Categories
гадаад мэдээ

Япон улс эбола вирустай тэмцэхэд 62 сая ам.долларыг хандивлана гэв

Баруун Африкт дэгдсэн эбола вирусын халдвар хяналтаас гарч, халдварын тархалт хурдацтай өсөж байгаатай холбогдуулан олон улсын зүгээс анхаарал хандуулж эхэллээ. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр Японы Засгийн газар баасан гарагт болсон хуралдаанаар эбола вирусын тархалттай тэмцэхэд дахин 22 сая ам.долларыг хандивлах шийдвэр гаргажээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ есдүгээр сарын сүүлээр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ 40 сая ам.долларын тусламж илгээнэ гэж мэдэгдсэн билээ. Энэхүү тусламж шууд мөнгөн хэлбэрээс гадна ДЭМБ –ын бусад тусламжийн хүрээнд Баруун Африкийн улс орнуудад очно гэж байсан юм. Ийнхүү Японы Засгийн газрын зүгээс вирусын халдвар тархсан бүс нутгуудад нийт 62 сая ам.долларын буцалтгүй тусламж илгээхээр боллоо. Өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн тархаж эхэлсэн эбола вирусын халдвар эдүгээ Либери, Сьерра Леон, Нигер, Сенегал орнуудын 3300 орчим иргэний аминд хүрч, 7000 орчим хүн уг вирусаар халдварлаад байгаа юм. Харамсалтай нь одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм бэлдмэл, вакцин гараагүй байгаа бөгөөд ОХУ, АНУ, Их Британи, Канад, Япон зэрэг хэд хэдэн улсын эрдэмтэд вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *