Сүүлийн үед АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ олны амны бай болж байна. Гэтэл уг гэрээтэй холбоотой бас нэгэн нууц хэсэг ил болоод байгаа нь гэрээний хавсралт болох талаар мэдээлж эхлэв. Уг хавсралтад Ардчилсан нам, МАХН-ын 2014 оны аравдугаар сарын 18-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх хугацаанд дараахь зүйлүүдийг эхний ээлжинд баримтлан ажиллана гэжээ. Дөрвөн зүйл бүхий уг заалтад
-МАН-ыг задлах, түүний эсрэг бүх талаар хамтран ажиллаж үр дүнд хүрэх,
-Ерөнхий сайдыг огцруулахгүй байх талаар нэгдсэн байр суурьтай байж тууштай хамгаалах,
-МАХН-ын удирдлагуудыг гэмт хэрэгт холбогдуулан шалгахгүй, аливаа хэлбэрээр бүрэн хамгаалах,
-УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээс үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд эвсэл болж оролцох хэмээн тусгажээ. Ийм нууц заалт бүхий гэрээний хавсралтыг ноцтой мэдээлэл олдлоо гэх хүмүүс байгаа ч нөгөө талд эвлүүлэг хийж тарааж асуудлыг хурцатгах гэсэн оролдлого гэсэн мэдээлэл ч яригдаж байна.
Э.БОЛД