“Рио тинто” группийн номер нэг хүн учраас Сэм Уолш дэлхийн эрхэм. Саяхан Монголд ирээд буцсан түүнийг уншигчдадаа танилцуулъя. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагчгэдэг утгаараа тэр аль хэдийнэ монголчуудын анхааралд орсон хүмүүсийн нэг.
Сэм Уолш 1949 оны арванхоёрдугаар сарын 27-нд Австралийн Миддл Брайтонд төржээ. Дунд сургуулиа тэндээ төгсөөд Мельбурний их сургуулийг зорьж. Одоо “Рио тинто” группын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Лондонд эхнэр Лианнтайгаа амьдардаг. Бен, Каролин, Том гэсэн гурван хүүхэдтэй. Дөрвөн ач, зээгийн өвөө.
Тэр аав, ээжээс тавуулаа. Багадаа христийн шашинтай айлын хүүхдүүдтэй адил долоо хоног бүр сүмд явдаг байж. Скаутын идэвхтэй гишүүн, төгөлдөр хуур, бүрээ дажгүй тоглочихдог хүү байжээ. 15 настай байхад ньаав нь хүндээр өвдөж, олон удаагийн хагалгаанд орсны эцэст зүрхний шигдээсээр нас баржээ. Тэр хожим нь “Аавыг нас барахад бүх зүйл өөрчлөгдсөн. Миний ээж чек огт бичиж үзээгүй, тооцооны хуудастай ч харьцаж чаддаггүй байсан. Тиймээс бүхнийг хийхээс аргагүй болсон доо. Гэрийнхээ санхүүг хариуцаж, эцэстээ гэр бүлээ толгойлох болсон. Хүн маш их зүйл алддаг, аавыгаа алдвалтэр мундаг хүний санаа, зөвлөмж гээд бүхнийг алддаг гэдгийг би тэр үед яс махандаа тултал ухаарсан. Алдвал дахиж хэзээ ч буцааж авч чадахгүй зүйл гэж байдаг гэдгийг мэдэрсэн. Өнгөрсөн амьдралаа эргээд бодоход намайг хэтэрхий эрт гүн хавцал руу шидсэн юм шиг санагддаг. Гэхдээ би хөл алдаагүй ” гэж дурссан нь бий.
Сэм Уолш Мелбурьний их сургуулийг Худалдааны чиглэлээр төгссөнийхөө дараа General Motors-д дадлагын ажилтнаар орж ажлын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш 20 жилийн турш автомашины салбарт ажилласан гэсэн өгүүлбэр намтарт нь бичээтэй бий. Тэрээр General Motors болон Nissan Australia-д томоохон албан тушаалууд хашсан нэгэн. “Рио Тинто”-д ажиллаж эхэлсэн үе нь 1991 он. Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болох “Рио тинто”-д тэрудирдах түвшний олон алба хашсан. Австрали, Канад, Гвиней, Энэтхэг зэрэг орнуудад ажиллаж томоохонд төслүүдийг удирдаж байсныг намтраас нь харж болно. Түүнийг урлагт элэгтэй гэдгийг нь ойр хүрээнийхэн нь андахгүй. Төсөл хэрэгжүүлж байсан улсууд нь ч урлагт хайртай энэ эрхмийн дэмжлэгийг авсан нь цөөнгүй. Жишээ нь тэр Пертэд амьдрарч байхдаа Баруун Австралийн урлагийг ихэд дэмжсэн байдаг.
“Рио тинто” хоёр жил дараалан 22 тэрбум ам.долларын алдагдалд орсон хүнд хэцүү үедээ түүнийг захирлаар томилсон юм. Сэм Уолш “Рио”-г удирдахаасаа өмнө группынхээ төмрийн хүдрийн бүлгийн захирлын албыг хашиж байж. Төмрийн хүдрийн бүлгийг тэргүүлж байхдаа Баруун Австралийн Пилбарад уурхайн амжилтыг урьдчилан харж чадсан гэж группынхэн нь үнэлдэг. Ажиллаж байх үед нь “Рио”-гийн төмрийн хүдрийн бизнес цэцэглэж, группын цэвэр ашгийн 80 хувийг эзэлж байж.
“Рио”-гийн захирлаар ажилласан эхний жилдээ л гурван тэрбумын алдагдалтай ажиллаж байсан компанийг 3.7 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг компани болгож чадсан чадварлаг удирдагч. Өнгөрсөн оны гуравдугаар сард гарсан компанийн жилийн тайланг сонирхоход Сэм Уолш 9.1 сая ам.долларын цалин авсан гэсэн тоо дурайж байна. Түүний 2012 онд олсон орлого нь 6.3 сая ам.доллар. Орлогоо 44 хувиар өсгөсөн гэсэн үг. Харин Сэм Уолшийн өмнөх захирал Том Албаниз 6.7 сая ам.долларын цалин авч байж. Компанийн зүгээс “Сэм Уолш бидний таамаглаж байснаас илүү ажиллалаа. Тэр өнгөрсөн жил зардлаа хоёр тэрбумаар багасгана гэж амласан. Амласандаа хүрч зардлыг 2.3 тэрбум ам.доллараар багасгачихлаа. Хайгуул болон хөгжлийн зардлыг 750 сая ам.доллараар бууруулна гэсэн. Гэтэл нэг тэрбум ам.доллараар бууруулж чадлаа. Хөрөнгийн зардлыг 17.5 тэрбум ам.доллараас 13 тэрбум болгож бууруулна гэж амласан. Мөн л зорилгодоо хүрлээ” хэмээн дүгнэсэн нь бий. “Рио”-гийн зүгээс түүнтэй гурван жилийн гэрээ байгуулсан юм.
Сэм Уолш дэлхийд хоёрт жагсдаг уул уурхайн компанийн захирлынхаа хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Их хорийн уулзалтын үеэр нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах АНУ, Хятадын хоорондын хэлэлцээрийг найрсгаар хүлээн авсан байдаг. Нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг шийдвэрлэх гол түлхүүр нь технологийн дэвшилд анхаарах гэж тэр үздэг. “Манай группсүүлийн таван жилд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа 25 хувиар бууруулсан” гэж тэрээр мэдэгдэж байв. “Рио” 100 сая ам.долларыг нүүрсхүчлийн хийг бууруулах ажилд зарсан гэх статистик бий.
Ц.БААСАНСҮРЭН