Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойг өнөөдөр хүлээн авч уулзахдаа “Энэ сард Халх голын тулалдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойг манай улс тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэ түүхэн ойн баярт Оросын тал ач холбогдол өгч, өндөр дээд түвшинд оролцох гэж буйд талархаж байна” гэж хэллээ.
Энэ оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийх айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа гэлээ.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской ажлын айлчлалынхаа үеэр Засгийн газар хоорондын комиссын өмнөх хуралдааны шийдвэрүүдийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх чиглэлийн талаар ярилцаж, санал мэдээлэл харилцан солилцсон талаар Ерөнхий сайдад мэдээллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.