Categories
мэдээ нийгэм

Үнэт цаасны арилжаа эрхлэгчид дүрмийн санг эргэн харахыг хүсчээ

Санхүүгийн зохицуулах хорооны даргын албанд томилогдоод удаагүй байгаа З.Нарантуяа өчигдөр салбарынхаа мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, ХААБ-ын брокерын нэгдсэн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгагчдын зуучлагчдын холбооны төлөөлөгчид уулзалтад оролцсон байна. Тэд салбарынхаа хууль эрх зүйн болон зах зээлийн орчин, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа төрийн үйлчилгээтэй холбоотой бэрхшээл чирэгдэл болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцсан байна.

Энэ салбарын бизнес эрхлэгчдэд тулгамддаг түгээмэл асуудал нь чухал шаардлагатай бус журам, зөвшөөрлийн тоо хэт ихэссэн, үйл ажиллагаа явуулахад чөдөр тушаа болдог шалгалт, хяналт болон тэдгээрийн төлбөр мөн өндөр байдаг гэнэ. Тухайлбал, үнэт цаасны арилжаа эрхлэгчдийг дүрмийн сангаа 500 саяд хүргэх хуулийн заалт хэрэгжиж эхэлжээ. Санхүүгийн хямралтай байгаа энэ үед 50 сая байсан дүрмийн санг энэ оны долдугаар сар гэхэд 500 сая болгоход хүндрэлтэй байгаа учир уг хугацааг өөрчилж, тодорхой үе шаттайгаар хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхийг хүсчээ.

Даатгалын салбарынханд дээр дурдсан журам зөвшөөрлийн дарамтаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг зөв хэрэгжүүлэхгүй бол энэ даатгалын үндсэн зорилт нь хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, зам тээврийн осол гэмтлийг бууруулахад чиглэсэн ч бодит байдал дээр даатгалын компаниас хохирол гаргуулах хэлбэр рүү орох эрсдэлтэйг хэлжээ.

Банк бус санхүүгийн байгууллагууд, ХААБ-ын брокерын нэгдсэн холбооныхон ч мөн адил эдийн засгийн хямрал, төрөөс шалтгаалсан бичиг баримт, зөвшөөрөл шаардсан олон асуудал байгааг уулзалтын үеэр дурдлаа. Өнөөдрийн байдлаар үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй компани, 350 гаруй Банк бус санхүүгийн байгууллага байдаг юм байна.

Салбарынхаа мэргэжлийн холбоодтой уулзаж санал бодлыг нь сонссон З.Нарантуяа захирлын хувьд зөвшөөрөл, журмыг цөөлөх болон удахгүй батлагдах тус салбартай холбогдох хуулийн төслүүдэд тэдний санал хүсэлтийг тусгана гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *