Саяхан Оросын нэгэн цахим хуудсанд “Монголын Ерөнхийлөгчийг Ялалтын параданд оролцохгүй байхыг ятгаад дийлсэнгүй” гэсэн утгатай том өгүүлэл гарчээ. Уг өгүүлэлд хэн манай Ерөнхийлөгчийг ятгасан тухай байхгүй.
Харин эх орны дайнд оролцож явсан монгол дайчнаас “Таныг барууныхан битгий яв гэж ятгаагүй юу” гэсэн асуултад монгол дайчин “Хэн ч ятгаагүй. Ятгаад нэмэргүй гэдгийг тэд мэдэж байгаа” гэж хариулжээ. Зарим сэтгүүлчийн худлаа ч хамаагүй гарчгаар уншуулах технологийг хэрэглэсэн бололтой юм.
Гэнэт ялалтын баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан маань санаанд оров. Жил бүр тэр өдрүүдээр “Чөлөөлөлт” хэмээх дөрвөн ангит кино, Москвагаас шууд дамжуулах цэргийн парад гээд зуршил болсон үзэх юм мундахгүй. Зөвлөлтийн баатарлаг цэргүүдийн ялалтын тухай кино, уран зохиол, жанжнуудын дурдатгал гээд бидний үеийнхний дурсамж.
Харин энэ жил оросууд барууныхантай муудсантай холбоотойгоор ялалтын баярыг үл тоох үзэгдэл барууны дээд ертөнцөд газар авч байна. Харин монголчууд ийм араншин гаргаж болохгүй. Ямар ч тохиолдолд оросууд фашизмыг дарагч, Европыг фашизмаас чөлөөлөгч гэдэгт би итгэдэг.
Х.БАТТӨГС