Миний дэндүү жаргалтай хүүхэд насны гэгээн агшнууд Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас аймгийн төв хүртэлх 117 км ахархан замд хуучны ГАЗ-69 маркийн 40-40 улсын дугаартай машины бүхээгт өнгөрсөн юм. Тэгэхэд миний амьдрал аавтайгаа, ээжтэйгээ, эгч, ахтайгаа, дүү нартайгаа, эмээтэйгээ элэг бүтэн байжээ.
Аав минь Дундговь аймгийн Говь-Угтаал сум-нэгдлийн дарга, одоогийнхоор бол орон нутгийн босс, яг ч үгүй албаны машин хөлөглөдөг тэрүүхэндээ том дарга байжээ. Аав гэртээ байхаас илүүтэй голдуу томилолтоор явдаг, тэдгээр ажлынх нь нэг хэсэг Мандалговь хот буюу Дундговийн төвийг чиглэдэг байлаа.
Тэгэхэд би зургаа орчим настай байсан болов уу, лав л сургуульд ороогүй байсан юмдаг. Аавын жолоочийг Батмөнх гэдэг. Хариуцсан ажилдаа эзэн болдог, хэзээд итгэл түшигтэй тийм нэг сайхан монгол эрийн дүрийг Батмөнх жолоочоос анх би олж харсан. Хүүхэд байсан болоод ч тэр үү аймгийн төв явна гэдэг хамгийн сайхан баяр байлаа. Сумаас хөдлөөд аймаг чиглэхэд их бага Угтаалын уулс, Жарангийн хөндий, их холоос алсын бараа нь харагддаг Ерлөг уул, цаахна нь домогт Их газрын чулуу намайг аавтай минь цуг аймгийн төв үддэг байлаа.Би жаахан байсан болоод ч тэр үү, эцэгтээ хамгийн эрх танхил нь байх аз тохиосонд ч тэр үү үргэлж аавынхаа өвөр дээр замын турш зүүрмэглэж явдагсан. Говь-Угтаал сум хуруу дарам цөөн машинтай байсан болохоор аавын тэргэнд үргэлж хүн чихээстэй, тиймээс л өвөр дээр нь тухалдаг байсан хэрэг.
Л. Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” гэх бэсрэг гайхалтай зохиол бий. Миний хувьд хорвоотой, хүний араншинтай, амьдралын утга учиртай анх танилцуулсан зам бол тэр л 117 км байсан юм.Аав ихэнхдээ л аймгийн намын хороо, захиргааны хуралд дуудагддаг байлаа.Сум-нэгдлийн мөнгө хэмнэдэг байсан эсэхийг мэдэхгүй, ямартай ч Мандалговьд буудалд байрладаггүй, ГАЗ-69-ийнхөө бүхээгт ээж бид хоёрыг орхиод хэдэн цагаар хуралддаг байж. Бодвол нам засгийн, сум орны их л том асуудлууд ярьдаг, хэлэлцдэг байсан байх. Харин 1969 оны орчим Мандалговь руу явахдаа аав минь цаанаа л түгшүүртэй байгаа нь мэдрэгддэг боллоо.
Яг л хуучнаараа биднийг машинд орхиод хэдэн цагаар гарч ирдэггүй. Ээж санаа зовсон байдалтай. Ердийн үед бол ээж минь хөдөөнөөс төв газар орж ирснийг хэлэх үү, дэлгүүр хэсээд авчирсан амттан шимттэнээрээ биднийг дайлж бялхаж цалгидаг дуутай шуутай хүн, энэ удаа нэг л биш ээ…
Ээж сумандаа хоршооны худалдагч хийдэг байсан. Аав тэр үед хөдөө газар бараг үзэгддэггүй хятад сампинтай, түүнээ сайн ч цохидог байж.Сард нэгэнтээ ч юм уу, улиралд ч юм уу аав сампин тачигнуулж ээж тэр хоёр гэртээ хоршооны тооцоо нийлнэ. Сүүлдээ түр тар хийнэ. Ганбат ах бид хоёр чимээгүйхэн нуугдасхийн ажиглана. Ээж маань хүнс зардаг байсан болохоор самартай гучийн чихэр, хатсан яавлаг, хар чавганд бид умбаж өссөн, Атга атгаар л сэм туудаг байлаа. Тэр цагт социалист өмчийг, хоршоологчдын өмчийг ялгалгүй нийтээрээ нүдлэн хамгаалдаг байсан үе. Хожим бодоход бидний буруугаас ээжийн хариуцдаг хүнс дандаа дутаж аав цалингаасаа нөхөн төлдөг байж дээ. Аав минь туйлын зарчимч хүн байлаа. Надад цаг ямагт тэгж санагддаг байсан, одоо бол бүр хатуу итгэл үнэмшил минь болсоон.
Миний аавыг нутгийнхан маань Цогсүрэн дарга гэж авгайлдаг. 17 настайдаа өөрийн төрсөн нутаг Дэрэн сумын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Цэл залуухан 22 настайдаа Улс хувьсгалын 25 жилийн ойн баяр наадамд Дэрэн сумаасаа Хүрээнд уригдан маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй Алтан үсэгт үнэмлэхээр шагнуулж байсан юм. Аав минь 1961 онд болсон Ардын Их Хурлын сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдон БНМАУ-ын Үндсэн хуулийг батлалцаж, 1966 онд МАХН-ын 15 дугаар Их хуралд төлөөлөгчөөр оролцож, улсад 42 жил тасралтгүй ажиллан гавьяаны амралтдаа гараххүртлээ урт гайхалтай зам туулсан юм. Бага залуудаа танхимын цөөн хоногийн боловсрол эзэмшиж хичээл зүтгэлээр дөрвөн арваны турш Дундговь нутагтаа дандаа дарга хийж “хэнхэг Цогсүрэн” гэх шийтгэл бус магтаалын хоч зон олноосоо хүртсэн аав минь ой той гойд сэргэлэн хүн тул хэлэх үг, илтгэлүүдээ гагцхүү өөрөө бэлддэг ч бичгийн хэв тун муу учир бичээчдээ дуудан өгч цохиулдаг байжээ.
1997 оны намар би өндөр настай болсон аавыгаа Улаанбаатарт татаж авсан юм. Нутгийн ах, аавын найз Д.Төмөрчөдөр над руу өмнөхөн нь утасдаж, “Хүү минь, аавыгаа тойлох цаг болжээ. Зутруухан байна шүү!” гэж хэлсэнсэн.
Манайх тэр үед И хорооллын 27 дугаар байранд даруухан гурван өрөөнд амьдардаг байлаа. Наран бид хоёр үр хүүхдүүдээ эрүүл энх өсгөн бойжуулж есөн жил амгалан амьдарсан халуун дулаан өлгий энэ байраа одоо ч би санадаг. Яг энэ үед нийслэл Улаанбаатар хотын засаг даргаар миний 10 жилийн дээд ангийн сурагч, оюутан цагийн үй зайгүй анд Жанлавын Наранцацралт томилогдоод байв. Найздаа хэллээ дээ, аав хөдөөнөөс орж ирэх нь ээ, манайх гэдэг айл хүнээр зулаатай, яадагшуу юм билээ дээ гэлээ, Наранцацралт нэг арга бодноо л гэж байна.
Тэр маань хэлсэн үгэндээ, гүндүүгүй, хүний хайлан байсан юм. Удалгүй хотын захиргаанаас аав Цогсүрэнгийн минь нэр дээр гурван өрөө байр өглөө. Аав ч ирж төвхнөсөн. Гагцхүү бүх насаараа амьдарч жаргал зовлонгоо хуваалцсан хонхроосоо явах, Дэрэнгийн Сул уулын энгэрт байгаа ээжийн минь алтан шарилыг орхих тун хэцүүхэн байсан даа. 1997 оны 10 дугаар сард байх, нэг их зэвэргэн салхитай өдөр аавынхыг нутгийн зон олон ачааллаа.Манай гэрт Говь-Угтаалаас угшилтай аяганы өр, бүр 1960-аад оны сийлбэртэй хоёр хүрэн шүүгээ, миний хүүхэд байхдаа цагаан сараар цуглуулж дэвтэр, жигнэмэг, хар чавгаар дүүргэдэг асан номын шүүгээ, ээжийн арслантай хоёр авдар… За нэг иймэрхүү л ачаа Зил130-ийн ард тавигдсан юм даг.
Аав, хотод очоод сайхан байранд орноо. Энэ хэрэггүй хогшлуудаа орхи. Ингэж би хэлсэндээ одоо ч харамсдаг. Аавын минь зөв байсаан.Ээжийн минь үнэр шингэсэн тэдгээр хогшил эцгийг минь насан өөд болтол цуг байсан, одоо дүү Ганзоригийнд минь өвлөгдөөд үлдсэн.
1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд Монголын анхны ардчилсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Би тэгэхэд Ерөнхий сайд М.Энхсайханы зөвлөх, Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч байж. Засаг огцроод ажилгүй хэдэн сар манаргалаа. Хөдөө яваад хотын гэртээ иртэл (Аавд өгсөн байраар нэгдүгээр хорооллын гурван өрөөгөө сольсон) нэгэн шар сонинд аймаар нийтлэл гарчээ. “Ерөнхий сайдын зөвлөхүүд франц жорлонд тухалж байна” гэх гарчигтай. 1957 онд баригдсан манай хуучин байрны үүдний өргөн хаалганы зургийг тавиад машин орж болохуйц гэж тодотгожээ. Хөөрхий Ганболдынх зүтгэж зүтгэж Австралийн арай орчин үеийн тосгуур тавиулсныг жолооч маань цуурчихсан бололтой дог…
Ингэхэд дээр цухас дурдаад өнгөрсөн, олон жилийн өмнө аавд минь чухам юу тохиолдсоныг одоо өгүүлье. Аав тэр удаа аймгийн прокурорт дуудагдсан байжээ. Өмч ашиглалын хэргээр, 3-7 жилийн ял тулгуулж байж. Аавын найз, Дундговь аймгийн шилдэг сэхээтэн, олон жил Ардын хянан шалгах хороонд ажилласан, нягт нямбайгаараа гайхагддаг нутгийн ах Ц.Намжилцэрэн тэртээ 1969 оны тавдугаар сарын 29-ний 99 тоот Дундговь аймгийн Намын хорооны товчооны хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг Намын хорооны архиваас надад олж өгсөн юм. Түүнд миний эцгийг буруутгаж байсан зүйлүүд цагаан дээр хараар бичээстэй байна.
-Аймгийн прокурор Чогсом “Миний хувьд н. Цогсүрэн, Ажиндай (нэгдлийн ня-бо) нарыг шийтгэх саналтай байна. н. Цогсүрэн 1968 онд төлөвлөгөөг биелүүлэх нэрийдлээр 619 хонийг мал алдсан хүмүүсээс нөхөж авч болно гэдэг нэрийдлээр хий тоолуулж сумын төлөвлөгөөг хуурамчаар биелүүлсэн. 1967 онд ширний төлөвлөгөө биелүүлэх гэж нийгмийн 48 адууг хээр нядлуулж түүнээс зөвхөн дэл сүүл ширийг ашиглаж махыг ашиглаагүй хаяж үрэгдүүлсэн, 1966 онд Зүүн хараагийн артельд өгөх гэж хэрэгцээнээс илүү малыг нядлуулж 100 гаруй хонь ямааны махыг ялзруулсан зэргээр улсад 10539 төгрөгийн хохирол учруулсан байна… ”
Прокурорын зүгээс хөөрхий аавыг минь ачуулах сонирхол илт байжээ. Энэ санаархалд нь намынх нь гишүүнчлэл саад болсон бололтой. Хэрэв тэр хурлыг даргалсан Дундговь аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ө.Пүлжин, товчооны бусад гишүүд эцгийг маань хамгаалж намтай нь авч үлдээгүйсэн бол амьдралдаа эдийн шуналгүй амьдарсан аав минь гянданд хатаж суух байжээ.
Тэрхүү хурал дээр Ө.Пүлжин дарга дараахь зүйлийг хэлжээ.
“н.Цогсүрэнгийн талаар үүний урьд намын хороонд намын хянан шалгах комиссоос тодорхойлж оруулж ирсэн. Бид түүнийг товчоогоороо ярилцсан. н.Цогсүрэн бол нам улсад тасралтгүй удаан жил ажилласан манай ахмад ажилтан. Энэ асуудлын тухайд төвд Лувсанравдан болон Цэдэнбал даргад танилцуулсан. Ахмад ажилтныг харж үз, хэргийн байдлаас нь нарийн хянаж шийдвэрлэхийг анхааруулсан… ”Ө.Пүлжин гуай шиг тулхтай зүтгэлтнүүд хуралд давамгайлж байсан тулдаа л аав минь шоронгүй салж, намаасаа зургаан сарын орлогч болгон шийтгүүлсэн юм. Аав ажлаасаа халагдан Дундговь аймгийн Дэлгэрцогт сум нэгдлийн орлогч даргаар тушаал буурч томилогдсон билээ. Намайг 10 настай байхад манайх тийш нүүж өсөж өндийсөн буянт тоонот Говь-Угтаалаа орхисон түүхтэй.
Хожим би Говь-Угтаалдаа хэдэнтээ очсон. 1992 оны картын систем үйлчилж байсан тарчиг хавар цоо шинэ улс төрийн хүчин Монголын социал демократ намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин Угтаалчуудаасаа дэмжлэг хүсэн явж байлаа. Намайг Угтаалын төвд уулзалт хийхэд аав намын илгээлтээр 1960 онд аймгийн төвөөс очиж байгуулалцаж байсан Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэл тарж хөрөнгөө хувааж байлаа. “Аав чинь өдөр шөнөгүй явж энэ нэгдлийг товхийсэн аж ахуй болгосон юм. 1969 онд Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойгоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатарт тодорхойлогдож магадгүй байсан эгзэгтэй үед аавыг чинь нутгийн хэдэн хөгшчүүл матсан юм шүү дээ” гэж сонгуулиар явж байхад нутгийн буурал хуучилсан удаатай. Тийм, үгүй ч одоо тогтоох аргагүй.Нэг л үнэн зүйл бий. Говь-Угтаалын Цогсүрэн Угтаалын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан нь хөдөлбөргүй үнэн. Түүнийг нь ахмадууд одоо хэр баталдаг.
Хэрвээ аав буруу зүйл хийсэн бол хувийн шуналаасаа лав болоогүй. Үүнийг би баттай хаана ч хэлнэ. Цаг үеийн эрхээр, нам засгийн даалгавраар янз бүрийн шийдвэр, үйлдэлд оролцож л явсан байх.
Аавыг Говь-Угтаал сум-нэгдлийг удирдаж байхад улсын төлөвлөгөө даалгавар биелүүлнэ гэдэг хууль байсан юм билээ. Өсч л байдаг, хорогдож л байдаг хэдэн малыг малчдаасаа цуглуулчихна гэж бодоод л дээшээ хэдэн тоо тавиад явуулсан болов уу даа. Дээр дурдсанчлан арьс ширийг нь аваад махыг нь хаясан гээд байгаа хэдэн адууг хавар онд орох шинжгүй болохоор нядлуулаад ширийг нь сумын хоршоонд тушаалган, махыг нь нэгдлийнхээ гишүүдэд үнэгүй өгчихсөн юм гэнэ лээ.
Идэр залуу байхад аль нэг ажилд ороход гурван үеийн намтар заавал бичдэг байлаа. Миний намтарт өвөө хэзээ ч байгаагүй, эмэг эх Насангийн намтар гэж эхэлдэг байлаа. Хожим Цагаатгалын хууль гарч 1930-аад оны сүүлээр хэлмэгдсэн улсуудын үр хүүхдүүдэд төрийн шийдвэрээр нэг сая төгрөгийн нөхөн олговор олгоход аав минь надад өвөг эцэг Жигмидийн тухай ярьж өгсөн юм. Өвөө минь эм залдаг буянтай оточ лам байсан тухай, Тагнуулын ерөнхий газарт өнөөг хүртэл хадгалагдах мэдүүлэгтээ төрсөн хүү Цогсүрэн, миний эмээ Насангийн тухай бүх зүйлийг байцаалтад үнэн мөнөөр өчиж байсан аавынхаа тухай нулимстай ярьсныг нь мартдаггүй.
Хүн гэдэг тэнэгхэн амьтан. Та чинь намтартаа хүртэл аавыгаа нуудаг байсан байж юун сая төгрөг хөөцөлдөөд байгаа юм, орхи наадхаа гэж би хэлж байсан юм. Аав юу ч хэлээгүй. Нулимс ч гаргаагүй, бодвол сэтгэлдээ мэгшсэн байх. Биднийг өөдтэй өнгөтэй явуулах гэж, эсэргүүний хүүхэд гэх хаяг шошго зүүлгэхгүйн тулд элбэрэлт эцгээ өөрөөсөө хүртэл нууж амьдарсан ачит аавынхаа гэгээн дурсгалд мөргөмүү.
Одоогоос арван зуны тэртээ Говь-Угтаал сумын 80 жилийн ойн баярт хүндэт зочноор уригдан оролцсон нь аавын минь надтай цугтаа үзсэн сүүлчийн наадам байжээ. Бие нь тааруу байсан тул нутгийнхаа наадамд очиж чадахгүй гэж урьдчилан хэлүүлээд байв. Гэвч наадам ойртоход “Аав нь Угтаал руугаа явмаар байна” хэмээн надад хэлсэн юм. Би гэж бүтэлгүй амьтан, өчнөөн жил төрд зүтгэсэн ухаантай байж олигтой машин ч олдоггүй. Монголын үндэсний телевизийн ММ агентлагт хамт ажиллаж байсан сэтгүүлч М.Амарбаярын спорт жийпээр аавыгаа аваад Угтаалын уулсаа зорилоо.
Наадмаа хийж буй Говь-Угтаал сум, түүний хөдөлмөрч, бүтээлч, өгөөмөр хүн ард аавын амьдралынх нь утга учир, салшгүй хэсэг байсан юм. Тэр Дэрэн сумын уугуул ч“Угтаалын Цогсүрэн дарга” гэх тодотголоос хэзээ ч салаагүй.
Сумын маань 80 жилийн наадам сайхан болсоон. Бүхэл бүтэн арван жил энэ сумын дарга байсан аавын минь хувьд үнэхээр утга учиртай баяр байлаа. Тэнд аавын минь насны хань, миний ээж Должинсүрэнгийн Цэрэндэжид сумын төвийн жижигхэн хоршоонд 10 жил худалдагч хийсэн юм шүү дээ. Бидний танхил, эрх дураараа дэврүүн бага нас тэнд л өнгөрсөн.
Аавын минь биеийн байдал тааруу байлаа. Биднийг сум дундын нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт тусгайлан ор гаргаж байрлуулав. Аав боломжоороо хичээж дэлгэр наадахыг хүссэн ч дур зоргоороо байж чадаагүй.Тэгсгээд бид буцлаа.
Аав машины урд талд, би ард нь сууж явсан юм. Нөмрөн буй зовлонг мэдэрч байсны хувьд нүдний аягаар дүүрэн нулимс бөмбөрлөө.
Хамгийн хүнд хэцүү үед ч, итгэл найдвараа хэзээ ч гээлгүй зовлонг сөрж амьдарсан ааваасаа нулимсаа нуухыг хичээсэн ч чадаагүй ээ.
Яруу найрагч А.Лхагва надад нутгийн зураач Мөнхдүүрэнгийн туурвисан Их газрын чулууны сэтгэл татам зураг бэлэглэсэн юм. Энэ сайхан бүтээл одоо ч гэрийн минь хананд бий. Их газрын чулууны ууланд мянган бууц бий. Тэнд өвөлжиж хаварждаг малчдаа эргэхээр аав маань ГАЗ-69-өөрөө хөндлөн гулд явдаг байлаа. Тэгэхэд аавынхаа өвөр дээр явдаг байсан би Цогсүрэн гэх эрхэм нэрээр овоглуулах болсон хувь заяандаа залбирч юу л бичнэ, дор нь аавынхаа нэрийг давхар дайдаг билээ.
Цогсүрэнгийн ГАНБОЛД
Хонконг. 2015.3.2