Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэрэлтүүлгийн ажил хийж байсан машин гэр дайрч хүний аминд хүрчээ

Энэ сарын 9-ний орой 19:40 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн
XXV хороо, Одонтын 21-167 тоот хашааг “Фусо” маркийн 11-76 УБЗ улсын дугаартай ачааны
автомашин дайрч гэрт байсан 19 настай Н.Билэгмаа гэх эмэгтэй амиа алдсан юм. Осол
гарсан газар автобусны буудлаас нэлээд зайтай байх ажээ. Мөн уулын энгэр өөд өгсөх
аж. Сонгинохайрхан дүүргийн  XXV хорооны хоёр
гудамжинд гэрэлтүүлэг суулгаж эхэлсэн байна. Осол гарсан газрын ойролцоо сүүлийн
үед гэмт хэрэг гарах болсон гэнэ. Иймд гэмт хэрэг гарах бол­сон харанхуй гудамжинд
гэрэл­түүлэг хийх ажил эхэлсэн байна. Гудамжны автомашин зорчдог хэсгийн хоёр талд
гэрэлтүүлгийн шон суулгахаар нүх ухсан байжээ. 
Ингээд гэрэлтүүлгийн шонг ухсан нүхэнд суулгах ажил хийгдэж эхэлсэн байна.
Автомашиныг 40 настай Буян гэх залуу жолоодож байсан гэнэ. Гудамжны гэрэлтүүлгийн
ажил хийж байсан ажилчид уулын өгсүүр хэсэгт машинаа байрлуулаад данхраадаж байжээ.
Гэтэл машиныхаа гар карданыг татаагүй байсан учир данхраадсан машин газрын уруу
хурдтай өнхөрч эхэлсэн байна. Жолооны хүрдний ард сууж явсан Буян уулын уруу хурдтайгаар
өнхөрсөн машинаа зогсоох үйлдэл хийх гэж оролдсон боловч чадаагүй гэнэ. Ингээд  айлын хашаанд тулаад ирэх үед нь машинаасаа үсэрч
буусан аж. Уулын уруу газарт хурдтай явсан машин Одонтын 21-167 тоот хашааг мөргөж
дөрвөн ханатай гэрийг дайраад зогссон байна.

Харамсалтай нь машинд дайруулсан гэрт 19 настай Билэгмаа ээжийнхээ
хамт байжээ. Машин гэрийг тэр чигт нь хэмх дайрч индүүдсэн байна. Энэ талаар ослыг
харсан иргэдийн хэлж буйгаар “Машин хашаа дайраад ороод ирсэн. Хашаа дайрах чимээгээр
гэрээс гараад иртэл ачааны машин хурдтай явсаар 
хашаанд байсан гурван гэрийн баруун талын  дөрвөн ханатай гэрийг дайрсан. Машин гэрийг хэмх
дайрах үед гэрийн тооноор талийгаач шидэгдэх нь харагдсан. Машин гэр дайрч, эрч
нь сулраад хашаа мөргөөд зогссон. Удалгүй гудамжны гэрэлтүүлэг хийж байгаа гэх залуус
ороод ирсэн” хэмээн ярьж байв. Харин талийгаач эмэгтэйн ээж “Охинтойгоо гэртээ сууж
байсан. Яах ийхийн зуургүй гэрийг машин мөргөөд ороод ирсэн. Гэрийн зүүн талаас
машин мөргөсөн байна лээ. Тэр үед охин минь хөргөгчнийхөө урд гар утсаараа нөхөр
рүүгээ мессеж бичээд сууж байсан. Нэг мэдсэн гэрийн тооно, унинд дарагдчихсан хэвтэж
байсан. Тэгээд л охиноо бур­хан болсныг мэдсэн” гэжээ.

  “МИНИЙ НАЙЗ ИРЖ БАЙНА УУ”  ГЭЖ НӨХӨР РҮҮГЭЭ ХАМГИЙН СҮҮЛД  МЕССЕЖ БИЧЖЭЭ

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар бүрэн бус автомашинаар гэрэлтүүлгийн
ажил хийж байсан гэдэг нь тогтоогдсон байна. Мөн гэрэл­түүлгийн ажилчид машинаа
асаалттай нь данхраадаж  байсан гэнэ. Бүр
гар кардан татаагүй байжээ. Үүнээс болоод машин уулын уруу хурдаа аван өнхөрсөн
байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн мөрдөн шалгах тас­гийн­хан
үргэлжлүүлэн шалгаж байна. “Фусо” маркийн 11-76 УБЗ улсын дугаартай авто­машины
жолооч Буянд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Гэхдээ жолооч Буянг батлан даалтад
гарган гадуур байцаалт авч байгаа юм байна. Хэргийг мөрдөн байцаах ажиллагаа хийгдэж
байна лээ. 

Талийгаач эмэгтэйн ээжийн биеийн байдал тааруу байна лээ. Сонгинохайрхан
дүүргийн  эмнэлэгт хэвтүүлжээ. Гэвч охиноо
харамсалтайгаар алдсан болохоор “Хэвтэж чадахгүй байна” гээд эмнэлгээс гарчээ. Тэрбээр
толгой, хүзүү, нуруундаа хүнд гэмтэл авсан гэнэ. Харин харамсалтайгаар амиа алдсан
Билэгмаа амьдралаа дөнгөж эхлүүлж байсан юм байна. Нөхөртэйгөө айл гэр болохоор
зэхэж байжээ. Осол гарах үед талийгаач эмэгтэйн 
нөхөр эзгүй байсан гэнэ. Ажлаа тараад эхнэрийнхээ гэрт очихоор явж байхад
нь харамсалтай осол гарсан юм байна. Ослын талаар түүний нөхөр “Бид хуримаа хийж
тусдаа гарахаар болсон юм. Тэгээд осол гарахаас хоёр хоногийн өмнө аав, ээжээс нь
албан ёсоор бэр гуйсан юм. Хоёр талынхан ч бидний хуримлах өдрийг товлож, худ ураг
барилдсан юм. Гэвч эхнэр минь амиа алдчихлаа” гэсэн байна. Тэрээр хамгийн сүүлд
нөхөртөө “Миний найз ирж байна уу. Чамайг хүлээгээд л сууж байна” гэж бичжээ.

ДҮҮГ МИНЬ ХӨНӨӨСӨН ЖОЛООЧ ХОРИГДООГҮ

Ослын талаар талийгаач эмэгтэйн эгчтэй ярилцлаа.

-Осол
гаргасан  компа­нийн ажилчид та бүхэнтэй уулзсан
уу?

-Үнэхээр харам­салтай байна. Хоёр хоногийн өмнө айлын бэр боллоо
гээд баярлаж суусан дүүгээ алдчихлаа. Бид дүүг минь дайрсан жолооч, компанийнханд
гомдолтой байна. Хууль хяналтынхан хэргийг үнэн зөв шийдэж өгөх байх гэж итгэж байна.
Дүүг минь хөнөөсөн жолооч одоо хүртэл хоригдоогүй гадуур байцаагдаж байна. Бидэнтэй
гэрэлтүүлэг хариуцсан компа­нийн ажилчид ирж уулзсан. Гэхдээ ямар нэртэй компани
гэдгээ одоо болтол хэлэхгүй байна.

-Яагаад
хэлэхгүй байгаа юм бэ. Хэргийг шалгаж бай­гаа цагдаа нар ямар нэртэй компани болохыг
хэлээгүй юм уу?

-Цагдаа нар хэргийг шалгаж байгаа. Удахгүй дуудна гэж хэлж байна
лээ. Бид цагдаа дуудахыг хүлээгээд л сууж байна. Талийгаач дүүгийн буяны ажлыг маргааш  (өнөөдөр) дуусга гэсэн. Бид буяны ажлыг нь хийхээр
завгүй байна. Бидэнтэй ирж уулзсан гудамжны гэрэлтүүлэг хийж байсан компанийн ажилчид
“Та нар манай компанийн талаар сөрөг мэдээлэл битгий гаргаарай. Бид та бүхний хохирлыг
барагдуулна. Хэрэв олон нийтэд манай компанийн нэр тодорхой болчих юм бол удахгүй
орж ирэх санхүүжилт байхгүй болчихно. Та нарт мөнгө төгрөгийн туслалцаа өгч чадахгүй
болно гэсэн үг” гэж байна лээ гэв.

Э.ХҮРЭЛБААТАР 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *