Categories
мэдээ нийгэм

“Ботаникийн үзэсгэлэн”-д оролцохыг урив

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз Засгийн газрын шинэ сайдуудтай хамтын ажиллагааны уялдаа холбоогоо бэхжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Тодруулбал, энэ сарын 23-нд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, 24-нд ХХАА-н сайд Р.Бурмаа, 25-нд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, 25-нд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй тус тус уулзсан байна.

Тэрбээр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой хийсэн уулзалтынхаа үеэр Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, хог хаягдлыг устгах, мөн аялал, жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын талтай хамтран ажиллах талаар зөвшилцлөө. Мөн байгаль орчны мэргэжилтнүүдийг Турк Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулахад анхаарал хандуулахаа мэдэгдээд, 2016 онд өөрийн улсад зохион байгуулагдах “Ботаникийн үзэсгэлэн”-д Д.Оюунхорол сайдыг Монгол Улсаа төлөөлөн оролцохыг урьж, урилгыг албан ёсоор гардуулав. БНТУ манай улстай 1998 оноос байгаль орчны салбарт хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2006, 2009 онуудад тус тус хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдийн байгуулсан түүхтэй.

Өдгөө тус улсын дэмжлэгээр Монгол оронд байгальд ээлтэй гурван томоохон төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь “Утаагүй зуух төсөл” юм. Түүнчлэн Баян-Өлгий аймагт Усан цахилгаан станц, Хан-Уул дүүрэгт 20 сая ам.долларын өртөг бүхий Хаягдал ус цэвэрлэх байгууламж зэргийг барих төслүүдийг тус тус хэрэгжүүлж байна. Энэ жил БНТУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтосны 45 жилийн ой тохиож буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *