Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Азийг тэнцвэржүүлэх АНУ-ын бодлогод Япон асар том байр суурь эзэлж байгаа

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн АНУ-д хийсэн айлчлалын талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал Д.Уламбаяртай ярилцлаа.

Шинзо Абэгийн АНУ-д хийсэн айлчлалын ач холбогдол болоод онцлогийг судлаач хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д долоо хоногийн хугацаатай айлчлал хийлээ. Гол онцлог нь Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойн үйл явдалтай давхацсан. Хоёрдугаарт, энэ айлчлал бүс нутгийн хүрээнд олон улсын харилцаанд оролцогч гол гүрнүүдийн анхаарлыг ихэд татаж байна. Хамгийн гол анхаарал татаж байгаа зүйл бол АНУ, Япон хоёрын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа. Япон бол АНУ-ын Зүүн Ази дахь ойрын холбоотон, стратегийн түнш улс. Үүнд суурилж хоёр орны харилцааны гол онцлог гарч ирж байгаа. Нөгөө талд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа Азийг дахин тэнцвэржүүлэх бодлого гаргаж ирсэн. Энд Япон асар том байр суурь эзэлж байгаа. Тиймээс Шинзо Абэгийн айлчлал үүн дээр төвлөрлөө. Тэрбээр айлчлалаа Бостон хотоос эхэлж, улмаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хэлэлцээ явуулсан. Үүний дараа Барак Обама түүнийг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, Цагаан ордонд маш том хүлээн авалт болсон. Энэ айлчлал бол сүүлийн жилүүдэд болж байгаагүй нэлээд томоохон онцлогтой боллоо. Хүлээн авалт бол хоёр орон ойр дотно байгааг харуулсан. Хүлээн авалтад Барак Обама Японы алдартай яруу найргийн дөрвөн мөртийг уншиж, Японы үндэсний архи болох сакэгээр хундага өргөлөө. Айлчлалын хүрээнд Шинзо Абэ АНУ-ын Конгресст үг хэлсэн. Тэрбээр юуны өмнө Дэлхийн II дайнд АНУ олон цэрэг эрсээ алдсанд харуусал илэрхийлж буйгаа хэлсэн.

Японы Ерөнхий сайд АНУ-ын парламентад үг хэлж байсан тохиол байхгүй гэх юм билээ. Энэ нь хоёр орны харилцааг эрчимжиж байгааг харуулж байна уу?

-Яг тийм. Юуны өмнө өнөөдөр олон улсын харилцаанд олон туйлт харилцаа бүрэлдэн тогтчихоод байгаа юм. Энэ бол Хятад улсын үсрэнгүй хөгжил ОХУ-ын эдийн засгийн сэргэлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл, БРИКС-ийн орнуудын хүч нөлөө олон улсын харилцаанд шинэ мянган гарснаар хүчний дахин тэнцвэржүүлэлт явагдаж байна л даа. Өөрөөр хэлбэр, бүс нутгийн томоохон гүрнүүдэд Хятад улсын хүч нөлөө ихээхэн эрчимтэй өрнөж байна. Дээрээс нь дэлхийд Хятад эдийн засаг маш эрчтэй нөлөөлж байна. БРИКС-ийн орнуудын хувьд 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай БРИКС-ийн хөгжлийн банкийг байгуулах шийдвэр гарсан. 2016 оноос үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Мөн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан. Энэ банк мөн л 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай. Энэ банк ялангуяа Азийн хөгжлийн банктай өрсөлдөнө. Азийн хөгжлийн банк голдуу япон хүнээр удирдлагаа сонгосоор ирсэн. Дэлхийн эдийн засагт нөлөөлөл нь эрс өсч байгаа олон улсын харилцаанд олон туйлт ертөнц нэгэнт бүрэлдэж байна. Нөгөө нэг үйл явц нь Япон Хятад хоёрын харилцаанд байдаг маргаантай хоёр асуудал байдаг. Энэ бол Синкаку арлын маргаан. Нөгөө асуудал нь Дэлхийн II дайны үед амь насаа алдсан Япон цэргүүдийг оршуулсан Ясукуни сүмд Японы төр засгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг. Энэ хоёр асуудлаас болоод Хятад Японы харилцаа нэлээд өрсөлдөөнтэй, сөргөлдөөнтэй, ээдрээтэй байгаа. Олон улсын харилцааны ийм нөхцөлд хүчний дахин тэнцвэржүүлэлт гэдэг АНУ-ын гадаад бодлого явж байгаа. Барак Обамагийн Азид явуулж байгаа энэ бодлогын хүрээнд Шинзо Абэгийн айлчлал болсон нь олон улсын харилцаанд ихээхэн анхаарал татсан үйл явдал боллоо.

Энэ айлчлалын хүрээнд хоёр тал батлан хамгаалах хамтын ажиллагааны шинэ удирдамж хэмээх баримт бичиг баталсан байна. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Маш том, 25 хуудас орчим баримт бичиг баталсан байгаа юм. Үүнд аюулгүй байдлын хамтын ажиллагаа, цэрэг стратегийн батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, хоёр тал бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг хангах өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлаж байгаа ийм хүчин зүйлүүдийг энэ баримт бичиг зааж өгсөн. Сүүлийн жилүүдэд бүс нутаг дахь газар нутгийн маргаан иргэний дайн, терроризм гээд олон улсын харилцааны маш ноцтой хүчин зүйлүүдтэй холбогдоод улс орнуудын батлан хамгаалах зардал нэмэгдлээ. Ялангуяа Украины асуудал нөлөөлсөн. Өнөө жил гэхэд АНУ-ын батлан хамгаалах зардал 665 тэрбум ам.доллар болов. Япон бол 42 ам.доллар, Хятад 135 тэрбум ам.доллараар батлан хамгаалахын зардлаа өсгөсөн байгаа. Энэ нь Орос Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа маш эрчимтэй явагдаж байна. Энэ хүчин зүйлүүд Зүүн хойд Ази дахь хүчний балансыг тэнцвэржүүлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Америк, Япон хоёр харилцаагаа сайжруулах, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаагаа улам ойртуулах шаардлага байгаа. Зүүн хойд Азид Япон, өмнөд Солонгос бол Америкийн гол түнш. Газар нутгийн маргаантай асуудалд Америк Японы талд зогсч байна гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа. Тиймээс Шинзо Абэгийн айлчлалыг Хятад улс анхааралтай ажиглаж байна л даа. Олон улсын харилцааны хүчний тэнцвэр явагдаж байна гэж хэлж болно. Мөн Токиогийн 2020 оны олимпийг Америк улс дэмжиж байна. Эдгээрийг саяын айлчлалын үеэр ярьсан.

Ялалтын 70 жилийн ойд Япон улс оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Шалтгаан нь юу юм бол?

-Өрнөдийн гол орнууд цэргийн парадад оролцохгүй. ТиймээсЯпон үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ялангуяа Зүүн Украинд болсон үйл явдал Крымын хойгийг ОХУ нэгтгэсэнтэй холбоотойгоор өрнөдийн орнуудын хооронд авсан эдийн засгийн хориг арга хэмжээнд Япон бас зохих хэмжээнд нэгдчихсэн байгаа. Тиймээс олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчиж байгаа учраас цэргийн парадад оролцох бол ёс суртахууны үүднээс боломжгүй гэсэн үндэслэлийг өрнөдийнхөн тавиад байгаа.

Бас газар нутгийн маргаан байгаа…

-Ер нь бол ОХУ-ын эсрэг өрнөдийн орнууд гурван удаа эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны наймдугаар сард Курилын арал дээр ОХУ хээрийн сургууль хийсэн. Үүнийг Японы Засгийн газар өдөөн хатгасан шинжтэй гэж мэдэгдэж байсан. Сая гуравдугаар сард ОХУ, Мурманск, ар Кавказаас уралын нуруу, цаашлаад Курилын арал хүртэлх асар том хэмжээний хээрийн сургууль болсон. ЗХУ задарснаас хойших хамгийн өргөн хүрээтэй хээрийн сургууль боллоо. Тэгэхээр хоёр орны газар нутгийн маргаан гэдэг бол Курилын бүлэг арал буюу дөрвөн аралтай холбоотой. Эдгээр нөхцөл байдал бол хоёр орны харилцаанд асуудал болсоор ирсэн. Тиймээс олон улсын харилцаанд олон туйлт систем бүрэлдэн тогтож, ОХУ, Хятад хоёр орны харилцаа идэвхжиж байна. Энэ нөхцөл нь АНУ Японтой батлан хамгаалах салбарын харилцаагаа гүнзгийрүүлэх шаардлага болж байгаа юм. АНУ-ын хувьд Азид өөрийнхөө стратегийн бодлогыг дахин тэнцвэржүүлэх хүрээнд Японтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүчин зүйл энэ хоёр улсыг ойр дотно болголоо.

Япон урьд нь Ялалтын баярт оролцож байсан биз дээ?

-Ялалтын баярын 60 жилийн ойн арга хэмжээнд өрнөдийн орнууд оролцож байсан. Жорж Буш болон тэр үеийн Японы Ерөнхий сайд оролцож байсан. Өнөө жилийн тухайд ОХУ олон улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн байгаа учраас Япон энэ баярт оролцохгүй.

Америкийн ятгалга орсон гэж байна. Сая Шинзо Абэ Америкт айлчилсан нь ч олон улсад үүнийг нотлох шиг боллоо?

-Оросууд өөрсдөө тэгж ярьдаг. В.Путин иргэдтэйгээ дөрвөн цаг шахам ярилцлага хийхдээ “Ялалтын парадад оролцъё ч гэсэн АНУ-ын зөвшөөрөлгүйгээр оролцож чадахгүй орнууд байна” гээд хэлчихсэн. Ер нь бол Америк хориглосон гээд Япон оролцохгүй байгаа ч юм биш л дээ. Нэг улсын үгэнд ороод ийм шийдвэр гаргана гэж байхгүй. Өрнөдийн орнууд гадаад бодлогын хувьд уялдуулан зохицуулсан бодлого явуулдаг холбоотнууд. Америк, Япон улс 1951 оны Сан-Францискогийн аюулгүй байдлын гэрээгээр ойр дотно. Японы аюулгүй байдлыг АНУ хангаж байдаг гэсэн үг шүү дээ. Дээрээс нь Япон 2014 оноос Үндсэн хуулийн зарим нэг өөрчлөлтөөр өөрийгөө хамгаалах, Японы хүч хилийн чанадад энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.

Үүнийг АНУ дэмжиж байгаа. Энэ бол гадаад бодлогын бас нэг том илрэл. Дээрх байдлыг Хятад улс нэлээд болгоомжлон анхааралтай ажигладаг.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *