчилсан сонгууль долоон удаа,
Ерөнхийлөгчийн сонгууль зургаан удаа болжээ. Энэ 25 жилийн өмнөх тэр
өдрөөс хойш бид дарангуйллаас ардчилал руу, хамгийн хаалттай нийгмээс
хамгийн нээлттэй нийгэмд шилжээд байна.

Өнөөдөр Монгол Улс эрчимтэй зах зээлийн эдийн засагтай, олон ургальч,
бүтээлч нийгэмтэй боллоо. Манай үндэсний нийт бүтээгдэхүүн бараг 20
дахин хувиар өслөө. Манай хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80
гаруй хувийг бүрдүүлж байна гэж онцлон тэмдэглэсэн юм.

Авлигал, цаазын ял, шүүхийн шинэчлэл, эмэгтэйчүүдийн эрх,
Монгол-Европын холбооны хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон сэдвийн
хүрээнд тавьсан энэхүү илтгэл ардчиллыг хамгаалахын төлөө тууштай тэмцэх
зориг, итгэлийг өгсөн юм. Энэ тухай Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээЭрхэм
Ерөнхийлөгч та Европын парламентын чуулганы хуралдаанд гайхамшигтай
илтгэл тавилаа. Таны илтгэл Европын парламентын гишүүн бүрийн сэтгэлийг
маш их хөдөлгөлөө. Та итгэл найдварыг, хамтын ажиллагааг уриаллаа, үнэт
зүйлсийнхээ төлөө тэмцэхийг, ардчиллыг хамгаалахыг уриаллаа… Таны
илтгэл Монгол Улс болон Европын Холбооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх
итгэл найдвар өглөө” хэмээн дүгнэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *