УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ашигт малтмалын хуульд тусгасан ашигт малтмалын лиценз олгох эсэх асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэхийг хүсч Ерөнхийлөгчид захидал бичсэн байна. Тэрээр Ашигт малтмалын тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг “Иргэний танхим”-аар хэлэлцүүлж, иргэд, эрдэмтэн судлаачдын дуу хоолой, үзэл бодлыг сонсохыг хүсчээ.Засгийн газраас өнөөдөр эргүүлэн татсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр зогсоосон ашигт малтмалын лицензийг дахин олгохоор тусгасан байсан юм. Тэрээр захидалдаа “Лиценз олгоход иргэд, олон нийт, орон нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын оролцоо хяналтыг бий болгох талаар огт дурьдаагүй нь Ерөнхийлөгчийн санаачилж байсан хуулийн төслийн утга санаатай эрс зөрчилдөж байна. Эрх баригчид “урт нэр”-тэй хуулиар хязгаарлагдсан ордуудыг стратегийн ордод авч ашиглах, дархан цаазат газар нутаг, хилийн зурвас газарт ашигт малтмал олборлохыг зөвшөөрөхөөр зэхэж байгаа тул энэ асуудалд анхаарлаа хандуулна уу” гэж дурджээ.