Монгол-Солонгосын эдийн засгийн форум үргэлжилж байна. Өнөөдөр болон маргааш үргэлжлэх уг чуулганыг “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” ТББ-аас зохион байгуулж байна. Форумаар хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах санал санаачилга гаргах, технологи нэвтрүүлэх, боловсон хүчнээ сургах, БНСУ-д ажиллаж байсан хүнээ сургах чадавхижуулах, үнэмлэхжүүлэх зорилготой аж.
Форумыг нээж УИХ-ын гишүүн, “Монгол- Солонгосын эдийн засгийн форум” ТББ-ыг үүсгэн байгуулагч Г.Батхүү хэлсэн үгэндээ “2015 онд Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болох гэж байна. Бид Монгол Солонгосын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны бодлого боловсруулж, тодорхойлох, бизнес эрхлэгчдийг туршлага солилцуулах, холбох, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор энэхүү форумыг үүсгэн байгуулж, 2014 онд УИХ-ын даргын болон Монгол Улсын Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр томоохон арга хэмжээ зохион байгуулж, БНСУ-д зорчих визний нөхцлийг хөнгөрүүлэх асуудлаар арга хэмжээ авсны үндсэн дээр виз олголтонд гарч байсан хүндрэл ариллаа. Мөн хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахуйц гэрээ хэлцлүүдийг байгуулсан ба Монгол дахь анхны уулзалтаа өнөөдөр энэ танхимд Монгол Улс БНСУ –ын улс төрчид эрдэмтэн судлаачид, бизнесийн тэргүүлэх зэргийн байгууллагуудын төлөөллийн идэвхитэй оролцоо дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байна” гэв.
Форумд улстөрчид, судлаачид, бизнес эрхлэгчидийн төлөөлөл 120 гаруй төлөөлөгч оролцож байна. Цаашид хамтарсан форумыг жилд хоёр удаа Монгол Солонгост тус тус зохиохоор болжээ.