Categories
мэдээ нийгэм

Албадан хөдөлмөр хийлгээд байвал хэн хүүгээ цэрэгт мордуулах юм бэ?

Баяр наадмын өдрүүдэд Зэвсэгт хүчинд алба хааж байсан хоёр ч цэрэг  тодорхойгүй шалтгаанаар хүнд бэртэл авлаа. Налайхад байрлах  Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн цэрэг хоёр давхраас унаж бэртсэн. Хамт байсан нөхөд нь түүнийг өөрөө цонхоор унаж бэртсэн  гэж мэдүүлж байгаа боловч эмч нар түүний бэртэл өөрөө унасан  гэмтэл биш гэдгийг хэлж буй. Мөн Хан-Уул дүүргийн Сонгинод байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн нэг цэрэг бас л учир битүүлгээр болж өндрөөс унан бэртэл авчээ. Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчин жанжин штабынхан урьдын адил ийм мэдээллийг нууцалж, дарга даамлууд нь  наадам хэсээд алга болсон гэнэ. ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар бэртсэн хоёр цэрэг, Эгийн голд живж нас барсан ахлагч нарын асуудлыг шийдэх байсан ч зөвлөлийн гишүүд бүгд наадам хэсэж яваа гэдгээ дуулгажээ. Түүнээс нь болоод зөвлөлийн хурал цаг үеийн бусад асуудлаа ч шийдэж чадалгүй тасалдсанд зарим албан тушаалтан бухимдангуй байгаатай ч таарав.  Цэрэг бэртэнэ, амиа алдана гэдэг асуудал  Зэсвэгт хүчинд дандаа л гарч байдаг золгүй явдал мэт болоод өнгөрөх шинжтэй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Зэсвэгт хүчний 014 дүгээр ангид нэг цэрэг учир битүүлгээр шөнө унтаж байхдаа  нас барсан байдаг. Өнгөрсөн хавар, гуравдугаар сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид нэг цэрэг барилга дээр ажиллаж байгаад унаж хөлөө бэртээсэн. Тавдугаар сард нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт барилга дээр ажилладаг Хойд Солонгосын ажилчид мөн тэнд ажиллаж байсан 016 дугаар ангийн цэргүүдийг зодож бэртээсэн гээд олон жишээг энд дурдаж болно.  Ер нь батлан хамгаалах салбарт, зэвсэгт хүчинд цэргүүд санаатай санамсаргүй байдлаар нас барах, бэртэж гэмтэх явдал тасрахгүй нь. Энэ юунаас болоод байна вэ. Хамгийн гол нь энэ бүхний цаана  бэртэл гэмтэл авч амиа алдаж буй цэргүүдийг хариуцсан дарга нар нь ямар хариуцлага хүлээв. Хэн ч хариуцлага хүлээдэггүй учраас цаашид  ийм байдал гарсаар байх уу гэдэг асуулт хариулт нэхсээр буй юм.

Жил жилийн хавар, намар эгэл жирийн олон мянган айлын голдуу нийгмийн ядуу дунд давхаргынхны цэргийн алба хаах  насанд хүрсэн  идэр залуу үр хүүхдийг нь төр засаг эх орноо хамгаалах үүрэгтэй хэмээн дууддаг. Тиймдээ ч 18 нас хүрсэн эр хүн бүхэнд цэргийн зарлан илгээдэг. Цэргийн эрдмийг тайван цагт зааж сурган, хэрэгтэй цагтаа дуудах гэж тэр. Дуудахад шууд буугаа аваад байлдахад бэлэн байх учиртай. Жирийн иргэд бид ч тэг гэж төрд татвараа төлж, тэднийг хариуцан сургаж бэлтгэх дарга нарыг нь нийгмийн бусад салбарынхнаас илүү цалинжуулж бас нэмэгдэл хөнгөлөлт олгодог. Харамсалтай нь тэд цэрэгт явсан хөвгүүдийг маань  Зэвсэгт хүчний тухай хуулийн “Цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэсэн заалтаар гул барьж ажлын мал болгон хамаа замбараагүй ажилд дайчилж буйгаас цэргүүд сурах эрдмээ сурч чадахгүй байна. Зарим нэг нь энх цагийн “дайчилгаанд” явсан атлаа эрэмдэг болон гэртээ ирцгээж байгааг олон жишээ баримтаар  хэлж болох юм. Ангийн даргын танил хэн нэгний хувийн компанийн барилгын туслах ажил, тариа ногоо тарих, хураах гээд элдвийн ажилд зарагдаж байна.

Дэлхийн аль ч армид цэргүүд алба хааж байгаа ангийнхаа хашаан дотор тохижилт засвар үйлчилгээний ажил хийх нь байдаг л зүйл. Харин хашаанаас нь гадагшаа хаа хамаагүй ажилд зардаг газар манайхаас өөр байдаггүй л байх. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадны орны цэргүүд  байлдах эрдэм сурч, бас байгалийн болон бусад гамшиг, ослын дараах хор уршгийг нь арилгахад оролцож байгаа тухай мэдээлэгддэг. Манайхан шиг цэрэг нь нүүрс ухах, шуудайлах, тариа ногоо хураах, барилга газар шорооны ажилд хямд хүч болон нухлагдаж байгаа нь гардаггүй. Батлан хамгаалахын дарга нарын яриад байгаа бүтээн байгуулалтад оролцуулж байгаа гэдэг нь угтаа бол албадан хөдөлмөр гэдгийг эцэг эхчүүд хэлдэг. Өнгөрсөн оны сүүлээр Хүний эрхийн үндэсний комиссоос хүч­ний байгууллагуудын удирд­лагуудтай зохион байгуулсан хурал дээр цэргүүдийг албадан хөдөлмөр хийлгэж буй талаар тэмдэглэж “Зэвсэгт хүчний  тухай хуулийн “Цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэсэн заалт нь энэхүү бусармаг мөлжлөг гарах үндэс болж байна хэмээн өөрчлөлт оруулж хасах саналтай байгаагаа мэдэгдсэн удаатай. Гэвч энэ хуулийн заалтыг өөрчлөх сонирхол эрх бүхий хүмүүст одоохондоо байхгүй байгаа бололтой. Урьдын адил цэргүүд бүтээн байгуулалт гэх нэрийн дор хар бор ажил хийсээр л байна.

Өнөө үед хувийн хэвшлийнхэн өөрийн дурандаа хийж ашиг олж байгаа ажилдаа цэрэг ажиллуулах нь байж болшгүй зүйл. Тэгээд ч татвар төлөгчид эх орноо хамгаалах, тэр үүргээ гүйцэтгэх мэдлэг дадлага, чадвар олж ав гэж, хүүхдээ цэргийн эрдэмд шамд л гэж мөнгө төлдөг. Тийм ч учраас хөвгүүдээ эх орноо хамгаалах нь иргэн бүрийн үүрэг гэж уриалж, цэрэгт  татагдахад нь “Юм сураад ир” хэмээн үдэж өгдөг.

Хавар зун намрын урин дулааны улиралд барилга газар тариалангийн ажилд хувийн хэвшлийнхэн болж өгвөл цэрэг авч ажиллуулах сонирхолтой. Учир нь энгийн хүн авч ажиллуулвал ажил олгогчийн хувиар нийгмийн даатгалыг нь төлөх, унаа хоолны мөнгө нэмж олгох, намрын ургац хураалтын үед бол байр сууц, хоногийн гурван хоолоор хангах, бас хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бууруулахгүйгээр цалин хөлсийг нь бодох гээд их зардал гарна. Харин цэрэг бол ангиасаа байр болох майхнаа бариад суучихна. Хоолоо мөн тэндээс нормт хангалтаар авчихна. Цалин хөлсийг нь даргатай нь тохиролцоод болчихно. Мэдээж бага хөлс өгөх нь ойлгомжтой.

Хугацаат албаны цэргүүдийг дээр дурдсан аливаа ажилд явуулахдаа ЗХЖШ-ын даргын шийдвэрээр ажиллуулж ажлын хөлсийг нь ажилласан цэрэгт ч биш, хариуцаж яваа ангид нь ч биш ЗХЖШ-ын дансанд хийдэг гэсэн яриа бий. Тэрний 50 хувийг  ангид нь өгдөг гэдэг ч буцааж олгодог эсэх нь эргэлзээтэй. Зарцуулалт нь ил тод бус байдаг гэж ярьдаг. Ямар нэгэн асуудал гарвал түүнийгээ цэргийн нууц хэмээн  халхавчлаад өнгөрдөг.

Гадаа байлдааны дасгал сургуулилт хийхэд таарсан дулаан улиралд  хэдэн цэргүүдээ байлдах эрдэмд бус барлаг зарцийн хөлсгүй ажилд зараад байх юм бол ямар юмных нь цэргийн алба, бэлэн байдал, тэсвэр хатуужил байхав дээ. Нэгэнт хууль зөрчиж зөв­­шөөрөлгүйгээр цэрэг ажиллуулсан дээрх ангиудын захирагч нарт ЗХЖШ-аас хариуцлага тооцсон бо­ловч хурандаа буюу бага цолтойгоороо 336 дугаар ан­гийн захирагч албан тушаалаасаа буусан байдаг. 

Харин 016 дугаар ан­гийн захирагч болох бригадын генерал хувийн зорилгоор бүтэн дөрвөн сар мэдэгдэлгүйгээр цэргүүдээ ажиллуулж байсан нь илэрсэн. Тэр хэдэн цэргийг ажиллуулсны хөлс хаашаа орсон нь тодорхой бус бөгөөд ил гаргахыг ЗХЖШ-ынхан ч, тэр дарга ч хүсэхгүй байгаа гэнэ. 

Илэрч байгаа нь энэ болохоос зэвсэгт хүчний ангиудад ийм хариуцлагагүй явдал их гардаг аж. Тэр бүрийг гарсан ангийн захирагч нь ч тэр, ЗХЖШ-ын дарга нар ч тэр болж л өгвөл нуун дарагдуулж өнгөрөөж арьсаа хамгаалахыг боддог. Зуны улиралд нийслэл дэх цэрэгтэй ангиудад бол ил далд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүйгээр заавал арав хориор нь гэхгүй тав зургаа гурав дөрвөөр нь ийш тийш өдрөөр болон олон хоногоор  цэргүүдийг элдэв янзын ажилд явуулах нь хэвийн үзэгдэл болсон тухай тус салбарын учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм.

Татвар төлөгч эгэл жирийн ард иргэд бид  үр хүүхдээ цэргийн дарга нарын танил хэн нэгэн компаний барилгын болон тариа ногоо хураах ажилд ажлын мал болгуулан үнэ хөлсгүй ажиллуулах гэж цэргийн албанд мордуулдаггүй юм. Хөвгүүдэд заах ёстой цэргийн эрдэм номоо зааж сурган эр хүн шиг эр хүн болгож хатуужуул гэж л цалинжуулж байгаа. Албадан хөдөлмөр хийлгээд байх юм бол хэн хүүгээ цэрэгт явуулах юм бэ.

 Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *