Өнгөрсөн жилийн сүүлээр гаалийн байцаагч сонгон шалгаруулж авсан байдаг. Тус шалгаруулалтад 500 гаруй байцаагч орсон гэж байгаа. Төсвийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг энэ байгууллага яагаад ийн нэг дор олон байцаагч авч байгаа нь асуудал дагуулж, санал гомдол нь одоо ч тасрахгүй байгаа аж. Шалгаруулалт хэр үнэн зөв явагдсан бэ гэдэг асуудалд холбогдох албаныхан шалгалт оруулсан байна. Шалгалт нэртэй ч энэ нь цаасан дээр баримт үлдээх гэсэн төдий зүйл болж, шалгаруулалтад дийлэнх нь оролгүй авлига өгсөн байж болзошгүй байгаа гэнэ.Тухайлбал, шалгаруулалтад дарга нарын гуйлт, МАХН-ын гишүүдийн ах дүүс байгааг хэлж буй юм. Гаалийн байцаагч шалгаруулна гэсэн зарын дагуу олон ч хүн гаальд орохоор зүтгэсэн байна. Үүнийг дагаад авлигын ханш арван саяар нэмэгдсэн бололтой. Нэг удаадаа л гэхэд О.Ганбат дарга 40 гаруй гаалийн байцаагчийг нэг өдөр тангараг өргүүлж, Замын-Үүдийн гаальд ажиллуулахаар илгээжээ. Энэ нь гаалийн салбарт урьд өмнө нь гарч байгаагүй гаалийн байцаагч нарын “бөөндөлт” болж, “дөчдөх” гэсэн нэр томъёог гаргаад байгаа аж. Мэдээж энэ дунд өөрийн хүч чадлаараа орсон нэгэн байх хэдий ч дийлэнх нь гуйлгын хүн байсан бололтой юм.
Н.Энхцогт гэж хэн бэ?
Сонгон шалгаруулалт нэрээр явсан гаалийн байцаагч нарыг төрүүлсэн гол хүмүүс нь ГЕГ-ын дарга О.Ганбат, дэд дарга Н.Энхцогт, Төрийн захиргаа, хүний нөөцийн газрын дарга О.Даваасүрэн нар хэмээн буруутгах ч хүмүүс байгаа юм. Бүр тодорхой хэлбэл МАХН-ын Удирдах зөвлөлийн хурлаар зарим гишүүд нь хэн гэдэг хүнийг гаалийн байцаагч болгох саналтай байгаагаа ГЕГ-ын даргад хэлж, тэр нь ёсоор болгосон. Түүнийг нь баримт болгон авсан хүн ч байгаа гэнэ. Тэр бичлэгт дээрх албан тушаалтнуудыг бусдаар дайлуулж цайлуулж, ямар шан харамж авах, хэдэн төгрөгийн хахууль ярьсан нь байсан гэх.
ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогт нь геологич, инженер мэргэжилтэй. Түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын хүн гэж ярих нь бий. Ингэж ярьж буй шалтгаан нь Н.Энхцогт Ерөнхий сайдтай хамт арван жилийн сургуульд сурч байжээ. 2005 онд гаальд орж, Улаанбаатар хотын гаалийн газрын орлогч дарга хийж байгаад ГЕГ-ын хяналт шалгалт хариуцсан дэд даргаар дэвшин ажиллаж буй гэнэ.
Сэлгэн ажиллуулсан гэх гаалийн байцаагчдын тоо
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэлгэн ажиллуулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор өнгөрсөн онд 384 гаалийн улсын байцаагч, 2014 оны нэгдүгээр улиралд 314 гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулсан байна. Энэ нь төрийн тусгай албан тушаалд ажиллаж буй нийт 1128 гаалийн улсын байцаагчийн 74 хувь гэж үзэж болж байна. Харин энэ сэлгэн ажиллуулах нэрийн дор ГЕГ-ын дарга нарын танил тал ойр дотнынхон нь аль боломжтой газар нь очиж амжсан гэх яриа ч бий. Албан хаагч нэмж аваад тэрбээр зөвхөн сэлгээ маягаар ажиллуулах нэрээр мөнгө босгосон гэх баримт хөвөрнө. Энд жишээ татвал бас л зарим гаалийн ажилтны нэр усыг дурдах болно.
Сэлгээнд хамрагдахгүйн тулд 50 сая төгрөг өгөх хэрэгтэй гэнэ
Иймд нэр усыг нь зарлалгүйгээр нэгэн айлд тохиолдсон явдлыг дэлгэе. Нэг гэр бүлийн хоёр гаалийн байцаагч. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй аж. Гэтэл О.Ганбатын зохион байгуулаад буй сэлгээнд эхнэр нөхөр хоёулаа орж, хөдөө орон нутагт томилогдохоор болсон байна. “Хүүхдүүдээ яах вэ” хэмээн удирдлагадаа хэлж Улаанбаатарт үлдээгээч хэмээжээ. Ингээд үлдэхдээ нэг нь л гэхэд авлигад 50 саяыг өгөх болсон гэнэ. Үндсэндээ сэлгээ гэх нэрээр ч ГЕГ-ын удирдлагууд мөнгө босгож чадаж буй бололтой. Хэдийгээр гаалийн байцаагч нарын 74 хувийг сэлгэн ажиллуулсан гэж байгаа боловч нөгөө талдаа тэр хэмжээний хөрөнгө сэлгээнээс босгосон байх магадлал өндөр байгаа юм.
Авлигын мөнгө МАХН-ын дансанд ордог уу?
Гаалийн байцаагч болоход 30 сая, сэлгээнд хамрагдахгүй үлдэхийн тулд буюу хүссэн газраа томилогдохын тулд 50 сая гэх мэтээр өгсөн авлигын мөнгөний тодорхой хувь нь МАХН-д ордог гэх мэдээллийг гаальчид өгч буй юм. Нэгэн цагт МАН-ыг МАХН нэртэй байхад нэгэн намыг санхүүжүүлж, явсан түүх ГЕГ-т бий. Тэгвэл энэ удаа ч ГЕГ МАХН-ыг санхүүжүүлж буй бололтой. ГЕГ-ын удирдлагуудын дээрх аргаар мөнгө босгож буй нь хэрэв үнэн бол аудитын шалгалт оруулах тухай ч яригдаж буй юм. Шинэчлэл нэрийн дор ийм л явдал ГЕГ-т өрнөж буй бололтой.
Халагдсан хүмүүс буруугүй болохыг шүүхийн тогтоолуудаас харж болно
Газар хороодынхоо дарга нарын хууль бус үйлдлийг нь дэлгэсэн, ёс зүйн талаар нь шүүмжлэл өрнүүлсэн 20 гаруй хүнийг ГЕГ-ын дарга ажлаас нь халжээ. Учир нь түүний намчирхан албан тушаалд томилсон хүмүүс нь ирээд хууль зөрчиж, хөрөнгөжих гэдэг гэнэ. Тэдний энэ хууль бус явдлуудыг дэлгэсэн байцаагч нарыг О.Ганбат цээжээрээ хамгаалж, өөдөөс нь цорволзлоо хэмээн ажлаас нь халж байсан аж. Түүнийг хувийн компанидаа ажиллаж буй мэт зоргоороо төрийн албан хаагчдыг халдаг гэх яриа бий. Ажлаасаа хууль бусаар халагдсан гэх зарим байцаагчид эхнээсээ шүүхийн байгууллагад ханджээ. Тэдний дийлэнх нь шүүхээр заргалдаж, шүүхийн анхан шатанд ялалт байгуулаад байгаа аж.
Г.ЯЛГУУН