Categories
мэдээ улс-төр цаг-үе

Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газартайгаа хуваалцаж байсан гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн оролцоог хумьж байгаа

-ЖИШЭЭ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗҮГЭЭС ХУУЛЬ САНААЧЛАХЫГ БОЛИУЛСАН-

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ажлын хэсэг боловсруулаад бараг дууссан гэсэн. Эцэг хуулиа ямар хэмжээнд өөрчлөхөөр болов?

-Гурван багц асуудал дээр өөрчлөлт хийхээр яригдаж байна. Тодруулбал, манайх парламентын бүгд найрамдах улс. Өнөөдрийг хүртэл явж ирсэн зарим сорилтуудыг парламентын бүгд найрамдах улсын хувьд авч үзэхэд холимог шинжтэй байгаа. Үндсэн хуулийн онолчид ч тэгж хэлдэг. “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалт, Ерөнхийлөгч Засгийн газар, Ерөнхийлөгч УИХ-ын эрх мэдлийн хуваарилалт нь өнөөдөр дэлхийн сонгодог жишгээс өөр зарчимтай байна. Энэ нь явцын дунд тодорхой бэрхшээлүүдийг үүсгэж болдог” гэдэг. Тийм тохиолдлууд ч өнгөрсөн хугацаанд ажиглагдлаа. Нөгөө талдаа нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд асуудлууд байдаг. Жишээ нь Эрдэнэт, Дархан, Улаанбаатар нь хот уу, нутаг дэвсгэрийн тусгай бүтэц үү. Хар хорин, Зүүн хараа, аймгийн төвийн хот Засаг захиргааны нэгж байх уу, үүнд харьяалагдахгүй юм бол Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар явмаар байна гэдэг яриа олон жил гарсан. Эсвэл орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцож анхан шатандаа хүртэл намаар талцдаг гэсэн асуудлууд байдаг. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаад тодорхой саналуудыг гарган ажилласан. Ерөнхийдөө Үндсэн хуульд нутаг дэвсгэр, засаг захиргааны удирдлага нь төрийн удирдлагыг өөрийн удирдлагатай хослуулна гэж тунхагласан нь хатуу зарчим хэвээрээ байна. Үүнийг хэрэгжүүлэх хэлбэр нь ямар байх вэ гэх зэргээр өөрчлөлтүүд нь орж байгаа.

-Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж байгаа юм уу. Яг хэдэн зүйл заалт, дагалдаж хэдэн хуульд өөрчлөлт орох вэ?

-Тоо ярихаар хүмүүс их том өөрчлөлт орох нь гээд шүүмжлээд эхэлдэг юм. УИХ-тай холбоотой асуудлуудыг яривал парламент хэдэн гишүүнтэй байх вэ гэдэг тухай яриа байгаа. Монгол Улс өнөөдөр гурван сая гаруй хүн амтай болчихлоо. Үндсэн хууль батлагдаж байх үед хоёр сая орчим хүн амтай байж. Нөгөө хүчин зүйл нь ижил төстэй хүн амтай, нутаг дэвсгэртэй бусад орнуудын парламентад 100 гаруй гишүүн суудаг юм байна. Тийм учраас уг асуудлыг хөндөж байгаа. Гэхдээ тодорхой санал орж ирээгүй байна. Ер нь бол үүнийг хажуугийн асуудал гэж ойлгож болно.

-Тэгвэл гол өөрчлөлт нь юу юм бэ?

-Гол өөрчлөлт нь УИХ болоод Засгийн газар хоорондын харилцаа юм. Тиймээс одоо засаг нь Засгийн газар шиг, Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шигээ байг. Өнөөдрийнх шиг Засгийн газар нь УИХ-аасаа хэт их хамааралтай, Ерөнхий сайд кабинетаараа шийдчих зүйлд УИХ оролцоод яваад байж болохгүй. Томоохон төслүүдийг хэлэлцэж байгаа өнөөдрийн жишээ ч ийм байна. Хэдэн сайдыг нь огцруулна гэж хэлэхэд л улс төрийн тогтворгүй байдал үүсдэг. Энэ нь гадна талд итгэлцлийн итгэлцүүрийг бууруулах сөрөг нөлөөтэй. Ингэж Засгийн газрын оршин тогтнох байдал нь хэврэг байгаа учраас энэ заагийг илүү тодорхой гаргаж өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймдээ ч олонхиос Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн санал болгосон хүнийг Ерөнхийлөгч шууд УИХ руу оруулж ирж танилцуулдаг болох хэрэгтэй гэж үзэж байна. Энэ нь Ерөнхий сайдыг томилсон шийдвэр болж гардаг байх ёстой. Нэг ёсондоо олонхи шийдчихээд оруулж ирж байхад УИХ дээр дахиад л санал хурааж улс төрийн асуудал үүсгэдгийг больё гэж байгаа хэрэг. Товчхондоо олонхи бүрдлээ, Ерөнхий сайдаа тодрууллаа түүнийг нь Ерөнхийлөгч харна, өөрчилнө гэлгүйгээр батламжилдаг болох санал орсон.

-Засгийн газар тогтвортой байх асуудалд хамгийн их анхаарч Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулсан гээд байгаа. Үүнийг ямар заалтаар яаж хангах юм бэ?

-Олонхи гэж юу байдаг юм бэ гэдгийг тодорхой болгож Үндсэн хуулийн заалтуудаа тодотгож байгаа. Жишээ нь УИХ-д нэг нам дангаараа 50 ба түүнээс дээш хувийн санал авсан бол олонхи байна. Тийм биш бол хамгийн олон суудал авсан нам нь бусад нам, эвслүүдтэйгээ олонхийг бүрдүүлнэ. Ингэж чадахгүй бол УИХ-д суудал авсан нам эвслүүд бүгдээрээ хамтраад олонхийг бүрдүүлнэ гэж тодорхой зааж өгье гэж байгаа. Энэ заалтыг Үндсэн хуульд оруулж өгөхгүй бол тухайн үеийн улс төрийн намуудын хоорондын зөвшилцлийн гол бай болчихоод байна. Арай гэж нэг олонхийг бүрдүүлээд ажиллаж эхлэхэд дараагийн олонхи бүрдэж гарч ирээд байдаг. Ерөөсөө олонхи гэдэг ойлголт тогтвортой байж тэндээс байгуулагдсан Засгийн газар тогтвортой ажиллана гэж үзэж байгаа юм.

-Засгийн газар бүрдэх гэж уддаг. Нам эвслүүд, фракц бүлэглэлийн хоорондын яриа хэлэлцээрээр шийдэгддэг гэж болно. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ямар түвшинд авч үзсэн бэ?

-Ерөнхий сайд кабинетын гишүүдээ Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулснаар томилсон шийдвэр шууд гарна. “Ерөнхий сайд та элдэв шантааж, яриа хэлэлцээрт татагдалгүйгээр кабинетаа бүрдүүл. Түүнийг чинь УИХ батламжлаад томилгоог шууд хийнэ” гэж байгаа юм. Өнөөдөр бол Ерөнхий сайд нь сайхан кабинет бүрдүүлчихээд ирэхэд зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гээд цөмлөөд байдаг. Бас УИХ, Ерөнхийлөгчөөс хамааралтай, аргадаж гуйдаг, тэднээс тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээдэг. Энэ байдал л бидний өнөөдрийн алдаа. Тэгээд ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн Үндсэн хуульдаа байвал зүгээр юм биш үү гээд есөн яам, сайдтай байхаар зааж өгч байгаа. Харин тухайн нөхцөл байдлаасаа хамаараад Ерөнхий сайд нь гурав хүртэл сайдыг нэмж томилуулж болно. Яамгүй сайд томилогдвол Засгийн газар хамгийн ихдээ 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Харин хамгийн цөөндөө 10 сайдаас кабинет бүрдэнэ.

-Засаг ямар бүтэцтэй байхыг тодорхой болгочихсон гэсэн үг үү?

-Сангийн яам, Дотоод хэрэг, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, хөгжлийн яам, Батлан хамгаалахын яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, хөдөө аж ахуйн яам, Дэд бүтцийн яам гэсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй байна. Тодорхой асуудал эрхэлсэн гурваас илүүгүй сайдтай байж болно гэж үзсэн нь энэ.

-Ерөнхий сайд, Засгийн газар, зарим сайдад хариуцлага тооцох асуудлыг яаж зохицуулах юм бол?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал тийм ч хэврэг байхгүй. Өнөөдөр хэдэн гишүүн өргөн бариад асуудал улс төр болдог, шантаажны хэлбэрт шилждэг гэж шүүмжлүүлээд байгаа. Нэг Ерөнхий сайдаа огцруулчихаад дараагийн Ерөнхий сайд нь тодрохгүй баахан хугацаа алддаг гашуун түүхийг ч бид хангалттай л амслаа. Тийм ч учраас УИХ-ын нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь Ерөнхий сайдыг огцруулъя, дараагийн Ерөнхий сайдаар энэ хүнийг тодруулж байна гээд хамтатгаад оруулж ирдэг болох ёстой гэж үзсэн. Түүний эцэст УИХ Ерөнхий сайдыг огцруулах, томилох асуудлыг нэгэн зэрэг шийдээд явна. Товчхондоо Ерөнхий сайдыг огцруулах орны хүнийг нь сонгох асуудал хөндөгдвөл дундаа ямар ч завсар зай гарахгүй болно. Харин Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд бүрэн хариуцна. Хариуцлага тооцох асуудлаа ч өөрөө УИХ-д оруулна.

-Дан давхар дээлний асуудлыг яаж зохицуулах вэ?

-Ерөнхий сайд ба Засгийн газрын гишүүдийн гуравны нэг хувь хүртэлх сайд нь УИХ-аас томилогдож болно гэсэн байдлаар яригдаж байна. Бүр тодруулбал Ерөнхий сайд дээр нэмэх нь гурав нийлээд Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-аас томилон ажиллуулах боломж бүрдэх байх.

-Үндсэн хууль өөрчлөгдвөл Ерөнхийлөгчийн эрх мэдэл ихээхэн хумигдана гэсэн үү?

-Ийм тохиолдолд Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газартайгаа хуваалцаж байсангүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн зарим оролцоог хумих хэрэгтэй гэж үзсэн. Жишээ нь хууль санаачлах эрх УИХ, Засгийн газарт байна гэж үзээд Ерөнхийлөгчийн зүгээс хууль санаачлахыг болиулахаар ярилцаж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрчилье гэж ярилцсан. Сонгохдоо 21 аймаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын ИТХ-ын дарга нарыг оролцуулан Ерөнхийлөгчийг сонгох зөвлөл байгуулагдана. Мэдээж УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож УИХ-аас тогтоолоо гаргадаг болох уу гэсэн санал байгаа.

-Олонхиос Ерөнхийлөгчийг сонгодог болно гэсэн үг үү?

-УИХ-ын 76 гишүүн дээр нэмдэг нь 21 аймаг, гурван хотын ИТХ-ын дарга буюу 100 хүнээс Ерөнхийлөгч сонгогдоно. Хэрвээ УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх юм бол тэр хэрээрээ Ерөнхийлөгчийг сонгох кноп нэмэгдэнэ гэсэн үг. Ингэж л Ерөнхийлөгчөөс Засгийн газрын хийх ажил руу үүрэг чиглэл өгдөг зэрэг оролцоог халъя гэж байгаа.

-Ерөнхийлөгчийн нас хүйс, хариуцлага тооцох гэх мэт бусад асуудалд ямар заалт боловсруулсан бол?

-Тэр бол жижиг асуудлууд нь учраас бусад хуулиараа зохицуулаад явчихна. Хариуцлагын тухайд одооны Үндсэн хуульд ч тусгайлан заагдсан байдаг. Үндсэн хууль зөрчсөн болон бусад шалтгаанаар Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ шийдэх эрх мэдэлтэй байгаа шүү дээ.

-Ерөнхийлөгчийн эрх хумигдаж, Ерөнхий сайдын эрх, үүрэг нэмэгдэнэ гэнэ. Үүнтэй холбоотой зохицуулалтыг УИХ хийх нь. Харин УИХ-ын түвшинд ямар өөрчлөлт орох бол?

-УИХ-д бүлэг бүрээс дэд даргатай байсныг зөвхөн нэг дэд даргатай байхаар тусгахаар болсон. Тэгээд нууц саналд хураалтаар нэг л хүнийг УИХ-ын дэд даргаар сонгоно. Бас УИХ-ын хэлэлцэх асуудлыг нь зааж өгөх үү гэх мэтээр саналууд бий. Компанитай холбоотой асуудлыг УИХ биш, Засгийн газар, бүр компани нь өөрөө шийдээд явчих боломжтой учраас үүнд УИХ хутгалддаг байж болох уу. Асуудлыг шийдэх эрх нь Засгийн газарт байдаг. Тиймээс энэ заагийг л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр илүү тодорхой болгож өгөх санал байгаа юм. Үндсэн хуульд ерөнхийдөө гурван үндсэн чиглэлээр өөрчлөлт оруулъя гэж байгаагаас үлдсэн нь нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжтэй холбоотой. Нутаг дэвсгэрийн тухайд Монгол Улс нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон аймгуудад, аймаг нь сумдад, хот нь хороодод, сум нь багт хуваагдана. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт нь засаг захиргааны тусгай нэгж байна. Тэгээд удирдлагын эрх хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг хуулиар журамлая гэж байгаа. Энэ гурван хот дүүрэгтэй байх уу, зөвхөн хороодтой байх юм уу. Дүүрэг нь ямар байх юм гэдгийг тусгайлсан хууль гаргаж зохицуулахаар яригдаж байгаа гэсэн үг. Ингэснээр одоогийн аймгууд хот, сумдад хуваагдана. Архангай аймгийн төв л гэхэд Цэцэрлэг хот болж сумтайгаа адилтгасан засаг захиргааны нэгж болно.

-Орон нутгийн сонгуулийг яаж явуулдаг болох вэ?

-Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэх нутаг дэвсгэрийн тусгай нэгж болон аймгуудын ИТХ-ын дөрвөн жилийн хугацаатайгаар хот, сумын ИТХ-ыг гурван жилийн хугацаатайгаар сонгоно. Сонгохдоо сумын ИТХ-ын гишүүнийг багийн нийтийн хурлаас нэр дэвшүүлээд сонгочихно. Аймгийнхаа ИТХ-ын гишүүдийг сумын ИТХ нь нэр дэвшүүлээд сонгоно. Энд улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй. Харин Засаг даргыг нь шууд томилгоогоор шийдэх боломжтой гэж үзсэн. Ерөнхий сайд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар болон аймгийн Засаг даргыг дөрвөн жилийн хугацаатайгаар томилоод баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга нь томилно. Сум, хотын Засаг даргыг нийт ард иргэдээс сонгоё гэсэн саналд ажлын хэсэг санал нэгдсэн.

-Тэгвэл хариуцлагаа яаж тооцох юм?

-Баг, хорооны Засаг даргыг сум хотынх нь, сум хотын Засаг даргыг аймгийн Засаг дарга нь 21 аймаг болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн Засаг даргыг Ерөнхий сайд нь огцруулах болон чөлөөлөх асуудлыг хариуцна. Хэтэрхий эрх дархтай Засаг даргатай болох нь гэсэн шүүмжлэл байгаа ч дээд шатныхаа Засаг даргын шууд удирдлага дор байна. Тийм учраас огцруулах, чөлөөлөх асуудлыг дээд шатны Засаг дарга шийдэх боломжийг олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Үндсэн өөрчлөлтүүд гэвэл ердөө энэ. Ийм хэмжээний өөрчлөлт хийгдэж байгаа учраас бусад заалт, бусад хуулиудад жижиг өөрчлөлт орох нь ойлгомжтой. Товчхондоо парламентын бүгд найрамдах улсын хувьд Засгийн газар, УИХ-ын эрх мэдлийн хуваарилалтуудыг ойлгомжтой болгож, кабинетыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд нь хариуцдаг учраас байх ёстой бүх эрх мэдлийг нь өгнө. Засгийн газар нь тогтвортой ажиллах, тогтвортой олонхи байх боломжийг олгохоор улс төрийн үүднээс үүсдэг хүндрэл арилна гэж үзэж байгаа. Яг үүнтэйгээ холбогдуулаад Ерөнхийлөгчийн сонгууль, бүрэн эрх зэргийг холбогдох хуулиараа зохицуулаад өгчихнө. Тэгээд Засаг захиргааны нэгж дээрээ хот, засаг захиргааны нэгж байх тухай асуудлыг нь шийдэж өгөөд сонгуулийг нь доороосоо дээшээ улс төрийн намуудын оролцоогүйгээр сонгогддог болгох ийм л санаа байгаа.

-Тэгвэл дордуулсан гэх долоон өөрчлөлтийн тухайд ямар нэгэн санал бий юу. Лав хоёрыг нь цэгцлэхээр болсон юм байна?

-Би дордуулсан долоон өөрчлөлт гэж үздэггүй. Юмыг эхнээс нь тэгээд нэрлэчихээр цаашаа тийм ойлголтыг өгөөд явчихдаг юм. Тэр долоон өөрчлөлт яагаад орсон юм, ямар учир холбогдолтой, ямар сорилтууд тулгараад хийсэн юм. Эсвэл өөрсдөдөө амар хялбар болгох гэж ийм өөрчлөлт оруулсан юм уу гэдэг асуултууд гарна. Үндсэн хууль өөрөө хөгжөөд явж байх ёстой. Тэр долоон өөрчлөлтийн нэгийг нь сая өөрчиллөө. Бүлэг бүрээс дэд даргатай байна, саналыг нь ил хураадаг болно гэж. Ийм өөрчлөлт орохын өмнө 1996 онд Ардчилсан холбоо эвсэл анх удаа олонхи болоод УИХ-ын даргаар намайг сонгосны дараа дэд даргын асуудал босоход манайх дэд даргаа авна гээд тэр үеийн МАХН УИХ-ын чуулганыг бүтэн сар зогсоосон. Яах ч аргагүй олонхиороо асуудлыг шийддэг учраас тэр өөрчлөлтийг оруулсан. Мөн олонхиос Ерөнхий сайдаар томилуулахаар нэр оруулж ирсэн бол Ерөнхийлөгч тав хоногийн дотор хариугаа өгнө. Өгөхгүй бол шууд УИХ руу оруулна гэсэн өөрчлөлт тэгэхэд орсон байдаг. Энэ асуудал яагаад босов гэхээр тэр үед манайх Ерөнхий сайдаа томилуулахын тулд хугацаа их алдсан байдаг. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд л гэхэд удаан хугацаанд үүрэг гүйцэтгэгч гэж явсан. Дараагийн Ерөнхий сайдыг нь тодруулахаар санал өгөхөд болохгүй, тэр хүмүүсийн нэг байвал болж байна гээд. Өөрөөр хэлбэл олонхи эрх мэдэлгүй болчихоод байсан хэрэг.

Олонхи хариуцлагаа хүлээгээд энэ хүнээр Ерөнхий сайдаар сонгоно гээд ажиллах боломжгүй байсан. Үндсэн хуулийн заалтыг тэгж хэрэглэсэн түүхтэй. Ойлгомжтой болгохын тулд тэр өөрчлөлтийг оруулсан. Ирцийн тухай асуудал байна. Гуравны хоёр нь бүрдэж байж чуулган хуралддаг байсныг ердийн олонхи болгосон ш дээ.

Ардчилсан холбоо эвсэл 50 гишүүнтэй байсан үе шүү дээ. МАХН 25 нэмэх нь О.Дашбалбар гишүүн. Тэр 26 гишүүн ирээгүй тохиолдолд чуулган хуралдах боломжгүй болдог. УИХ ийм шалтгаанаар хичнээн удаан хуралдаж чадалгүй бойкотонд орж байв. Тухайн өөрчлөлтүүдийг хийгээгүй бол өнөөдөр ч олонхи эрх мэдэлгүй хэвээрээ л байна гэсэн үг. Ер нь хүмүүс яваагүй замаа гоё гэж хараад байдаг тал бий.

Л.Мөнхтөр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *