Categories
мэдээ цаг-үе

Түүхэн хэлэлцээрийн эргэн тойронд…

-ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЯПОНД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТЭМДЭГЛЭЛ-

Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Тэрбээр Ерөнхий сайд болоод анхны айлчлалаа Япон улсад хийж байгаа нь энэ юм. Хэдийгээр хоёрхон өдрийн хугацаанд цаг давчуу байсан ч чамгүй олон уулзалтуудыг хийж, түүхэн томоохон хэлэлцээр дээр үзэглэж, гэрээ байгуулаад ирсэн. Түүний айлчлалын эргэн тойронд чухам ямар яриа болж, юу өрнөснийг тоймлон хүргэе.

МОНГОЛТОЙ ХОЛБООТОЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ЕРӨНХИЙ САЙДАД БАРААЛХАВ

Ерөнхий сайд Японд газардсаныхаа дараа эхний уулзалтаа “Номура шокэн” компанийн захирал, “Номура Холдингс”-ийн гүйцэтгэх захирал Кожи Нагаитай хийсэн юм. Азидаа нэртэй компанид тооцогддог “Номура холдингс” нь олон улсын түвшинд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулдаг Азийн хувьцаа болон бондын зах зээлийн тэргүүлэгч компани гэгддэг билээ. Бас Лондон, Токиогийн хөрөнгийн биржийн арилжаанд тэргүүлэх байр суурьтай оролцдог газар аж. Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана гэдгээ ноён Кожи Нагаи илэрхийлж байлаа. Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны дэд Ерөнхийлөгч К.Яжима Ч.Сайханбилэг сайдад бараалхсан бөгөөд Ерөнхий сайд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь нэг рүүгээ чиглэсэн зээл тусламж хэлбэртэй явж ирснийг цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа болгоно гэж хэлсэн нь дандаа мөнгө гаргаж байдаг банкны удирдлагад таатай сонсогдсон биз ээ. 2013 оны зургадугаар сард манайх анх удаа JBIC-тай экспортын зээлийн шугам байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Ингэснээр Японы экспортлогчдын бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын импортлогчдод дэмжлэг үзүүлэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд найман тэрбум иенийн зээл олгох бөгөөд энэ төслийг бодит ажил болгох үүрэг бидэнд байгаа юм. Ерөнхий сайд төслийн үргэлжлэл болгон шинээр 300 хүртэл сая ам.долларын зээлийн шугам нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд К.Яжима туршилтын энэ төсөл хугацаандаа амжилттай хэрэгжвэл, дараагийн шатны хөтөлбөрийг дэмжин ажиллахад бэлэн хэмээсэн юм. Ерөнхий сайдтай уулзсан эрхмүүдээс анхаарал татаж байсан нэгэн бол Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч К.Накамура байлаа. Энэ корпораци нь 1992 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа чухам манайхныг япон, монгол төрийн далбаатай тусламжийн хуурай сүүг ууж байхаас л Монголтой холбогдсон байгууллага ажээ. Тэд 1995 онд “Мобиком” компанийг байгуулахад хөрөнгө оруулж яах аргагүй манай анхдагч гадаад хөрөнгө оруулагчдын нэг болсон. Харин одоо Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд багтсан гурвын нэг болж байгаа билээ. Тэд хоёр гол чиглэлд ажиллана гэдгийг К.Накамура сан онцолж байсан бөгөөд хөрөнгө оруулалт болон маркетинг дээр голлон ажиллах юм байна.

Японы парламентын зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки тэргүүтэй Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзсан арга хэмжээ элэгсэг дотно болсон. Эртний хийц, өнгө будаг гүн шингэсэн модон хана, тавилгатай өрөөндөө нас өндөр ч хөнгөн шингэн алхаатай парламентчид залуу Ерөнхий сайдыг хүлээж авсан. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Монгол Японы харилцааны хөгжилд Япон улсын Парламентын зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж буйг чухалчлан тэмдэглээд Япон улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон улстай хөгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг хэлсэн билээ. Энэ үеэр тэд ярианы үеэр төлөвлөөгүй байсан визний асуудлыг хүртэл хөндсөн бөгөөд нааштай хариу удахгүй сонстох биз ээ.

АНХ УДАА МОНГОЛ ХҮН УЛСАА ТӨЛӨӨЛЖ СОЁЛЫН ЭЛЧ БОЛОВ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалынхаа үеэр Японы сумо бөхийн түүхэн амжилтыг эвдэж, 33 удаа түрүүлсэн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг Монгол Улсын соёлын элчээр томилж, дипломат паспорт олгосон арга хэмжээ болсон юм. Их аварга, өөрийг нь дагалдан явах даруухан япон эхнэрээ дагуулан иржээ. Монгол Улсын соёлын элч нь Монголыг хилийн чинадад сурталчлах, соёл, урлаг түүх спорт цаашлаад хүмүүнлэг, шинжлэх ухааны салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг аж. Урьд өмнө нь гадны улс орнуудын иргэдэд энэ элчийн өргөмжлөлийг хүртээж байсан бол анх удаа монгол хүн энэ үүргийг хүлээж байна. Хакухо М.Даваажаргал “Эх орныхоо соёлын элчээр томилогдсондоо баяртай байна. Улам сайн барилдаж, амжилтаа ахиулна. Би азтай хүн. Монгол Улсад төрж, өсч, Япон улсад өдий зэрэгтэй яваа минь сүмод барилдаж байгаагийн минь хүч юм. Хоёр орныхоо гүүр болж, зүтгэх болно” гэж хэлж байлаа. Бас их аваргад дипломат паспорт олгохдоо манайхан 33 тоотыг олгосон нь дээд амжилт эвдсэн түрүүний тоо нь ажээ.

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БҮРТГҮҮЛСНЭЭСЭЭ ОЛНООР ИРЖ, АСУУЛТ ТАВИХ ХҮМҮҮС ДУУССАНГҮЙ

Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) Токио дахь Монголын Элчин сайдын яамтай хамтран бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд Монголыг сонирхож байгаа байгууллагуудаас 150 хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй хүн иржээ. Өөрөөр хэлбэл, Монголыг тэд сонирхож байна гэсэн үг. Гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж, нээлттэй ажиллахаа илэрхийлсэн Засаглалын тэргүүн ирж байгаа болохоор тэгж олноор ирсэн байж ч болох юм. Бас Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал салбар салбарынхаа тухай мэдээлэл өгсөн нь тэдэнд таатай санагдаж байх шиг анзаарагдсан. Манайхан яг таг, тоо хэмжээ, цаг хугацаа мэдэх дуртай япончуудын чанарт тааруулж мэдээллээ өгөхөө бас тооцоолжээ. Бас Ерөнхий сайд нь суугаад ярихаар арын хүмүүст харагдахгүй байж магад гээд өөрөө босч ирээд энгийнээр асуудлаа ярьж, асуултад хариулсан нь тэдэнд ойр санагдсан байх. Тэрбээр “Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны бизнес эрхлэгчдэд таатай боломж олгох болно. Бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд Засгийн газар ажиллаж байгаа.Монголын уул уурхай, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, хурдны зам, метро барих зэрэг томоохон төслүүд шинэ хөрөнгө оруулагчаа хүлээж байна. Төрийн өндөр дээд түвшний айлчлалууд тогтмолжиж, хоёр орны улс төрийн харилцаа сайн хөгжлөө. Иргэд хоорондын харилцаа ч өндөр хэмжээнд хөгжиж байна. Энэ харилцаагаа бид өнөөдөр эдийн засаг, худалдааны салбарт ашиглах цаг иржээ” гэж Ерөнхий сайд хэлсэн. Түүнээс асуулт асуух гэсэн хүмүүс дуусахгүй байсан бөгөөд япончууд цаг барихдаа яс хүмүүс тул товлосон цаг дуусахад хаагаад л орхисон.

МОНГОЛЧУУД ТҮҮХЭН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЯПОНЧУУДТАЙ ХИЙЛЭЭ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүн болчихоод хийсэн мэдэгдэлдээ “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” гэсэнчлэн энэ удаагийн айлчлалын гол цөм, үр дүн, зорилго нь нэг хоёр гуравтаа бүгд Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байлаа. Түүнтэй энэ гэрээг албажуулж, гарын үсэг зурсан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилж байгаад чин сэтгэлээс халуун мэндчилгээ дэвшүүлье. Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анхны гадаад айлчлалаа манай улсад хийсэн нь Монгол Улс Япон улсыг “гуравдагч хөрш” хэмээн чухал ач холбогдол өгч буйн илрэл гэж өндөр үнэлж байна. Япон, Монгол хоёр улс нь түүхэнд хамгийн ойр дотно харилцааныхаа үед ирлээ. Зөвхөн Засгийн газар хоорондын харилцаагаар зогсохгүй, сумогийн их аварга Хакухо болон бусад монгол бөхчүүд амжилттай барилдаж байгаад хоёр улсын ард иргэд хүндэтгэлтэй хандаж байдаг юм. Гурван жил гаруй хэлэлцэж байж, Япон-Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Үүнд маш их баяртай байна” хэмээсэн билээ. Үнэхээр гурван жил гаруйн хугацаанд хоёр талаас маш олон удаагийн уулзалт хэлцээ, маш олон хүний хүч хөдөлмөр гарсны үр дүнд энэ гэрээ байгуулагдаж байгаа юм. Манай улсын хувьд Эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээр нь энэ бөгөөд япончууд биднээс өмнө 14 оронтой байгуулжээ. Энэ гэрээний гол мөн чанар бол хоёр тал харилцан ашигтайгаар эдийн засгийн хувьд түншлэх явдал гэж ойлгож болох юм. Үнэндээ гурван сая хүнтэй Монгол тэдний хувьд анхаарал татаж чадах хамтрагч мөн болов уу. Монголын хүн ам бол Токиогийн нэг дүүрэг л гэсэн үг. Манай бүтэн жилийн дотоодын нэг бүтээгдэхүүнтэй тэнцэх хөрөнгийг Япон 16 цагийн дотор бүтээж байдаг гэсэн тооцоо бий. 365 хоногийн 16 өдөр биш. 365 хоногийн нэг өдрийнх нь 16 цаг шүү дээ. Гэхдээ Монголд ашигт малмтал бий, япончуудад түүнийг боловсруулах технологи, мэргэжилтэн бас хөрөнгө оруулагчид байгаа. Харилцан нэг нэгнээ нөхөж харилцан ашигтай байх нь энэ гэрээний зорилго. Монголтой хийх энэ гэрээг Японы талаас анх удаа улстөрч хүн удирдсан гэнэ лээ. Өмнө нь дандаа эдийн засаг, бизнесийн хүн гарддаг байж. Тэгэхээр энэ гэрээ тэдний хувьд улс төрийн шийдвэр болж байгаа хэрэг.

Тус хэлэлцээр нь нийт 1200 гаруй хуудастай маш том гэрээ. Өргөн агуулга, үйл явдлыг багтаасан гэж болно. Гэхдээ манайхны хувьд хамгийн эхний анхаарал татаж байгаа зүйл бол гаалийн татваргүй болох явдал. Ингээд сонсохоор манайханд машин татваргүй орж ирэх нь гэж хамгийн түрүүнд бодогдоно. Бас зарим хүмүүс япончууд манайханд хуучин машинаа шахах гэж л энэ гэрээг байгуулж байгаа гэж мэдэмхийрч байгаа нь ч дуулдаж байна. Гэхдээ хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг дээ. Үнэндээ япончуудын хувьд шинэ машинаа зарах нь л хэрэгтэй болохоос хуучин машинаа зарах тэдэнд асуудал биш. Өөрөөр хэлбэл тэд шинийг зарж ашгаа олдгоос хуучнаа зарж ашиг олно гэж байхгүй. Тэр ашиг нь машины наймаа хийдэг пакистан, монголчуудад ирэхээс Японд хамаагүй л дээ. Үнэхээр хүмүүсийн хүлээж байгаа шиг машины үнэ буурах болов уу. Машинууд гаалийн татваргүй болох ч онцгой албан татвар байна гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Арваас дээш жил ашигласан хуучин машин бас 4500-гаас дээш мотортой үнэтэй машинууд татвараас чөлөөлөгдөхгүй. Харин жирийн иргэдийн унадаг дундаж машинууд хямдарна л гэсэн үг. Энэ хэлэлцээрийг Японтой хийсэн улс орнуудад хөрөнгө оруулалт дандаа нэмэгдэж байсан юм байна. Хамгийн их нь Мехсикт 70 хувиар хөрөнгө оруулалт нь нэмэгджээ. Харин бага нь Сингапурт 4 хувь гэнэ. Мехсикийн хувьд япончууд машины үйлдвэрээ тэнд байгуулжээ. Мехсикчүүдийн хувьд гаднаас хөрөнгө оруулалт орж ирнэ, хүмүүс нь ажилтай, машин хийж чаддаг болно харин япончууд Хойд Америк руу машин нийлүүлэхэд ойрхон, бас элдэв татварын хувьд давуу талтай. Энэ мэтээр харилцан ашигтай явж ирдэг гээд ойлгочиход болох бололтой. Өөрөөр хэлбэл, Японы аж үйлдвэрийн олон улсын сүлжээнд орж байна. Нэг газарт нэг үйлдвэр биш, нэг бүтээгдэхүүний эд хэрэгслийг нь үйлдвэрлэх газар нэг орон болдог учраас бүх орнууд нь нийлээд хамтын эрх ашигтай болж байна гэж ч болох юм. Тоглоомын нэгдсэн дүрэм бий болж байна. Ланд круйзер машины шилийг нь Малайзид, чийдэнг нь Филиппинд үйлдвэрлээд явчихаж байгаа хэрэг шүү дээ.

Манайх шиг байгаагаа түүхий эдээр нь гаргаж байсан оронд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах ухаанд суралцахад том боломж гарна. Бас хүнийг нь сургаад өгөх нь давуу тал. Япончуудын хувьд технологио харамгүй хуваалцдагаараа алдартай. Солонгосын Хюьндэй бол Тоёото, Самсунг бол Тошиба гэдэг шүү дээ. Тэгж л үлдээж чаддаг байна. Тэгэхээр энэ хэлэлцээрийг Японтой баталсан нь бидэнд том боломж гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр УИХ-ын чуулганаар манайх энэ хэлэлцээрээ соёрхон батлах асуудлаа шийдэнэ. Харин япончуудын хувьд дарааллын хувьд ямар байдаг юм, ойрын үед шийдэх биз ээ. Гэхдээ тэдний парламентад Ш.Абэгийн нам олонхи байгаа учраас асуудал гарахгүй нь ойлгомжтой. Гишүүд гэснээс энэ хэлэлцээрийн төсөл яригдаж байхад манай түшээд төслийг сошиалаар сонирхуулах маягаар тавьчихсан асуудал гарч байсан. Японы хувьд ганц манайтай биш хэд хэдэн оронтой хэлэлцээрийн төслийн хэмжээнд явж байсан учраас монголчууд хачин хүмүүс гэж бодсон л байж таарна. Учир нь манайх шиг зөөлөн, хөнгөлөлттэй нөхцөлийг тэр бүр улсуудад хангаагүй л байгаа. Юутай ч монголчууд Эдийн засгийн түншлэлийн анхны хэлэлцээрээ Японтой байгуулж чадлаа. Одоо албан ёсных болчихвол. Энэхүү хэлэлцээр нь бидэнд, хоёр талд өгөөжөө өгч, дараа дараагийн ашигтай хэлэлцээрүүдийг ч байгуулж, дэлхийн эдийн засгийн сүлжээний нэгээхэн хэсэг болох эхлэл нь амжилттай байх болтугай гэж хүсэх л үлдлээ.

Токио-Улаанбаатар

Э.ЭНЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *