Categories
мэдээ нийгэм

Ойн ангийн даргад 9.9 саяын торгуулийн ял оноожээ

Энэ сарын 9-ний өдөр Сум дундын 20 дугаар шүүхийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн ангийн дарга Д.Тэрбиш нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна. Д.Тэрбиш нь 2013 оны арванхоёрдугаар сард албан тушаалаа урвуулан ашиглажээ. Тэрээр Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг хэрэглээний мод бэлтгэх эрх аваагүй “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржтой тохиролцон Ерөө сумын нутаг дэвсгэр “Баяны ар” гэх газарт хууль бусаар нойтон мод бэлтгүүлжээ. Ингэснээр 59.3 сая төгрөгийн хохирол учирсан аж.

Сум дундын шүүхээс Ойн ангийн дарга Д.Тэрбишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу есөн сая 984 мянган төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Ойн ангийн мэргэжилтан Н.Буяндэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар хоёр жилийн хорих ял тус тус оногдуулсан байна. Н.Буяндэлгэр, Р.Лхагвадорж нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж тодорхой хугацаагаар хойшлуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *