Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ангижавуудын хэрүүл арай л ил тод байна…

Ерөнхий сайд Н.Алтанхуяг твиттерт нийслэлийн За­саг дарга Э.Бат-Үүлтэй ава­хуулсан оюутан цагийн зургаа тавиад “Хотын хулигаантай нөхөрлөв” гэж жиргэжээ. Тэр “Оргил өөд” гэдэг номондоо энэ тухайгаа бичиж, улсын баатар Э.Бат-Үүлтэй найз гэдгээ гайхуулан пиардсан байдаг юм байна. Үүнийгээ цахим ертөнцөөр тарааж, өөрсдийгөө үй зайгүй нөхөд гэдгээ олон түмэнд санууллаа.

Гэтэл саяхнаас хотын мэр Э.Бат-Үүл Н.Алтанхуягийг ална шудна болоод явчихлаа. “Н.Энхбаяртай гэрээ хийж алдаа хийлээ, увайгүй зан гаргалаа” гэх зэргээр улс төрийн их хэрүүл дэгдээв. Н.Алтанхуяг нь ч “Миний найз Э.Бат-Үүл намайг ингэж түгжилдээд байхдаа яадаг юм” гэж гомдоллож байна. Э.Бат-Үүл даргын эгдүүг хамгийн ихээр хүргэж, голыг нь гогдоод байгаа зүйл ердөө Н.Энхбаятай гэрээ хийсэн явдал байв. Тэрээр “Чи ярьсан, тохирсноо яалаа” гээд Н.Алтанхуяг сайд руу дайраад байгаа. Тэгвэл тэд юу тохирчихсон хэрэг вэ. Олны яриагаар бол Э.Бат-Үүл дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч болох юм байх. Гэтэл Н.Алтанхуягийн Н.Энхбаяртай хийсэн гэрээ түүний хүсэл зорилгод тээг учруулж, тохироог нь хүчингүй болгочих магадлал өндөр гэнэ. Тиймээс л Э.Бат-Үүл дарга тэвчиж сууж чадахгүй тэсэрсэн бололтой.

Ер нь АН-ын энэ нөхдүүд 1990 оноос улс төрд зүтгэж эхэлсэн. Ардчилсан хувьсгалыг удирдсан гол хүмүүс. Харин өнөөдөр АН-ын толгойд сууж, төр засгийн өндөрлөгт ажиллацгааж байна. Тиймээс Монгол төрийг удирдах бүх албан тушаалыг хуваагаад авчихсан бололтой юм. Би ч Ерөнхийлөгч болно. УИХ-ын даргын суудал минийх. Засгийн газрыг нь би атгана гээд хэдэн биедээ хуваарилчихсан юм шиг байна. Энэ бодол санаа үйлдлүүд нь тэднийг маш их зантай, биеэ тоосныг нь харуулаад байна. АН-д тэднээс өөр хүн байдаггүй юм уу. Залуу үе байхгүй гэж үү. Тэд л намын болоод төрийн толгойд мөнхөд суух ёсгүй. Хэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болохыг та нар биш нам чинь шийддэг юм биш үү. Гэхдээ та нар “Намаа бид мэддэг л” гэх байх. Гэвч аль намд эрх мэдэл өгөхийг ард түмэн шийднэ. Хэнийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болгохоо сонгогчид мэднэ. Сонгуулийн санал тоолох хар машинаар бүхнийг шийдүүлчихдэггүй л юм бол ард түмэнд эрх мэдэл бий. Үүнийг хэрэлдээд байгаа хүмүүс ухаарах хэрэгтэй.

Тэгээд ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хотын дарга Э.Бат-Үүл хоёр дээр дороо орсон улс төрийн энэ хэрүүлээ уулзаад юм уу утсаар яриад хийчихэж болдоггүй юм уу. Нийгэмд ил гаргаж, хэвлэл мэдээллээр цацаад байхын хэрэг юу байна. Эсвэл нам дотроо асуудлаа шийдчихээч. Ангижавуудын хэрүүл арай л ил тод байгаа юм биш үү. Анзаарч байна уу АН-ынхаан. Ер нь АН гэж байна уу, байхгүй юу.

М.УНДРАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *