БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе Засгийн газрынхаа долоон сайдыг халж, сэлгээ хийсэн байна. Тэрээр төрийн эрхэнд гараад жил гаруй болж байгаа ч анх удаа ийнхүү бүтцийн шинэчлэл явуулжээ. “Ренхап” агентлагийн мэдээлснээр энэ нь “Севоль” хөлөг онгоц осолдсонтой холбоотой гэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард онгоцны ослоор 300 орчим зорчигч амиа алдсан. Пак Гын Хе улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёлын зэрэг салбарын сайдуудаа сольжээ. Харин ажиглагчдын үзэж буйгаар Өмнөд Солонгосын төрийн тэргүүн ард иргэдээ Засгийн газарт итгэх итгэлийг нь сэргээх гэсэн оролдлого юм гэв.
Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгос сүйрсэн “Севоль” хөлөг онгоцны эзэн Ю Бен Уныг эрэн сурвалжилж байна. Зургадугаар сарын 10-нд хөлөг онгоцны багийн 15 гишүүнийг шүүх хурал болсон билээ. Багийн гишүүдийг ажил үүрэгтээ хайнга хандсан нь осол гаргасан. Мөн тэнгисийн эрх зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд “Севоль” хөлөг онгоц Солонгосын хойгийн эргээс холгүй газарт живсэн. Албан ёсоор 291 хүн нас барсан бол 13 хүн сураггүй байгаа юм. Хөлөг осолдсонтой холбогдуулан 20 орчим хүнийг саатуулсан. Тэдний дунд онгоцны багийн гишүүд байгаа аж. Хөлгийн ахмад болон гурван туслахад нь санаатай бус үйлдлээр аллага үйлдсэн хэмээн буруутгаж, бүх насаар нь хорих ял ногдуулсан. Харин үлдсэн гэмт этгээдүүдийг ажил үүрэгтээ хайнга хандсан гэж үзжээ. Эмгэнэлт явдал гарсны дараа Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Хон Вон албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн. Учир нь ард иргэдийн зүгээс түүнийг ослын талаар дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэв. Харин энэ сарын 10-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнээрээ сэтгүүлч асан Мун Чан Гыкийг нэр дэвшүүлэхээр парламентад өргөн барьжээ.