Categories
мэдээ цаг-үе

Корона вирус манайд илрээгүй хэдий ч халдвар орж ирэх магадлал өндөр гэнэ

-ТЭМЭЭНИЙ МАХ, ТҮҮХИЙ СҮҮ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА-

Өнгөрсөн сарын дундаас эхлэн MERS буюу корона вирусээр халдварласан тохиолдол БНСУ-ын Бусан хотод бүртгэгдсэн. Уг вирус хамгийн анх 2012 оны есдүгээр сард Дундад Ази орчимд бүртгэгдэж байжээ. Түүнээс хойших 1200 гаруй тохиолдлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүртгэж авсан гэнэ. Корона вирус нь ерөнхийдөө 2002 онд дэгдэж байсан SARS-тай төстэй, шинэ төрлийн амьсгалын замын вирус юм байна. Албан ёсны эх сурвалжаас өчигдөр авсан мэдээллээр лабораторийн шинжилгээгээр 64 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас бараад байгаа ажээ. Өнгөрсөн жил Малайз, Сингапурт тус бүр гурван хүн корона вирусийн халдвараар өвчилж байсан гэнэ. Харин энэ удаад газарзүйн байрлалаар Монголтой нэлээн ойртож байгаа нь халдвар орж ирэх магадлалыг нэмэгдүүлж байгаа ажээ. Тавдугаар сарын сүүлээр БНХАУ-д нэг хүн корона вирустэй гэдэг нь лабораториор бүртгэгдээд байна. Аюулын харанга ийм ойрхон дэлдэж байхад манай улс ямархуу бэлтгэлтэй байгааг сурвалжлахаар “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр очлоо.

Манай улсаас БНСУ-ын Сөүл хот руу өдөрт хоёр удаа онгоц нисдэг юм байна. Дунджаар 500-540 хүн ирдэг гэсэн үг. Тиймээсэнэ сарын 4-нөөс эхлэн Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдыг эрүүл мэндийн тодорхойлолт бөглүүлэхийн зэрэгцээ биеийн халууныг нь хэмжиж байгаа юм байна. Өчигдрийн байдлаар Сөүлээс ирж байгаа 2189 зорчигч, 89 агаарын хөлгийн бие бүрэлдэхүүнээс дээрх тодорхойлолтыг авчээ. Эдгээр хүний дотор халдварт өвчний шинж тэмдэгтэй болон халдвартай хүнтэй ойр байсан хүн байгаагүй гэнэ. Өчигдөр 12 цагийн орчимд Буянт-Ухаа боомт дээр очиход олон улсын чиглэлийн нислэг байсангүй. Гэхдээ нисэх дээр ирж байгаа хүмүүст халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөө бүхий тараах хуудас өгч байв. Хилээр орж ирж байгаа хүмүүсийг хянах камер дээр халуун хэмжигч байрлуулан шалгаж байгаа юм байна. Хэрэв халуунтай хүн байвал тусгай өрөөнд оруулан мэргэжлийн эмч нар үзлэг хийж юунаас болж халуурч байгааг тогтоож байгаа ажээ. Үүнээс өөрөөр зорчигчдыг хянах боломжгүй гэсэн. Хэрэв тухайн хүн халдвар авсан бол биеийн байдлаас хамаарч нэгээс гурав хоногийн дотор халуурч эхлэх юм байна. Манай улсын иргэдийн хувьд хамгийн их зорчдог хот нь Бээжин, Сөүл.

Солонгост илэрсэн анх­ны тохиолдол эмнэлгийн нөхцөлөөр дамжиж өвчтөнд халдварлажээ. Тухайн иргэн Арабын улсуудаас нутагтаа ирээд хатгаа авч эмнэлэгт хэвтсэн гэнэ. Удалгүй корона вирусээр өвчилсөн байна. Түүнтэй хамт эмнэлгийн нэг өрөөнд хэвтэж байсан болон эргэж тойрч байсан хүмүүс халдвар аваад байгаа ажээ. Мөн эмнэлгийн ажилтан, өвчтөний гэр бүлтэй ойр бай­сан хоёр мянга гаруй хүнийг тусгаарлаад байгаа гэсэн. Хэрэв манай улсад ийм төрлийн вирус ороод ирлээ гэхэд ямархуу бэлтгэлтэй байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Корона вирусийн то­хиолдол манайд илэрсэн үү?

-Илрээгүй байгаа. Хэр­вээ яг одоо халдварын сэ­жиг илэрсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлана. Манай эмнэлэг одоогоор улаан бурхны өвчлөлтэй холбоотойгоор ачаалал ихтэй байна. Өнөөдрийн байдлаар манай эмнэлгийн хэмжээнд 800 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 620 нь улаан бурхан өвчний оноштой байгаа. Харин корона вирусийн халдвар гарсантай холбогдуулан ХӨСҮТ-ийн шинэ сэргэж буй халдварын блок тусгаарлах тасгуудаас нийт дөрвөн өрөөг бэлэн болгож чөлөөлсөн. Халуураад ирж байгаа хүнийг оношлох, үр дүнтэй эмчлэх арга хайж байгаа. Эмч нар маань ч мэдээлэл сайтай байна.

-Хэрэв вирусийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хамгийн түрүүнд өвч­төнийг тусгаарлах арга хэмжээ авна. Өнгөрсөн сарын 3-ны өдөр Эрүүл мэндийн яаман дээр холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллан уг вирусийн халдвар Монголд орж ирэх нөхцөл, шалтгаан байгаа эсэхэд үнэлгээ өгөхөд дунд зэрэг болон түүнээс дээш эрсдэл байна гэсэн хариу гарсан. Иймд Эрүүл мэндийн сайдын зөвлөлд танилцуулж, бэлэн байдлыг хангах тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Гурван зүйл, 29 арга хэмжээ авах төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаа.

-Өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ?

-Одоогоор тэрийг хийнэ гэх эмчилгээ алга. Харин илэрч буй шинж тэмдэгтэй холбоотой эмчилгээ хийж байна. Тухайлбал толгойн өвдөлтийг багасгаж, халууныг буулгана. Гол нь уушгины хүндрэл, амьсгалын замын доод хэсгийн хатгаа, бөөр, зүрхний дутагдал гэсэн шинж илэрвэл хүндрэх магадлалтай гэж үзэж байгаа. Тиймээс аппарат, багаж ашиглан ихэнх эмчилгээг хийнэ. Одоогоор зарим багаж бэлэн болсон бол нэмж авах асуудал дээр олон улсын байгууллагуудад хандчихаад байгаа.

-Вирусийн халдвар авах­гүйн тулд яах ёстой вэ?

-Онц шаардлагагүй бол гадуур гаралгүй гэртээ байхыг зөвлөе. Учир нь тус вирусийн халдвар авсан хүн нууц үедээ буюу ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байхад Монголд ирсэн байх магадлал өндөр. Тиймээс гадаад, тэр дундаа Солонгосоос ирсэн хүмүүс 14 хоногийн турш гэр бүл болон нийгмээс тусгаарлагдмал байвал олонд тустай гэдгийг сануулъя.

-Ямар насныхан өртөх магадлал ихтэй вэ?

-Арабын нэгдсэн Эмират улсад бүртгэгдсэнээс хойш янз бүрийн насныхан өвчилж байгаа. Тэгэхээр хэн ч өвчлөх магадлалтай. Халдварлахдаа амьсгалын зам, агаар дуслаар дамж­даг. Мөн орчны бохирдол буюу бохир гар, бохир хүнс, бохир эд зүйл гэх мэтээр дамжин халдварлаж болно.

-Урьдчилан сэр­гий­лэхийн тулд яах вэ?

-БНСУ руу аль болох явах­гүй байхыг зөвлөж байна. Ганц Сөүл биш өөр хэд хэдэн хотод халдвар илэрсэн. Зайлшгүй явах шаардлагатай бол хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Гараа тогтмол угааж, амны хаалт зүүж, ханиаж найтаахдаа нус цэрээ ил хаяхгүй байх, биедээ ариутгалын бодис буюу “Санитол” байнга авч яваарай. Түүнээс гадна өөрийн орчин тойрон, амьдарч буй өрөө тасалгаагаа цэвэрлэн, тогтмол ариутгах, усаа сайн буцалгаж хоол хүнсний зүй­лийг бүрэн боловсруулж идэх шаардлагатай. Онцын шаардлагагүй бол нийтийн үйлчилгээний байгууллага, ялангуяа мал амьтны захаар орохгүй байх хэрэгтэй. Онцгой анхааруулахад тэмээний мах, түүхий сүү хэрэглэж болохгүй. Хэрэв ханиасан, халуурсан, толгой нь өвдөж байгаа хүн байвал тусгай зориулалтын хамгаалах хувцасгүйгээр нэг метр доторх зайд ойртож харьцахгүй байгаарай.

-Вакцин гаргаж байгаа болов уу?

-Одоогоор корона виру­сийн эсрэг тарих вакцин байхгүй байна.

КОРОНА ВИРУСЭЭР АХМАД НАСНЫХАН ӨВЧЛӨХ МАГАДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас корона ви­русийн халдвар авсан то­хиолдлын бараг тал хувь нь амиа алддаг болохыг тог­­­тоожээ. Тэмээний вирус гэх МЕRS-СоV-ийн халдвар одоогоос гурван жил өмнө анх удаа тэмээнээс хүнд халд­варлажээ. Саудын Арабын нэгэн тэмээчин МЕRS-СоV-ийн халдвар авснаар энэ өвчнийг хүнд тархсан гэж үздэг.

МЕRS-СоV-ийн халд­вар­тай өвчтөн бүрийг эрт илрүүлэх боломжгүй юм бай­на.

Өндөр эрсдэлтэй хү­мүүст чихрийн шижин, бөөрний ду­тагдал, уушгины архаг өвчин, дархлал дарангуйлагдсан болон өндөр настай хүмүүс багтдаг юм байна. Тэмээний ферм болон захаар зорчихдоо тэ­мээнд хүрэхээс зайлсхийх, тэмээний түүхий сүү болон бүрэн болгоогүй махыг идэх­гүй байхыг ч мэргэжлийн бай­гууллага сэрэмжлүүлж байгаа юм

MERSбуюу Midle east respiratory хэмээх SARS-тай төстэй уг вирусийн нэрш­лийг орчуулбал “Гэрэлт цагираг”, “Титэм” гэсэн утга илэрхийлдэг латин үг аж. Корона вирусийг 1960-аад оны дунд үеэс нарийн судлах болсон юм байна.

Альфа, бета, гамма, бэл­чир гэсэн үндсэн дөрвөн ан­гилалтай бөгөөд хүнд халд­варлаж болох 229E NL63, OC43, HKU1 зэрэг зургаан төрөл байдаг гэнэ. SARS сар­магчин, илбэнх, муур, нохой, мэрэгчдээс хүнд халдвар бол MERS нь тэмээ, сарьсан багваахайнаас хүнд халддаг.

Энэ өвчний вирусээр хэн ч халдварлаж болох бөгөөд тэрэн дундаа өсвөр насны хүүхдүүд халдвар авах хамгийн их магадлалтай гэнэ. Эл вирус намар, өвлийн үед идэвхждэг ч сүүлийн үед жилийн аль ч улиралд идэвхтэй болоод байгаа аж.

Амьсгалын замын өвчин үүсгэдэг МERS вирусийг тэмээнээс илэрсэн гэдгээр нь малын гаралтай гэж тодотгоод байгаа юм байна. Иордан, Кувейт, Оман, Катар, Сау­дын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Йемен, Франц, Герман, Грек, Итали, Их Британи, Тунис, Египет, Ма­лайз, Филиппин, Америкийн Нэгдсэн Улс, Өмнөд Солонгос зэрэг улсуудад MERS-ийн халдвар бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн сэжигтэй то­хиолдлуудын арван хүн тутмын гурав нь нас барж байгаа гэнэ.

Зарим эрдэмтэд MERS вирусийг ганц бөхтэй тэ­мээнээс гаралтай гэдгийг үгүйсгэж ямаа, үхэр, хонь, одос үхэр, гахай, шувуу, за­рим зэрлэг амьтдын биеийг шинжлэхэд корона төрлийн вирус ил­рээгүй аж.

Одоогоор уг вирусийг устгах ямар нэг эмчилгээ, эм тариа байхгүй ч эрсдэлийг бууруулах арга зам бий гэж зөвлөж байна. Гараа багаар бодоход 20 секундийн турш савандан угааж, ханиалгаж найтаахдаа хамар, амаа таг­лах,гэр орон, эргэн тойрноо ариутгаж, халдваргүйжүүлэх, гараараа нүүр, ам, хамар, нүдэндээ аль болох хүрэхгүй байх, мөн сэжигтэй хүмүүсийн хэрэглэсэн аяга, сав суулга болон бусад зүйлсийг ху­ваалцахгүй байхыг дэлхий нийтэд зөвлөж байгаа юм.

Д.САРУУЛ

С.АЛТАНЦЭЦЭГ

Э.ТҮМЭНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *