Categories
мэдээ цаг-үе

Цэргийн эмч нар буюу хээрийн мэс заслын ангийнхан

Анагаахын дээдэд 36 жилийн өмнө Цэргийн тэнхим байгуулж байжээ. Яагаад ийм тэнхим байгуулах болов гэхээр 1979 онд Варшавын гэрээний орнууд цэргийн кадар офицеруудыг өргөтгөн зохион байгуулах шийдвэр гаргасан түүхтэй. Уг шийдвэрийг үндэслэн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор МУИС, Анагаах ухааны дээд сургууль болон бусад их, дээд сургуулиуд дээр Батлан хамгаалах яамны офицеруудыг өргөтгөн зохион байгуулж эхэлжээ. Үүний дагуу анагаахын эмчилгээний факультетэд 1979, 1980, 1981, 1982 онд жилд 25 эмчийн элсэлт авч нийт 100 цэргийн эмчийг “Цэргийн тусгай эмнэлгийн зохион байгуулалттай мэргэжилтэн”-ээр төгсгөжээ. 1981-1987 онд суралцан төгссөн ангийнхныг нь энэ удаад “Нэг ангийнхан” буландаа онцолж байна.

Ангийн дарга, хурандаа Р.Даваадорж “Манай анги дэгжин сэргэлэн охидоор дүүрсэн анагаахын сургууль дотор зөвхөн хөвгүүд суралцдаг “Цэргийн” гэх тодотголтой содон анги байлаа. Ангийн багшаар Цэргийн тэнхимийн Тактикийн багш гялалзсан шинэхэн дэслэгч Г.Баатархүү ажилладаг байв. Манай ангийнхан эхэндээ сайн гэж цөөхөн дуудуулж байсан ч яс сайт яван чангардаг гэгчээр анги ахих тусмаа хичээлдээ сайжирч төгсөх ангийнхаа шалгалтдаа курстээ толгой цохиж байлаа. Манайхан их шооч хөгжилтэй залуучууд байлаа. Баруун монгол аялгуутай Д.Цээпил нэг удаа биеийн тамирын хичээл дээр ХБХБ гэж багшийн хэлснийг ойлголгүй мань эр “Ке багш аа, КаБаКаБа гэсэн чинь юу гэсэн үг вэ” гэж биднийг нирхийтэл инээлгэж байх вэ дээ” хэмээн дурсан ярина.

Тэрээр “Он цагийн урсгал, оюутан цагийн гэгээн мөрөөдөл, мэдэхийн төлөөх тэмцэл чармайлтын дунд олон шалгалт шүүлэг, даваа нугачаанд унаж бүдчин ялан дийлсээр 25 оюутнаас 13 нь хүний их эмч гэсэн эрхэм алдрыг хүртэн шинэхэн дэслэгч болцгоон Батлан хамгаалах яамны мэдэлд хуваарилагдан очиж байсан мөч саяхных юм шиг л санагддаг юм” гэлээ. Р.Даваадорж хурандаа сургуулиа төгссөнөөс хойш 28 жилийн хугацаанд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хам­гаа­лах үйлсэд тогтвор суурьшилтай ажиллаж цэргийн гэх тодотголоо орхиогүй яваа нөхдөөрөө бахархдаг нэгэн.

Дэд хурандаа Л.Дашцэрэн ангийнхныхаа нэрийг жирий­тэл нь биччихээд “Ангийн андуудын минь нэрийг орхив доо. “Анхны алхам” дээр гардаг шиг “Ингээд л миний нэр байдаггүй юм” гэж гомдоллох хүн гарах вий” хэмээн хошигнолоо. Н.Даваа­дорж, Д.Цээпил, Б.Мөнх­жаргал, О.Бат, Б.Доржпүрэв, Г.Гансүрэн, Ч.Гүрбазар, М.Болдбаатар, А.Амгаланбаатар, Ж.Жанчив, Р.Хишигжаргал, Х.Бямбаа, Л.Батсүх, Б.Энхжаргал, С.Энх­бурам, Р.Даваадорж, Ж.Алдаржав, Л.Гансүх, Б.Батсүх, Л.Дашцэрэн, Б.Баасандорж, С.Хүрэлсүх, Н.Батбилэг, Н.Батхуяг, С.Отгон­баатар нар цэргийн эмчийн ангид 1981-1987 онд нэг ангийнхан хэмээн дуудуулж, одоо ч бие биедээ дотно сэтгэлээр хандсаар яваа найзууд.

Оюутны зуны ажлаар Дорнод аймгийн Хэрлэн суманд орон сууц барьж, олон сайхан намрыг САА-д тариа хураалтанд оролцож бусад ангийнхантай хамт дуулалдан цэнгэлдэж шуугиантай явсан он жилүүд эдэнд бий. Эрчүүл болохоор тоглоом хатуу, биендээ хоч өгч, нөхөрсөг шог шүлгээр “цаашлуулна”. Тэр зангаа одоо ч тавьсангүй. ЭМШУИС-ийн 65 жилийн ойд зориулсан “Алтан гагнуур” номонд нэгнээ шоглохоо бас л мартаагүй аж. А.Амгаланбаатарыгаа,

“Хэнтийн Өмнөдэлгэр сумаас уяатай

Хорь Буриадын хэнхдэг задгай хархүү

Авицена эмнэлгээ алдарт хүргэх

Алсын хараатай бизнес хүү” гэсэн бол С.Энхбурамыг,

“Тугал нүдэн хөөрхөн Бурам

Туурга тусгаарласан эзэн Бурам

Номиун эмнэлгийн босс Бурам

Номыг дээдэлсэн эрхэм Бурам” гэжээ. С.Хүрэлсүхийгээ,

“Нүдээ аньж үзээгүй боксчин

Зүүдээ манах завгүй жижүүрлэнэ

Сэхээн амьдруулахын эмч Хүрлээ

Сэтгэл сайтай хүндтэй залуу” гэж түүнийг шүлэгт оруулсан бол өнөө Д.Цээпилийгээ,

“Күнээ корвоод Цээпил нэртэй

Ковд нутагтаа нэртэй эмч

Ка Ба Ка Ба Цээпил минь уу

Кентэй ч зүйрлэшгүй эрийн кугаркай” гэчихсэн байна. Л.Дашцэрэнг харин,

“Диско Дашка хоёр нэгэн цагт

Дэнжийн мянгыг хотолзуулж явлаа

По улсад мэргэжил дээшлүүлж

Мо улсдаа комиссын дарга боллоо” гэжээ. Энэ мэтээр нэг нэгэндээ дөрвөн мөрт олныг зориулжээ.

Анагаахын сургуулийнхан гэхээр 25 шижигнэсэн залуу жирийтэл сууж байхад хэн ч гайхна. “Юу вэ, баахан харчуул” гээд л харсан хүн болгон гайхдаг байж. Цэргийн хээрийн мэс заслын ангийнхан болохоор бусад ангийнхнаас өөр л дөө. Гэхдээ бусад курсийнхэнтэйгээ тун чиг элэгсэг. Дээд доод ангийнхан гэлгүй цэргийн мэс заслынхан бүгд л нэг ангийнхан юм шиг биендээ хандана. Хичээл дээр сууж байхад гэнэт түгшүүр өгөөд аль нэг цэргийн анги дээр аваачаад бэлтгэл хийлгээд бай буудуулаад эхэлнэ. Цэргийн хүн бол цэргийн л хүн. Бүтэн зургаан жилийн турш анагаах ухааныг судлангаа цэргийн эрдэмд суралцсан, байнгын бэлтгэлд байсан эрчүүл. Дайн байлдааны үед шархадсан цэргүүдээ хаана яаж нуух, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, шархадсан цэргээ хүнд хөнгөнөөр нь хэрхэн ялгаад яаж хааш аваачиж хоргодуулах вэ гээд л бүгдийг онол, практик хослуулж заалгана. Хээрийн хамтарсан сургуулилтад оролцож дайн байлдааны үеийн орчинд орчихно. Энд тэнд бөмбөг тэсэрч дэлбэрч, нүүр нүд рүү шороо тоос орж, чих дөжрөм дуу чимээн дунд шархтанаа үүрээд гүйнэ.

Зун нь амарна гэж үгүй. Хээрийн сургуулилтад гарчихна. Намар нь намрын ажилд дайчлагдана. Есдүгээр сарын хоёрон гурван гэхэд ажилд яваад аравдугаар сарын сүүлчээр цаснаар л хотод орж ирдэг байж.

Төмс хураалтын үеэр эдний ангийн 25 харчуулыг нэг хоёроор нь салгаад л таваас зургаан эмэгтэй оюутныг дагуулаад талбай руу оруулчихна. Ганц эрэгтэй нь газраа гишгээд охид нь төмс хураана. Зах нь харагдахгүй төмсний талбай руу ороод л “Хэзээ дуусна даа” гэж санаа алдах ч дэргэдээ байгаа охидоосоо санаа зовоод ядрахаа умартан зүтгэнэ. Охидоо майхан, дулаан амбаартаа оруулцгаагаад өөрсдөө цементэн шалтай агуулахад унтана. Агуулахын тааз өндрийг хэлэх үү, жавар хургана. Хананы банзны завсраар цас хялмаалан орж ирнэ. Энэ үед ерөнхийдөө төмсөө хурааж дуусч таарна. Тэгээд л Улаанбаатарын зүг жолоо залцгаана. Ийм намрыг зургаантаа үзсэн болохоор эдний ангийнхны хувьд намрын ажил бол нандин дурсамжийнх нь цөм нь ч байж мэднэ. Төгсөлтийнхөө20 жилийн ойгоо 2007 онд сайхан хийжээ. Гэтэл ангийнхан нь “Хорвоогийн жамаар цөөрсөөр байна. Уулзах цагаа ойртуулцгаая” гэснээр төгсөлтийнхөө 25 жилийн ойг амжилттай зохион байгуулжээ. Цэргийн эмч нар буюу хээрийн мэс заслын ангийнхан биенээ “Оковны найзууд” гэцгээдэг юм байна. Оковны найзууд бүгд ажил төрөлтэй, өөрийн гэсэн бизнестэй болсон болохоор тэр бүр уулзаад байж амждаггүй ч утсаар байнга холбоотой байдаг гэсэн шүү.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *