Categories
мэдээ нийгэм

Хүний халдашгүй эрхэнд халдах арга барилыг өөрчилнө

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барина

Монгол Улсад хүний халдашгүй эрхэнд халдах арга барил өөрчлөгдөөгүй, цагдан хорих байранд гүйцэтгэх ажил нэрээр хүний бие, эрх чөлөөнд халдаж дарамтлах эрүү шүүлтийн тодорхой хэлбэрүүд арилаагүй байгаа талаар анхааруулсан зөвлөмжүүд олон улсын байгууллагууд болон НҮБ-аас ирсээр байгаа юм.

Энэ байдлыг халахаар Засгийн газраас өмнө нь Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бол өчигдрийн /10.25/ хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 3 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэг зөрчлийг хянан шийдвэрлэх бүтэц, ажиллагаа дарааллаараа эрэмбэлэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий хүмүүсийн ажлын чиг үүрэг болон байгууллагын үйл ажиллагаанд зохион байгуулалтын өөрчлөлт оруулахаар шинэчилсэн төслүүдэд тусгасан байна.

Тухайлбал:

  • -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг нарийвчлан тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын чиг үүргийг өөрчлөн прокурор хэрэг үүсгэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллах асуудлыг бие даан шийдвэрлэх зохицуулалт тусгажээ. Мөн яллагдагч, хохирогч, гэрчийн эрхийг хамгаалах ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, цаазаар авах ялтай холбогдсон зохицуулалтыг халах өөрчлөлт оруулсан байна.
  • -Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөлд олон улсын хүний эрхийн стандартад суурилсан агуулгын томоохон өөрчлөлтүүдийг тусгаснаар энэ хуулийг хэрэглэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нарийвчилсан зохицуулалтад орж, иргэд, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдөх хүчин зүйл арилна.
  • -Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтийн үр дүнд шүүх таслах үйл ажиллагааг хэвийн, хараат бусаар явуулах, гэрч хохирогчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бодитойгоор хамгаалах боломж бүрдэнэ гэж салбар хариуцсан яамнаас дүгнэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *