Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр боллоо.

Хурлаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөнд холбогдох газрууд ямар санал тусгах талаар хэлэлцэж, уг саналуудыг тусган нэгдсэн төлөвлөгөөг батлахаар болсон.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ Их эзэн Чингис хааны талбайд 11-16 цагийн хооронд болно. Энэ үеэр нийслэлийн хүүхэд, багачууддаа зориулан 1500 гаруй авъяаслаг уран бүтээлч хүүхэд урлагийн тоглолт толилуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилтнуудын хүүхдүүдэд бэлэг гардуулж, урлагийн тоглолт тоглох үйл ажиллагаа Монголын “Хүүхдийн ордон”-д болно. Нэгдсэн төлөвлөгөөний дагуу дүүргийн ЗДТГ баярын үйл ажиллагааг дүүрэг бүрт зохион байгуулах юм.

Энэ жил нийслэлээс эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж буй хүүхдүүдэд онцгойлон анхаарч, баярлуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тухайлбал, баярын өдөр нэгдсэн арга хэмжээнд бусадтай хамт оролцож чаддаггүй хорих ангид ял эдэлж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг, хүүхдийн байгууллагад эрх нь зөрчигдөн хандаж байсан хүүхдүүдтэй уулзах, баярын бэлэг гардуулах, урлагийн тоглолт толилуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *