Categories
мэдээ улс-төр

М.Батчимэг: Үндсэн хуулиар УИХ, Засгийн газрыг зааглах цаг болсон

УИХ-д суудалтай намуудын найман гишүүн нэгдэж “Маргаашийн төлөө” нэртэй тунхаг гаргасан билээ. Тунхагийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.

Юуны түрүүнд энэ тунхагийг гаргах болсон шалтгаан, тунхаг бичгийн агуулга, зорилгын талаар ярихгүй юу?

-Энэ тунхагийг гаргах болсон гол шалтгаан нь өнөөдөр бий болоод буй улс төрийн хүндрэл, засаглалын хямралыг даван туулах бодитой арга замуудыг цаг алдалгүй хурдан хугацаанд хэрэгжүүлэх. УИХ-ын олон гишүүд өнөөдрийг хүртэл туулсан зам, туршлагаасаа улс төрийг тогтворжуулах, эрүүлжүүлэхийн тулд юу хийх вэ гэдгийг мэдэж байгаа. Гол нь үүнийг хийх, хамтарч ажиллаад болохгүй байгаа асуудлуудаа хурдан шийдвэрлэх бүтээлч үйл ажиллагаа чухал байна. Бид энэ УИХ-ын үлдэж байгаа жил гаруй хугацаанд шаардлагатай өөрчлөлтийг хийх хуулиудаа гаргаж чадахгүй бол дараагийн 4 жилд хямрал үргэлжилнэ. Тиймээс бидний 8 гишүүн гишүүддээ хандаж уриалга гаргаж байгаа юм.

Улс төрийн тогтворгүй байдал газар аваад байгаа энэ үед “Маргаашийн төлөө тунхаг” цагаа олсон уриалга болжээ. Та бүхэн хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзсэн бэ?

-Нэн түрүүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, түүний дотор гол нь сайд нарыг УИХ биш, Ерөнхий сайд өөрөө мэдэж томилдог болъё гэж байгаа юм.

Манай улс өнгөрсөн 24 жилд 14 Ерөнхий сайдтай байсан. Одоо 15 дахь нь томилогдох гэж байна. Нэг Ерөнхий сайд дунджаар хоёр жил ч ажиллаж чадахгүй байна шүү дээ. Тухайн Ерөнхий сайдын сайн муугаас үл хамаараад тогтвортой ажиллах боломж хомс байна гэсэн үг. Одоогийн МАН УИХ-д дангаараа үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байсан үед л П.Жасрай, Н.Энхбаяр гэж хоёр хүн сонгуулийн 4 жилд бүтэн ажиллаж. Цаашид нэг нам УИХ-д тийм суудал авах магадлал тун бага. Ийм нөхцөлд алсаа харсан хөгжлийн тогтвортой бодлого гарах, хэрэгжих боломж байхгүй. Бид Үндсэн хуулийн одоогийн зохицуулалтаар Засгийн газар тусдаа инститүц болж ажиллах боломжгүй, УИХ-аас чөдөрлүүлчихсэн байна гэж харж байгаа. МанайдЕрөнхий сайд бусад парламентын засаглалтай орнууд шиг өөрөө сайд нараа томилоод улс төржихгүй ажлаа хийгээд явах боломж байхгүй. УИХ бүх сайд нарыг томилно, томилсон сайд нараа хүссэн үедээ огцруулна. УИХ-ын гишүүд сайд нарыг томилдог учраас УИХ дээрх бүх хэрүүл тэмцэл Засгийн газар дээр үргэлжилж, тэнд төрийн нэгдмэл бодлого биш, томилсон гишүүд, фракцуудын бодлого, эрх ашгийн өрсөлдөөн үргэлжилдэг. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, Ерөнхий сайд нэг гараар Засгаа удирдах боломжгүй.

Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө л сайдаа томилж, чөлөөлж танхимаа байгуулдаг болохгүй бол сайд нар УИХ-ын гаднаас томилогдсон ч томилсон фракц, гишүүдийн барьцаанд хэвээр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, давхар дээлний хууль бүрэн шийдэл болж чадахгүй гэдэг нь харагдаад байна. Ийм учраас л Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй хийе гэж байгаа юм.

Энэ өөрчлөлтийг хийхгүй бол дараагийн Ерөнхий сайд хэн ч болсон удаан тогтвортой ажиллах хэцүү, Ерөнхий сайд өөрөө мэдэж багаа бүрдүүлэхэд хуулийн хувьд боломжгүй, гаднаас мэргэжлийн сайд нар томилогдсон ч фракцуудаас хамааралгүй, улс төржихгүй ажиллаж чадахгүй гэж үзэж байна гэсэн үг үү?

– Яг тийм. Нэн ялангуяа энэ удаагийн УИХ дахь хүчний харьцаа ийм эмзэг, байгаа үед, хамгийн олон суудалтай байгаа манай нам дотроо ийм бэрхшээл, хагаралтай байгаа үед. Парламентын засаглалтай ямар ч оронд их хурал дээрээ улс төржилт, хэрүүл тэмцэл болж л байдаг. Тэр нь тэр болгон Засгийг бужигнуулах тэмцэл болдоггүй нь парламент, Засгийн газар нь огт хоёр өөр инститүц байж бие дааж ажиллаж болдогт байгаа юм.

Тэгэхээр Засгийн газ­рын тэргүүн танхимаа бүр­дүүлдэг болбол давхар дээл­ний асуудал ч мөн цэгц­лэгдэнэ гэж харж болох уу?

-Би дээр хэлсэн. УИХ сайд нарыг томилдог эрх нь хэвээр үлдэх л юм бол сайд нар хичнээн гаднаас томилогдсон ч УИХ-ын гишүүний барьцааны хүмүүс хэвээр үлдэнэ. Тиймээс УИХ сайд нарыг томилдгоо болих нь эхний бөгөөд суурь асуудал, үүн дээр УИХ-ын гишүүн сайд хийдэггүй, дан дээлтэй болчихвол асуудал маш их цэгцэрнэ.

Зөвхөн Үндсэн хууль биш, бусад хэд хэдэн хуулиудыг өөрчлөх санал гаргасан байна лээ. Энэ талаар?

-Үндсэн хууль бол эхний бөгөөд хамгийн чухал асуудал нь. Гэхдээ дан Үндсэн хуулиар асуудал шийдэгдэхгүй. Бид Төрийн албаны хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, хуулийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх асуудлуудыг тунхагт тусгасан.

Шүүх засаглал улс төрөөс хамааралтай, улс төр нь бизнестэйгээ хутгалдчихсан өнөө үед та бүхний дэвшүүлсэн са­наачилга УИХ-аас дэм­жигдэж хэрэгжих магадлал хэр байна вэ. Тунхаг гарснаас хойш УИХ-ын бусад гишүүд байр сууриа илэрхийлж байна уу?

-Ер нь ийм өөрчлөлтийн талаар зөвхөн бидний хэдэн гишүүн эхэлж ярьж байгаа юм биш. Манай эрдэмтэн судлаачид, УИХ-ын олон гишүүн ийм чиг рүү явах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа. Бид гол нь ажлыг шуурхайлуулах алхмыг эхлүүлье, ярьж сууж цаг алдахгүй байя гэж санал нэгдсэн. Өнөөдөр асуудлыг зөвхөн хэнийг ямар албан тушаал, сандал ширээ хуваах өнцгөөр хармааргүй байна. Хэн гэдэг хүн, ямар ажил хийх гэж сайд дарга болох вэ, улс төрийн намууд Засгийн газарт орвол яг юуны төлөө эвсэх вэ гэдгээ нухацтай ярилцах цаг. Намуудын эвсэх зорилго албан тушаал, бие биеэ хаацайлах хуйвалдаан байж болохгүй. Санаачилга гаргасан гишүүд дотор бүх намын төлөөлөл байгаа. Бид олонхиороо дэмжиж, санаа нэгдэх бүрэн үндэстэй энэ асуудал дээр УИХ-ын удирдлага, бусад гишүүд, намын бүлгүүдтэй хамтран ажиллая, субботникийг нь хийе гэж байгаа. Олон гишүүд энэ асуудлыг дэмжинэ, хамтдаа ажиллая гэж хэлж байна.

УИХ-д суудалтай намуудын төлөөлөл нэгдэж тунхаг бичиг гаргасан нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэж нэг талаар уриалж байгаа мэт харагдаж байна?

-Магадгүй намууд ойлголцолд хүрээд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдвал энэ асуудлыг шийдэхэд тус дэм болох талтай. Гэхдээ Үндсэний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдахгүй байлаа гээд асуудлыг шийдэхгүй орхиж болохгүй. Хууль өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас энэ чухал асуудлыг Засгийн газраар барьцаалж гацааж, хойшлуулж болохгүй. Тиймээс бид тунхагтаа Засгийн газар хэрхэн бүрдэхээс үл хамаарч УИХ энэ ажлыг хийх ёстой гэдгийг онцолсон. Монголын төр бат бэх, тогтвортой эрүүл саруул байх нь ямар ч улс төрийн зорилгоос илүүтэй улс төрийн намуудыг, гишүүдийг нэгтгэх, цаг үеийн бэрхшээлийг харгалзахгүйгээр урагшуулал асуудал гэж бодож байна.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд олон ажил хийсэн ч хангалттай үр дүн өгөхгүй байна гэх шүүмж бий. Маргаашийн төлөө тунхагт шүүхийн шинэчлэлийг үргэлжлүүлэх ёстой гэж тусгасан байсан. Чухам яаж ажиллах ёстойг асуумаар байна л даа?

-Хууль шүүхийн байгууллагууд улс төрөөс хамааралгүй байж, хууль дээдэлж, хүний эрхийг хамгаалж ажиллах ёстой. Сүүлийн үеийн судалгаагаар шүүх хуулийн байгууллагад авлига хамгийн их байна гэж иргэд үзэж байна. Хамгийн цэвэр, шударга, ёс зүйтэй байх ёстой шүүх хуулийн байгууллага ийм байгаа бол Монголын ирээдүй маш хүнд байдалд оржээ гэсэн үг. Тэгэхээр одоо хэрэгжиж байгаа шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэх ёстой. Шүүгчдийн цалин хангамжийг нэмэгдүүлснээр авлигын асуудал буурна гэсэн найдлага бидэнд байсан.Өнөөдөр аль ч шатны шүүгч УИХ-ын гишүүдээс хавьгүй өндөр цалин авч байна. Гэтэл байдал сайжрахгүй байна. Бид үүнд дүгнэлт хийх ёстой.

Тэгэхээр нэг талаас шүүхийн шинэтгэлийг тууштай үргэлжлүүлэх, нөгөө талаас манай хууль шүүхийн байгууллагынхан өөрсдөө ч, улстөрчид ч нийгэмд үлгэрлэхнь чухал байна.

Тэр ч утгаараа Маргаашийн төлөө гэсэн нэрнээсээ авахуулаад энэ тунхаг ирээдүй рүү хандаж ээ дээ?

-Үнэхээр тийм. Бидний ярьж буй энэ асуудал зөвхөн улс төрийн асуудал биш. Хойч үе, үр хүүхдийнхээ амьдрах нийгмийг сайн сайхан болгоход бид өөрсдөөс хамаарах ажлыг хийх ёстой. Аль нэг нам, хувь хүнд биш, нийт монголчуудад хэрэгтэй энэ ажлыг олон хүн дэмжээсэй гэж хүсч, уриалж байна. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн маань, хууль, эдийн засгийн салбарынхан, засаглал сайжирч, бизнес нь хөгжөөсэй гэж хүсч байгаа бүх хүмүүс өөрсдөөсөө хамаарах дуу хоолойгоо гаргаасай гэж бид хүсч байгаа. Энэ ажлыг богино хугацаанд хийж чадвал урт хугацааны өөрчлөлт авчирна гэж итгэж байна.

Та Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн уриалга гаргаж байна. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэж, санал хураалт явуулахад та танхимыг орхин гарсан. “М.Батчимэг шинэ гишүүн байж намынхаа эсрэг ажиллалаа” гэсэн шүүмж таныг тойроогүй. Нөгөө талаар танд итгэж байсан олон хүний урам хугарсан болов уу. Ямар тайлбар өгөх вэ?

– Миний одоо хийж, илэрхийлж байгаа байр суурь, чуулган дээр санал өгөөгүй хоёр хоорондоо зөрчил байхгүй гэж би бодож байна. Нөхцөл байдал өнөөдрийг хүртэл тасралтгүй муудаж ирлээ. Дорвитой өөрчлөлт гарахгүй бол байдал улам муудна. Эдийн засаг улам хүндэрнэ, намын дотоод зөрчил цаашид улам хурцадна гэж харж байсан. Улс орон хохироод зогсохгүй Ардчилсан нам ч 2016 онд маш хүнд байдалд орно гэж намын гишүүний хувьд харж байсан. Би гэнэтийн шийдвэр гаргаагүй. Бүлэг дээрээ энэ байр сууриа бүтэн сарын өмнө хэлсэн. Гэхдээ санал хураалтаар унасан нөхцөлд намд ямар хагарал гарахыг төсөөлж байсан. Иймээс би санал хураах сүүлийн мөчийг хүртэл чуулган дээр товч даруулахгүйгээр ойлголцоод асуудлаа шийдээч гэдгийг нам, бүлгийн удирдлагад хэлсэн. Ингээд үр дүнд хүрээгүй учраас би санал хураалтад оролцохгүйгээр шийдсэн. Ийм л зүйл болсон, байдлыг ийм түвшинд хүртэл бугшуулж хурцатгасанд Н.Алтанхуяг даргад би илүү бурууг өгч байгаа юм. Н.Алтанхуяг дарга нэгэнт байдал тэгтлээ хүндэрснийг мэдсээр байж өөрийг нь огцруулах санал хураалтаас өмнө өөрөө өргөдлөө өгчихсөн бол нам хагарахгүй, улс төр бага савлагаатай, Засаг их донслохгүй байж болох байлаа.

Стратеги судлаачийн тань хувьд сэдвээс хазайсан ганц асуулт байна. Монгол- Хятадын харилцааг та яаж харж байна вэ?

-Улс төрийн түвшинд хоёр талын харилцан ойлголцол сайн байгаа. Хятадын удирдлагын зүгээс манай улстай хамтран хөгжье, эдийн засгийн хөгжлийн боломжийг хөрш орондоо бүрдүүлж өгөхийн төлөө ажиллая гэдгээ илэрхийлж байна. БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын үеэр транзит тээврийн, далайн боомтын гэрээ хэлэлцээрийг байгуулсан нь далайд гарцгүй манай улсад урт хугацаанд хөгжлийн томоохон боломжийг нээж байна.

Харин бидний зүгээс хөрш орнуудаас олгож байгаа хөгжлийн боломжийг үр бүтээлчээр ашиглахын төлөө ажиллах ёстой. Үүний цаана бас эдийн засгийн аюулгүй байдал, бие даасан байдал гэж том асуудал байгааг бодох учиртай. Тусгаар улсын хувьд нэг орноос хэт хамааралтай болохгүй байх нь үндэсний эрх ашгийн асуудал. Үүнийг манай хөршүүд ч мэдээж ойлгож байгаа. Бий болгсон боломжийг Монголын төр ашиглаж чадах эсэх нь биднээс л хамаарна. Хөрш оронтойгоо аливаад авах гээхийн ухаанаар хандаж, тэнцвэртэй, хэт нэг талыг барихгүй найрсаг харилцаа хөгжүүлэх ухаалаг бөгөөд уян хатан бодлого явуулах нь чухал байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *