Categories
мэдээ нийгэм

Мах, ногооны үнэ өсчээ

Гол нэрийн хүнсний барааны үнэ тавдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар ямар байгааг Үндэсний статистикийн газраас гаргажээ.

Өчигдрийн байдлаар нэг килогррам хонины ястай мах дунджаар 7585 төгрөг, үхрийн ястай мах 7905 төгрөгийн үнэтэй байжээ. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байсан бол хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 95 төгрөгөөр, хонины цул мах 40 төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 900-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 750-970 төгрөг байв. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарж байгаа.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Замбала” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.

Харин төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад сонгино 10 төгрөгөөр буурч, харин монгол төмс 65 төгрөг, лууван 55 төгрөг, байцаа 35 төгрөгөөр тус тус өсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *