Categories
мэдээ эдийн-засаг

Агаарын тээврийн даатгагчид их хэмжээний мөнгө төлнө

Агаарын тээврийн даатгагчид 2001 оны 9 сарын 11-ээс хойш хамгийн том нөхөн олговорыг энэ жил төлнө. Өөрөөр хэлбэл, агаарын тээврийн бизнесийн эрсдлийг даатгадаг, давхар даатгалын компаниуд энэ жил 2 тэрбум ам долларын биет алдагдалын даатгалын нөхөн төлбөр олгохоор байгаа нь 2001 оны 9 сарын 11-ны сүйрлээс хойш тохиолдож буй хамгийн том нөхөн олговор, алдагдал хүлээж буй үйл явдал болж байна. Жилд дунджаар шувуутай мөргөлдөх зэрэг ослоос үүсдэг биет хохирлын хэмжээ 600 сая ам доллар байдагтай харьцуулбал 2 тэрбум ам доллар нь бараг 4 дахин их дүн болж байна.

Агаарын тээврийн компаниудын хувьд үндсэн 2 төрлийн томоохон даатгал байдаг байна. Үүний эхнийх нь дайны даатгал, өөрөөр хэлбэл бүс нутаг дахь хямрал, дайны нөхцөл байдлаас хамаарч агаарын хөлөгт дайсагнасан үйл ажиллагаанаас биет хохирол үүссэн нөхцөлд хамгаалдаг. Нөгөөдөх нь all risk policy буюу хуулийн зардал, аялан явсан зорчигч нарт олгох нөхөн олговор, дайсагнасан бус үйл ажиллагаанаас агаарын хөлөгт үүссэн биет хохиролыг нөхөн олгож, эрсдлийг хаадаг даатгал. 

2014 онд дээрх 2 төрлийн даатгалын хураамж хэд дахин өсөхөөр шинжтэй байгаа нь сүүлийн 10-н жилд тохиолдоогүй агаарын тээврийн осол, эрсдэл гарч буйтай холбоотой байна. Ливийн Триполийн нисэх буудалд газардсан байсан 12 онгоц буудагдаж гэмтсэн, Малайзын нэг онгоц сураггүй болж, сүүлийн MH17 нь Украйнд буудуулж унасан. Нэмээд Алжирын болон Тайваны онгоц осолдсон зэрэг нь гал дээр тос нэмсэн үйл явдал болжээ.

Дээрх үйл явдлуудтай холбоотойгоор зарим давхар даатгалын компаниуд дайны болон хямралын шинж чанартай зэвсэгт мөргөлдөөн гарч буй бус нутгууд улсууд дээр дайран гарч буй нислэгүүдэд даатгал хийхгүй бодлого хэрэгжүүлж байна.

Зөвхөн Английн Lloyd’s давхар даатгагчын хувьд 2014 онд дээрх төрлийн даатгалуудаас 60 сая ам долларын шимтгэлийн орлого олсон бол эргээд үүнээс хэд дахин их нөхөн төлбөр олгож, алдагдалтай ажиллахаа зарлажээ.

Биет хохирлын нөхөн төлбөрийн асуудал хурдан тодорхой байдаг бол хариуцлагын даатгал буюу зорчигч нарт олгох нөхөн төлбөрийн маргаан шийдэл хэдэн жилээр дамжин удааширдаг байна.  Нөхөн олговорын хэмжээ нь хохирогч маань аль улсын иргэн байсан, мөн хир хэмжээний орлого амьд ахуйдаа олж байсан нь гол хүчин зүйл болдог байна.

Шинжээчдийн дүгнэж буйгаар энэ жилийн осол авааруудад хохирогч нар дунд Америкийн иргэн цөөн байгаа нь давхар даатгач нарын олгох хариуцлагын нөхөн төлбөрийг багасгана хэмээн үзжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *