Энэ өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ой тохиож байна. Гэхдээ бөхийн холбооны ой, бөхийн талаар ярих гэсэнгүй. Уг холбоог удирдаж ирсэн хоёр эрхэмтэй холбогдуулж хүмүүний амьдралын утга учрын талаар товчхон өгүүлэх гэсэн юм. Өдгөө цагт хүний нас уртасч амьдралын философи өөрчлөгдөж байна.
Бага залуу үе, идэр дунд нас, тэгээд тэтгэврийн наснаас хойшихон жилүүд залгаж хүн төрөлхтөн гурван үеийн урт удаан амьдралд баяр жаргалаа эдлэх болсон. Жар, дал хүрсэн хүмүүс дахин сургуулийн диплом өвөртөлж, дараагийн амьдралын хуудас эхэлж буйгаа илэрхийлдэг нь ийм учиртай.
Бөхийн холбооны Р.Нямдорж, Д.Данзан нар их сургууль дүүргэж, улмаар мэргэжлийнхээ дагуу 16 жил багшийн хөдөлмөр эрхэлжээ. Физик, нийгмийн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд юм. Ингээд 35 хүрсэн идэр наснаасаа монгол бөхийн төлөө зүтгэж 25 жилийг үдсэн байна. Энэхүү 25 жилийн хугацаанд чухам юу амжуулсныг ард түмэн мэднэ. Бөхийн өргөөг босгохоос аваад тэд хэлснээ хийсэн.
“Жаран настай хүмүүс юу амжуулдгийг ард түмэндээ харуулна” гэж Нямдорж тэргүүн нэгэнтээ хэлсэн. Энэ нь амьдралынхаа гурав дахь үе эхэлснийг сануулж буй хэрэг. “Амьдрал таньсан хүний үг” тэргүүт ном бүтээлээ туурвиж, эрдмийнхээ ажлыг эрхэлж, мөрөөрөө өөрийнхөө дур зоргоор, хүсэл тэмүүллээрээ тааваараа сайхан амьдрах нь. Хүмүүний амьдралын энгийн сайхан философийг үлгэрлэж яваа тэдэнд талархахын учир энэ.
Н.ГАНТУЛГА